Америкийн дипломатчдын нууцлаг өвчний шалтгаанууд

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Америкийн Шинжлэх ухааны академи Куба болон Хятад дахь дипломатчдын нууцлаг өвчлөлийн шалтгаануудын тухай илтгэл нийтэлжээ. Нууцлаг өвчинд өртөгсдийн дотор Оросод очиж байсан Тагнуулын төв газар /ТТГ/-ын өндөр тушаалын ажилтнууд багтаж байсан учраас элчин сайдын яамд руу чиглэсэн “акустик халдлагад”  АНУ-ын тусгай албад өмнө нь Москваг сэжиглэж байсан аж. Куба болон Хятад улс дахь америк дипломатчдад мэдрэлийн гаралтай үл мэдэгдэх өвчний шинж тэмдгүүд илэрч байсан нь өндөр давтамжит цацраг туяаны үйлчлэлтэй холбоотой байж болох тухай уг илтгэлд өгүүлсэн байна. Энэхүү 64 хуудас илтгэлийг АНУ-ын Төрийн департментын захиалгаар Америкийн үндэсний шинжлэх ухаан, инженерийн судалгаа болон анагаах ухааны академи бэлтгэсэн аж.

2016-2017 онд Кубын Хавана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны 40 гаруй ажилтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчид хандаж байжээ. Тэд толгой эргэх, чих шуугих, нойргүйдэх, харааны чадварт асуудал үүсэх  зэрэг шинж тэмдгүүд илэрч байгааг эмчид мэдүүлж байсан нь тархи доргилтоос үүсдэг үр дагавруудтай зарим талаар төстэй байсан аж. Тухайн үед өвчтөнүүд үл мэдэгдэх гарал үүсэл бүхий өндөр давтамжит дуу авианы талаар гомдоллож байсан бөгөөд тэдгээрийн бичлэгийг 2017 оны намар Ассошиэйтед пресс агентлаг нийтэлж байжээ. Үүнээс хойш хагас жилийн дараа буюу 2018 оны хавар Хятадын Гуанжоу хот дахь АНУ-ын Консулын газрын ажилтнуудад дээрхтэй ижил төстэй шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд үл мэдэгдэх өндөр давтамжит дуу авиа эрүүл мэндэд нь таагүй асуудал үүсгээд байгаа тухай дипломат төлөөлөгчийн газрын 12 ажилтан мэдэгдсэн учраас тэдний ихэнхийг эх орон руу нь эргүүлэн татсан байна. “Төрийн департментын ажилтнуудын мэдээлж байсан ихэнх шинж тэмдэг, эрүүл мэндийн асуудлууд нь тэдэн рүү чиглэсэн импульсийн өндөр давтамжит радио цацрагийн үйлчлэлтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байна” хэмээн илтгэлд онцлон тэмдэглэсэн аж.

 

Кубаас Хятад хүртэл

 

2017 оны есдүгээр сарын сүүлчээр Куба улсын иргэдэд орох виз олгохыг зогсоосон тухай АНУ-ын Төрийн департмент зарлаж, Америкийн дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын 60 хувь нь уг арлыг орхин, АНУ-ын иргэдийг Куба руу аль болохоор явахгүй байхыг сэрэмжлүүлж байв. Кубчуудын хүчтэй эсэргүүцлийн хариуд Хавана хотод ажиллаж буй дипломатчдынхаа аюулгүй байдлын талаар санаа зовж байгаагаа Вашингтоны зүгээс тайлбарлаж байлаа. Тухайн үед АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын 21 ажилтан болон Канадын хэд хэдэн төлөөлөл өөрсдийн эрүүл мэндийн асуудлын тухай мэдэгдээд байсан аж.

