Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан билээ.
Хөл хорио тогтоосон Онцгой байдлын шийдвэртэй уялдуулан гаргаж буй уг захирамжийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг ажилласанд тооцож олгохыг үүрэг болгосон байна. Мөн бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хараа хяналтгүй үлдээхгүй байх, олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгажээ.
ЗАХИРАМЖИЙН ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТҮР ЗОГСООЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД
- Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан
- Аялал, зугаалга
- Бүх төрлийн сургалтын төвүүд
- Бүх төрлийн баар, цэнгээний газар
- Сүм хийд, мөргөлийн газрууд
- Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
- Спортын арга хэмжээ /цанын бааз, спорт заал, билльяард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб/
- Амралтын газар, жуулчны бааз
- Дэн буудлууд
- Ерөнхий боловсролын сургууль
- Их, дээд сургууль
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
- Бүх шатны сургалтын байгууллага
- Өдөр өнжүүлэх төв
- Тоглоомын газар
- Цэцэрлэг
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /Ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх;
- Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагуудад тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулж ажиллах.
Хотын даргын гаргасан захирамжийг БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХ
Сэтгэгдэл ( 0 )