Удаан хугацаагаар үргэлжилсэн хатуу хөл хорионы улмаас ард иргэд нийтээрээ ядарч туйлдсан энэ цаг үед гэр бүл, ах дүү, амраг саднаараа хамтдаа Зул сар болон Шинэ жилийн баяруудаа тэмдэглэх боломжийг олгохын тулд Европын олон орны эрх баригчид хязгаарлалтын дэглэмийг сулруулахаар шийдвэрлэсэн байна.
Франц улс худалдааны сүлжээнүүдэд зориулсан “Хар баасан гараг”-ийг энэ долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөн, бямба гарагт дэлгүүрүүд нээгдэж, харин оршин суугчдад гэрээсээ гурван цагийн хугацаанд 20 км зайд зорчихыг зөвшөөрсөн нь онлайн худалдаачдын давуу талыг багасгахад хүрчээ. Польш улсад худалдааны цэгүүд мөн бямба гарагт нээгдэж байгаа бол Бельгийн дэлгүүрүүд энэ долоо хоногт нээгдэх хэдий ч хэсэгчилсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд хэвээр хадгалагдах аж. Мөн Герман, Люксембург, Нидерландын иргэд ч хөл хорионы дэглэм сулрахыг хүлээж, Италийн эрх баригчид хойд зүгийн мужууд болох Ломбарди, Пьемонте-д хөл хориог хэсэгчлэн цуцалж, өмнө зүг дэх Калабри мужид аюулын түвшинг улаанаас улбар шар руу буулгасан байна.
Ирланд улс зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээн, иргэддээ Зул сарын баярыг хамтдаа тэмдэглэх боломж олгохын тулд хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар цуцлах тухай зарлажээ. Тус улсын Ерөнхий сайд Микал Мартин иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ, “Энэ удаагийн Зул сарын баяр бидний өмнө мэддэг шиг болохгүй нь мэдээж, гэвч 2020 оны, ялангуяа сүүлийн зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн хүнд хэцүү байдлаас ангижрах боломжийг олгохын тулд хөл хорионы дэглэмийг сулруулж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн аж.
Лондонд хөл хориог эсэргүүцэгчдийг баривчилжээ
Өнгөрөгч бямба гарагт Лондон хотын төвд Save Our Rights UK хөдөлгөөний зохион байгуулсан хөл хориог эсэргүүцэгчдийн жагсаалд оролцогчдоос 60 гаруй хүнийг баривчилсан байна. Лондонгийн Цагдаагийн газрын мэдээлснээр, тэднийг хүний эрхийн олон зүйл заалтуудыг, ялангуяа халдварт цар тахлын үеийн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр баривчилсан гэжээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын ихэнх нь амны хаалтгүй байсан бөгөөд цагдаа нар руу шүгэлдэж хашгиралдан, тарахыг хүссэн шаардлагыг нь огтхон ч хүлээж авахгүй байсан аж. Тэд “Зул сарын шилдэг бэлэг бол бидний эрх чөлөө”, “Амны хаалтнаас татгалзацгаая”, “Биднийг хянахаа зогсоо” зэрэг уриа лоозонгууд барьсан байв. Британийн Дотоод хэргийн газрын дарга Прити Пател албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн цагдаа нарт талархал илэрхийлээд, аль болох олон хүний амь насыг аврахын тулд Засгийн газрын зүгээс хязгаарлалтын арга хэмжээг аваад байгаа талаар онцлон дурдсан байна.
“Корона”-гийн эсрэг Эрх чөлөөний их харти
Британид ресторан, баарууд арванхоёрдугаар сарын 2-ноос ажиллаж эхлэх хэдий ч халдварын аюулын түвшингээс хамаарч бүс нутгуудад хязгаарлалтын дэглэм өөр өөрөөр үйлчилсэн хэвээр байх аж. Хоёр дахь удаагийн хөл хорионы үеэр зарим дэлгүүр, кафе интернетээр захиалга аван үйлчилгээгээ үргэлжлүүлсээр байсан бол, Английн хойд зүгт орших нэгэн үсчний салоны эзэн эрх баригчдын шийдвэрийг мөрдөхийг татгалзсаны улмаас 27 мянган фунт буюу 43 мянган ам.долларын торгууль төлөхөөр болсон байна. Брэдфордын ойролцоох Океншоу суурин дахь Quinn Blakey Hairdressers үсчний газрын эзэн Шинед Куинн арваннэгдүгээр сарын 5-нд хоёр дахь хөл хорионы дэглэм мөрдөгдөх үед 1000 фунтээр анх торгуулсан боловч 2015 оны Эрх чөлөөний их хартийн хуулийн заалтуудыг мөрдлөг болгон үсчний газраа хаалгүй, үйлчлүүлэгчдийг хүлээн авсаар байсан аж. 2015 оны Эрх чөлөөний их харти нь хүний эрх, эрх чөлөөний институтын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан баримт бичиг юм. Энэхүү баримт бичиг нь хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хязгаарлахад чиглэсэн байдаг учраас Үндсэн хуулийн дайтай эрх зүйн баримт бичиг хэмээн зарим судлаачид үздэг юм байна. Куинны үндэслээд буй Хартийн 61 дүгээр зүйл заалт нь Хартийн биелэлтэнд хяналт тавих үүргийг 25 бароны зөвлөлд ногдуулсан байдаг бөгөөд уг зөвлөл нь Хартийг биелүүлэхийн төлөө вангаас шахаж шаардаж байх ёстой хэмээн 800 жилийн өмнөх баримт бичигт тусгагджээ.
