Улсын хэмжээнд тав хоног ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

-Монгол Улс анх удаагаа Бүх нийтийн БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ шилжлээ-

Монгол Улс дотооддоо халдвар алдсантай холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2020.11.11/ Улсын Онцгой комисс болон Засгийн газар дахин хуралдлаа. Улсын Онцгой комисс 20.00 цагаас хуралдсан бол үргэлжлүүлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдсан юм. Дээрх хуралдаануудаас ямар шийдвэр гарсан талаар дөнгөж сая мэдээллээ.

ШУУРХАЙ: 2020.11.11 (23:20 цаг)

Шадар сайд Я.Содбаатар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг хурлын эхэнд мэдэгдээд, “Маргааш өглөө буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Маргааш өглөөнөөс таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Энэ нь Бэлэн байдлын хоёр дахь зэрэглэл рүү орж байна гэсэн үг юм. Үүний дараах эцсийн арга хэмжээ нь Онц байдал зарлах байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих арга хэмжээг Монголд анх удаа авч хэрэгжүүлэхээр болж байна. 

Хүнсний бүх үйлдвэр, ШТС, эрчим хүч, дулааны станц, хэвлэл мэдээлэл зэрэгт хязгаарлалт хийхгүй. Бусад бүх үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. Энэ хугацаанд иргэд та бүхэн гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Зөвхөн хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авах, худгаас ус авах зэрэг тохиолдлоос бусдаар гарахгүй байх хэрэгтэй.  

Хөл хорионы үеэр төрийн байгууллагуудад цөөн тооны шаардлагатай хүмүүс ажиллана. Бусад нь гэрээсээ ажиллана. Хувийн байгууллагууд мөн адил ажилтнууддаа гэрээс ажиллах боломжийг олгох нь чухал.

Ажиллаж болох үйл ажиллагаатай байгууллагууд

 

✅Хүнсний дэлгүүр, супер маркет
✅Цахилгаан станц
✅Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
✅Эмийн сан
✅Ус түгээх газар
✅Хүнсний үйлдвэр
✅Шатахуун түгээх станц
✅Эмнэлэг
✅Буяны үйл ажиллагаа эрхлэгч байгууллага

Өнөөдөр илэрсэн иргэдийн хавьтагч болох 2000 гаруй иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа.

Одоогоор халдвартай жолоочийн ойрын хавьтлын 73 хүнийг илрүүлээд байна.

Халдвартай хүнтэй 15 минутаас дээш хугацаанд уулзсан бол ойрын хавьталд ордог аж.

ДЭМБ-ын зөвлөмжөөр хоёр хоногийн дотор ойрын хавьтлуудыг илрүүлж, шинжлэх ёстой байдаг талаар Онцгой комиссын мэдээнд онцлов. 


ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИАС
 

10.7. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлнэ.

10.3. Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авна:

10.3.1. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах; /Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.3.2. Харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;

10.3.3. Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

10.3.4. Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх;

10.3.5. Гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх;

10.3.6. Гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах.

10.3.7. Салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах. /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.4.1. Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;

10.4.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;

10.4.3. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;

10.4.4. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах; /Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.4.5. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.

10.4.6. Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.7. Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.8. Голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.9. Нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.10. Төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.11. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.12. Стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.13. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.14. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.15. Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.16. Химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох; /Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.17. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
maral(202.126.90.129) 2020 оны 11 сарын 15

aaw eej xvvxdree ochmor bn xzee zam tawih we

0  |  0
u(59.153.114.253) 2020 оны 11 сарын 12

uvsiinhan haldvar taraagaad yavj ugchdee..aimaarni shinjilmeer yum b.a

1  |  0
Зурагт буй нөхөр(79.230.166.43) 2020 оны 11 сарын 11

Муу эр дайнд хөөрөхийн үлгэрийг санагдуулж байна...

0  |  0
unsh(202.55.188.98) 2020 оны 11 сарын 11

Ali hed honogiin umnuus karentin taviachee geed baihad toohgui baisiimaa, odoo humuusee uhuulj baij oilgovuu

0  |  1
Gg(203.91.115.39) 2020 оны 11 сарын 11

Za surtein be yadargaatain hudlaa sujigneed bhiin

1  |  1
Top