Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д татварын 48 үйлчилгээг нэгтгэснээр иргэд төрийн үйлчилгээний нэг цонхоор татварын үйлчилгээг авах боломж бүрдлээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал болон “Чатбот” ХХК-ийн Төслийн удирдлага, судалгаа, хөгжүүлэлтийн албаны захирал З.Оюунжаргал нар “E-Mongolia”-ийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
“E-Mongolia” нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд 179,253 иргэн хандаж, 148,267 иргэн үйлчилгээ авсан байна. Тус үйлчилгээний цахим системийн хүрээнд төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай болж, мэдээллийг цаасаар бус цахимаар авах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна тодорхойлолт авдаг үйлчилгээнүүд ч цахимд шилжжээ. Татварын системүүдээр нэг минутад 340 орчим, нэг цагт 21 мянга орчим иргэд үйлчилгээ авдаг. Эхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан байдлаар 1,589,643-т хүрчээ. Өнгөрсөн жил 422 мянган татвар төлөгчдөд цахимаар үйлчилгээ үзүүлсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 616 мянган иргэнд цахим үйлчилгээ үзүүлсэн байна. Татварын үйлчилгээ цахим болсноор татвар төлөгчдөд хэр хэмжээний хөнгөлөлт үзүүлээд буйг тооцжээ. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал “Татвар төлөгчөөр бүртгүүлэх гэж Татварын албан дээр ирдэг зардалаас 116 сая төгрөгийн хэмнэлт гарч байна. Мөн тайлан цаасаар тушаадаг байхад 18,5 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан. Энэ зардлыг тэг болголоо. Банканд татвараа төлөхөд хоёр тэрбум төгрөгийн зардал гардаг байсан. Энэ мэтчилэн эдийн засгийн болон цаг хугацааны хувьд хэмнэлттэй болж байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байна” гэлээ.
Түүнчлэн авто тээврийн татвар төлөгчийн гэрчилгээг жил бүр хэвлүүлэхэд 100 орчим сая төгрөг зарцуулдаг байсан. Энэ үйлчилгээ байхгүй болжээ. Татвар төлөгчийн цэнхэр дэвтрийг хэвлэхэд жилд 150 сая төгрөг зарцуулдаг байсан бол цахимд шилжсэнээр энэ дэвтэр хэрэгцээгүй боллоо. Татвар төлөгч Татварын албанд биеэр ирж баталгаажуулалт хийх шаардлагагүй болсон нь 300 орчим сая төгрөгийг хэмнэхийн зэрэгцээ замын түгжрэлийг бууруулахад ч тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Татварын ерөнхий газрын дарга З.Заяабал үүнийг нэгтгэн дүгнэвэл 21 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж байгааг онцоллоо.
ЦАХИМД ШИЛЖСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )