Кикбоксчин Ц.Амарбаясгаланг шүүхээс эрэн сурвалжилж байсан үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-ны өдөр зогсоолоо.
Түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс даалгасны дагуу аравдугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж эхэлжээ. Учир нь түүнийг 2014 онд байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох шаардлага үүссэн байна.
Улмаар цагдаагийн алба хаагчид түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоосон байна.
Энэхүү мэдээллийн мөрөөр Ц.Амарбаясгалан “Манай охин компани болох “Шинобү финанс” компани 2014 онд “Алтанбулаг” чөлөөт бүсэд газар ашиглах гэрээ байгуулсан. Газрын төлбөрийн маргаанаас болсон шүүхийн бичиг нь олон жилийн өмнө хийсэн гэрээн дэх хуучин хаяг өөрчлөгдсөнөөс болоод надтай холбогдож чадаагүйгээс эрэн сурвалжилжлагдсан юм байна. Би өөрөө ч мэдэлгүй, олон хоногийн дараа цагдаагийн газарт очиж мэдээлэл өгсөн болно. Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, оргон зайлаагүй болно” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )