Монгол Улс бүх нийтээрээ ЭРСДЭЛЭЭ УДИРДАХ алхамд шилжих шаардлага үүслээ
2020 оны туршид дэлхийн улс орнуудын хувьд №1 тулгамдсан асуудал болоод буй “Ковид-19” цар тахлын халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь баталгаажсан учраас улс орон даяар анх удаагаа Бүх нийтийн БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ шилжих шийдвэрийг Улсын Онцгой комисс болон Засгийн газраас өчигдөр /2020.11.11/ гаргалаа.
Цар тахлын халдварын тархалтыг газар авахуулахгүйгээр богино хугацаанд хумих нь Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болзошгүй аюулыг холдуулах, цаашлаад нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хор хохирлоос сэргийлсэн хамгийн чухал алхам болоод байна.
Тиймээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, орон даяар хатуу хөл хорио тогтоосон 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд нас, хүйс хамаарахгүйгээр иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх нь коронавирусний халдварын одоо илрээд буй тархалтын хүрээг хумихад хамгийн чухал нөлөөтэй гэдгийг тодотгох нь зөв байх.
Өнгөрсөн 10 сарын турш дэлхий нийтийн гол айдас болсон цар тахал манай улсад алдагдсан нь баталгаажсан энэ амаргүй цаг үе нэг талаас бидний хувьд ТОМ СОРИЛТ юм.
Сорилтыг даван туулах нь хэсэг бүлэг хүмүүсээс юм уу, албан тушаалтнуудаас дангаараа хамаарахгүй. Бүхий л талуудын хариуцлага, оролцоо чухал.
Тэрдундаа иргэдэд халдвар хамгааллын дэглэм барихыг анхааруулахаас гадна ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ мэдээллээр хангах нь тун чухал гэдгийг хаа хаанаа ойлгож, ажиллах хэрэгтэй юм.
Аливаа шийдвэр гаргахад, алхам хийхэд үнэн бодит мэдээлэл хамгийн чухал байдаг. Түүнчлэн иргэд, олон нийт эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахад ил тод, бодит мэдээлэл нэн хэрэгтэй билээ.
Энэ ч үүднээс Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед мэдээ, мэдээлэл хүргэхдээ Монгол Улсын иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах язгуур эрхийг хангах үүднээс анхааран ажиллаж буйг хэлэхэд илүүдэхгүй байх.
Үүнийг тодотгохын учир нь коронавирусний халдварын тархалттай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруушаасан байр суурь илэрхийлсэн үйл явдал өчигдөр болсон. Гэхдээ үүнд аль аль талыг буруутгах гэх нь утгагүй юм.
Нөхцөл байдлыг ерөнхийд нь авч үзвэл Монгол Улс дотооддоо халдвар алдсан тухай мэдээллийг өчигдөр нийгмээрээ паниктай хүлээж авсан. Цар тахлын эрсдэл хажуу дэргэд байгааг бүгдээрээ ойлгож байсан ч халдвар яг тархсан энэ үед эрүүл мэндийн байгууллага ч хүндхэн хүлээн авч буй нь Д.Нямхүү захирлын өчигдрийн байр сууринаас харагдаж байлаа.
Асуудлын гол нь Монгол Улс дотооддоо халдвар алдчихсан, тохиолдлуудын тоо нэмэгдэх эрсдэл маш өндөр байна.
Эдийн засаг, бизнесийн хэллэгээр бол энэ цаг үед бид шокийг богино хугацаанд таньж, ЭРСДЭЛЭЭ УДИРДАХ алхамд бүх нийтээрээ шилжих хэрэгтэй боллоо.
Монгол Улсын хүн амын талаас илүү нь төвлөрөн амьдарч буй Улаанбаатар хотод халдвар алдагдсан учраас иргэн бүрийн сонор сэрэмжийг өндөржүүлэх, хариуцлагатай байлгахад чиглэсэн үнэн, бодитой мэдээлэл хэрэгтэй гэдгийг хаа хаанаа ойлгож буй биз ээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд коронавирусний халдварын тархалтын бодит эрсдэлийн талаар шуурхай мэдээлэх нь иргэдийг мэдээллээр хангах үүргээ хүлээхийн сацуу тархалтыг газар авахаас сэргийлж, улмаар нийгэм, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийг бууруулж байгаа зүйл юм.
Эхэнд хэлсэнчлэн коронавирус цар тахал эрүүл мэндийн салбар төдийгүй нийгмийн бүхий л салбарт сөргөөр нөлөөлж байгаа. Тэрдундаа бүтцийн хувьд асуудалтай Монголын эдийн засгийг сорьж буйг оны эхний хагаст бид бүгдээрээ мэдэрцгээсэн. Орлогын гол эх үүсвэр болох уул уурхайн бүтээгдэхүүний экспорт БНХАУ гэсэн үндсэн ганц зах зээлтэй.
Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо өргөн хүрээнд алдвал хүссэн хүсээгүй хөршүүд хэсэг хугацаанд нүүр буруулна. Нүүрс, газрын тос, зэсийн экспортоо яах вэ гэдэг асуудал үүснэ.
Тэр үед эдийн засагт ямар хэмжээнд аюул учрахыг эдийн засагчид хэдийнэ тооцож байгаа биз. 2020 оны эхний хагаст буюу цар тахлын шок орж ирсэн эхний саруудад бол Монгол Улсын Засгийн газар төсөвтөө шууд тодотгол хийхгүйгээр хариу арга хэмжээ аваад явчих боломжтой байсан гэдгийг Дэлхийн банкны зүгээс хэлж буй.
Тэгвэл одоо цар тахал дотоодод алдагдаж, шинэ нөхцөл байдал үүсээд байна. Дотоодод алдсан халдварын тархалтын хүрээг хумиж чадах эсэхээс хамааран Засгийн газар дараа дараагийн бодлогын нөөц, орон зайгаа ашиглах шаардлага үүсэж болзошгүй байна. Түүнчлэн эрсдэлийн хор нөлөөг бууруулахад МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ байдал чухал гэдгийг дахин тодотгоё.