Эрх чөлөөний их хартиг дурдан үймээн таригчдын дунд Бристоль дахь нэгэн шивээсний салон, Ливерпуль дэх хүүхдийн тоглоомын төв мөн оролцсон аж. Үйл ажиллагаа эрхэлж буй бүхий л аж ахуйн нэгж, албан байгууллагууд өнөөгийн хууль дүрмийг даган мөрдөх ёстой гэдгийг тэдэнд торгууль ногдуулсан хууль сахиулах байгууллагын зүгээс сануулсан байна.
Германы хэт барууны үзэлтнүүд амны хаалтгүйгээр намын их хуралдаа иржээ
Саяхныг хүртэл халдварын өсөлтийг амжилттай барьж тогтоон, хатуу хөл хориог тогтоогоогүй байсан Герман улсад одоогийн хоёрдугаар давлагааны үед хоногт 22 мянга гаруй тохиолдол өдөр бүр бүртгэгдсээр байна.
Роберт Кохын Институтын мэдээлснээр, тус улсад Ковид-19-өөр өвчлөгсдийн тоо нэг саяыг давж, амьсгалын аппарат шаардлагатай хүнд өвчтөний тоо аравдугаар сарын эхээр 360 байсан бол өнгөрөгч долоо хоногийн байдлаар 3500-д хүрсэн аж. Коронавируст цар тахлын халдвар ийнхүү ихээр өсөж буйг үл харгалзан Германы хэт барууны үзэлт Alternative für Deutschland нам 600 төлөөлөгчийн оролцоотойгоор Их хурлаа зарлан хуралдуулахаар болж, бүгд амны хаалт зүүсэн байх ёстойг шүүхээс даалгасан хэдий ч төлөөлөгчдийн ихэнх нь биелүүлэхээс татгалзсан байна. Тус улсын хүн амын дундах энэ намын дэмжлэг 10 хувь хүртэл буурсан учраас коронавирусын аюулыг хэт дөвийлгөж байна хэмээн канцлер Ангела Меркелийг шүүмжлээд буй радикал хөдөлгөөний талынхныг иймэрхүү байдлаар өөрсдийн талд татахыг оролдож байна хэмээн зарим шинжээчид дүгнэжээ. Харин олон нийтийн санал асуулгаас харахад, германчуудын ихэнх нь цар тахлын эсрэг Засгийн газраас баримталж буй бодлогыг дэмжээд байгаа аж.
Канадын вакцинжуулалтыг Генерал удирдана
Канад улс дахь дархлаажуулалтын хөтөлбөрийг генерал Дени Фортин удирдахаар томилогдсон тухай тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо зарлажээ. Генерал Дени Фортин Ирак дахь НАТО-гийн ажиллагаа болон Афганистан, Босни дахь канадын дайчдыг удирдаж байсан аж. “Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн том дархлаажуулалт болно. Хэрэв бүх зүйл төлөвлөсөн ёсоор саадгүй явагдах юм бол ирэх есдүгээр сар гэхэд ихэнх иргэдээ вакцинжуулж амжина хэмээн манай шинжээчид үзэж байгаа” гэж Трюдо амласан байна.
Витамин D-г үнэгүй олгоно
Их Британид энэ өвөл эрүүл мэндийн асуудалтай иргэдэд витамин D-г үнэгүй олгохоор болжээ. Үүнд өндөр настны асрамжийн газарт амьдарч буй иргэд болон эрүүл мэндийн байдлын улмаас ямар нэгэн халдварт өртөхөөс сэрэмжлэх шаардлагатай иргэд болох 2,7 сая хүн хамрагдаж байгаа аж. Хүмүүс витамин D-г нарны туяанаас хүлээн авах боломжтой байдаг хэдий ч энэ жилийн урин дулаан цагийн ихэнхийг хөл хорионд өнгөрөөсөн учраас ахмад настнуудад, мөн бараан арьстай хүмүүст ч энэхүү витамины нэмэлт тун шаардлагатай гэж үзжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН