Г.Сугарбат: 1425 тээврийн хэрэгслээр 138602 тонн нүүрс хилээр гарсан

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Коронавируст халдварын улмаас тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй холбоотой ЭМЯ-аас хийдэг 11:00 цагийн мэдээлэл дээр МХЕГ-аас цаг үеийн дараах мэдээллийг өглөө.


Г.СУГАРБАТ: Мэргэжлийн хяналтын 2200 алба хаагч бүх нийтийн зэрэглэлийн бэлэн байдалд шилжин 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Нийслэлд Онцгой байдал, Цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй хамтарч 308 алба хаагч ажиллаж байна. Аль обьектод ажиллаж байгаагаасаа шалтгаалж хувцас хамгаалалтын хэрэгсэлийн нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна.

Улаанбаатар хотын гүний терминал буюу хилээр орж ирж буй хүнс болон бусад бүтээгдэхүүний халдвар хамгаалталтыг сахихдаа иж бүрэн хамгаалах хэрэгсэл өмсөж байгаа. Гудамж талбайд ажиллахдаа маск, бээлий, холбогдох хэрэгслээр хангаж байгаа. Хорио цээрийн дэглэм тогтоосон кино театр, цахим тоглоомын газар, хоол үйлдвэрлэл, урлаг соёл, шашин сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 771 аж ахуйн нэгж байгууллагад үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг хангаж ажиллалаа. Мөн ажиллах цагийн хязгаар тогтоосон 3425 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьсан.

Цар тахлын бэлэн байдлын үед ХӨСҮТ болон эмнэлгийн байгууллагад давхар ачаалал үүсгэхгүй тулд хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимтэй хийж ажиллаж байна. Улсын хэмжээнд ЭМБ-ын бэлэн байдлын хяналтыг 114 эмнэлэгт хийсэн бөгөөд 14 эмнэлэгт заавар зөвлөмж, шаардлагыг хүргүүлсэн. Улсын хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын дотоодын 6054 цэг дээр давхардсан тоогоор 10831 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна.

Хил дээр Мэргэжлийн хяналтын албан хаагчид тасралтгүй ажиллаж байна. Хилийн боомт болон гүний гааль дээр шалгалт хийхэд 1607 тээврийн хэрэгсэл гарсан. Үүнд бүх ариутгал халдваргүйжүүлэлт, асуумжийг хийсэн.

Газрын тосны 48 тээврийн хэрэгсэл экспортод гарсан. Эскпорт түүхий газрын тос 1785 тонн гарсан. Нүүрс 1425 тээврийн хэрэгслээр 138602 тонн гарлаа. Улсын хилээр нийт 2259 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Үүнд гурван ачааны агаарын хөлөг, 22 вагоны зүтгүүр, 2230 ачааны машин нэвтэрсэн.

Аймаг орон нутгийн удирдлагууд ариутгал хамгаалалтаа сайн хийж, өөрсдийн нөөцөө тогтоож, тодорхой төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ, лаг дамжуулах байгууламж, насос станцад механик цэвэрлэгээ хийсний дараа бохирын уснаас дээжлэн шинжлэхэд зохих стандартын дагуу байна гэж гарсан.

Иргэд олон нийтэд 184 зөвлөмж, 284 сэрэмжлүүлгийг цахимаар түгээлээ. 1671 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл зөвлөмжийг өгч, 1490 аж ахуйн нэгж байгууллагыг эргэн шалгав. Худалдаа эрхэлж буй захуудад хүмүүсийн хэт төвлөрөл үүссэн байсан нь өнөөдрөөс шингэрч байна. Захууд халдвар хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top