Маргаашнаас төрийн албан хаагчдын 10-15 хувийг ажиллуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Улсын Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдал, коронавирусний халдвар, тархалттай холбоотойгоор мэдээлэл хийж байна. (2020.11.17, 21:30 цаг)

Мэдээллийн эхэнд замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар "Өнгөрсөн хугацаанд өглөө нийтийн тээврийн үйлчилгээг 06:00 цагаас эхлүүлж байсан бол маргаашнаас эхлэн өглөө 07:00-10:00 цагийн хооронд, орой 17:00-20:00 цагийн хооронд явуулахаар болсон. Энэ цагийн хуваарийг хатуу мөрдөнө. Автомашины хөдөлгөөн ч үүнд хамаарна. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэнд оруулна" гэв. 

ЦЕГ-ын Дэд дарга Ж.Амгалан "Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал, хөдөлгөөн өнөөдөр гэхэд 30 мянга орчим машинаар нэмэгдлээ. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байгаа. Энэ байдлыг ялгахын тулд түр зогсолт хийж, ажилласан гэсэн үг. Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэх шаардлага үүсэж байна" гэв. 

Мөн маргаашнаас эхлэн ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг цөөлнө. Тухайн байгууллагын 10-15 хувийг ажиллуулах байдлаар зохицуулах аж.
 

 

Top