Мах, хүнсний хангамжийн асуудлаар өнөөдөр \2020.11.14\ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн ХХААГ-ын дарга Б.Баянбат нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
ХХААХҮЯ-ны газрын дарга Л.Чой-Иш ярианыхаа эхэнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулан байгуулсныг онцоллоо. Энэхүү шуурхай штаб өчигдөр аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох яамдын төлөөллийг оролцуулан цахим хурал хийж, хүнсний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр үүрэг чиглэл авчээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн яамны газрын дарга Л.Чой-Иш “Хүнсний хангамж тогтвортой байгаа. Иргэдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой хүнс тээвэрлэлтийн зохицуулалт хийж байна. Иргэдийн хүнсний гол хэрэглээний нэг махны худалдан авалт нэмэгдсэн учир нийслэлийн 6 дүүрэг 15 цэгт нөөцийн махны худалдааг хийнэ” гэсэн юм.
Нөөцийн махыг ченжүүд болон дундын зуушлагчдын гарт оруулахгүйн тулд нэг хүнд нэг гулууз мах борлуулах зохицуулалт хийнэ. Үнэ ханшийн хувьд нөөцийн махны худалдааны тогтсон ханшаар борлуулах юм.