Нийслэлийн ногоон бүсэд ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ хийж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Иргэдийн түлшний хэрэгцээг хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/602 дугаар тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан. Үүний 0,73 хувь буюу 410 га талбай нь нийслэлийн ногоон бүсийн ойн санд хамаарч байгаа юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон.

2020 оны ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн эрх бүхий дөрвөн аж ахуйн нэгж санал ирүүлж, түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон ой бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндий, Хуандай, Их амнаас тээвэрлэлт хийж эхлээд байна. Ингэхдээ 100 шоо метр тутамд 2 га талбайг суулгацаар ойжуулж нөхөн сэргээх үүрэг хүлээн, 46 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.

Цэвэрлэгээний автомашинууд нь улсын дугаартай, хаалган дээрээ аж ахуйн нэгжийн нэр, цэвэрлэгээний байршил бүхий таних тэмдэгтэйгээр зөвхөн цэвэрлэгээний талбай – Туул голын хөндий – Гачуурт тосгоны төв – Улаанбаатар хотын модны зах, жижиглэн худалдааны төв гэсэн маршрутаар тээвэрлэлт хийж байгаа юм. Улмаар нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа тул түлээний үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр модны захуудтай экологийн хариуцлагын гэрээ байгуулсан болно. 

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top