Тэд бүгд өндөр давтамжит чанга дуу авиа сонссон тухайгаа мэдээлж, өөрсдөд нь илрээд буй таагүй мэдрэмжүүдийг адилхан дүрсэлж байжээ. Дипломат төлөөлөгчдийн амьдардаг орон сууцны цогцолборууд болон Хавана хот дахь ихэвчлэн гадаад иргэд хүлээн авдаг “Капри” зочид буудлын өрөөнүүдэд хэд хэдэн тохиолдлууд бүртгэгдэж, тэдгээр асуудлуудын шалтгаан нь хэт улаан туяаны цацраг буюу хэт дуу авианаас үүсэлтэй байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан хэдий ч эх үүсвэрийг нь тогтоож чадаагүй байна.  2018 оны зуны эхээр АНУ-ын эрх баригчид Хятадын Гуанжоу хот дахь Консулын газрынхаа хэд хэдэн ажилтныг эх орон руу нь яаралтай эргүүлэн татаж, таагүй мэдрэмж үүсгэдэг хачирхалтай дуу авиаг шалгахын тулд америк эмч нарын баг зургаадугаар сарын эхээр Гуанжоу хотыг зорьсон талаар Төрийн департментын төлөөлөгч Хизер Нойерт тухайн үед мэдэгдэж байв. Мөн “дуу авианы нөлөөллийн” улмаас Гуанжоу дахь Америкийн Консулын газрын нэгэн ажилтан өвчлөн, тархины доргилт оноштойгоор нутаг руу нь буцаасан тухай  Хятад дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жинни Ли өгүүлж байжээ. Дотоод мөрдлөг шалгалт явуулах зорилгоор Төрийн департмент-д тусгай бүлэг байгуулан ажилласан хэдий ч хачирхалтай өвчлөлийн шалтгааныг шинжээчид тодруулж чадсангүй. Мөн Куба болон Хятадад ажиллаж байсан дипломатчдыг шинжилж эмчилж байсан Пенсильванийн Их сургуулийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд ч тэдэнд тодорхой онош тавьж чадаагүй аж. 2018 оны есдүгээр сарын эхээр Төрийн департментын өндөр албаны төлөөлөгч АНУ-ын Конгресст илтгэл тавихдаа, дипломатчид руу санаатайгаар “халдлага” хийж байгаа тухай мэдэгдэж байжээ.

 

Оросын ул мөр

 

Тэдгээр “халдлагуудын” ард Москва байж болзошгүй хэмээн Америкийн тусгай албад үзэж байгаа тухай NBC телекомпани тухайн үед мэдээлж байв. Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ ба ТТГ-ын мэргэжилтнүүд Оросын талынхны  утасны яриа, зурвасуудыг барьж авсны үндсэн дээр ийм дүгнэлт хийхэд хүрсэн талаар Телевизийн компани тайлбарлаж байсан аж.

Мөн Куба дахь АНУ-ын Элчин сайдын яамны орон сууцны цогцолборын ойролцоо “өндөр давтамжит зэвсэг” ашиглахад оролцсон байж болзошгүй Оросын тагнуулын албаны ажилтнууд харагдсан талаар зарим эх сурвалжууд баталж байжээ. Гэвч энэхүү мэдээллийн талаар АНУ-ын тусгай албад тухайн үед албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд ТТГ-ын өндөр албаны ажилтан Марк Полимеролулостой тохиолдсон явдлаас үүдэн “акустик халдлагад” Оросын тусгай албад хамааралтай тухай мэдэгдэл гаргаж байсан нь энэ оны намар л тодорхой болсон байна. ТТГ-ын орлогч даргаар томилогдоод удаагүй байсан Полимеропулос 2017 оны арванхоёрдугаар сард Москвад хүрэлцэн иржээ. Европ дахь нууц ажиллагаануудыг хариуцаж байсан тэрбээр Оросын тагнуулын албадын удирдагчидтай цуврал уулзалтууд хийх ёстой байсан аж.

Нэгэн уулзалтын дараа тэр Америкийн Элчин сайдын яамнаас холгүй орших “Мэриотт” зочид буудал дахь өрөөндөө эргэж ирэн тайван нойрсжээ. “Би шөнө дунд гэнэт сэрсэн. Бие чичирч, дотор муухайрч, толгой эргэж байв. Өрөө маань  дайвалзан эргэлдэж, чихэн дотор ямар нэгэн чимээ шуугиж, би өндийж ч чадахгүй байсан” хэмээн тэрбээр NPR радиод ярилцлага өгөхдөө дурджээ. Полимеропулосын эрүүл мэндийн таагүй байдал тухайн үед хоолны хордлогоос үүдэлтэй хэмээн оношлогдож, төлөвлөсөн уулзалтуудаа үргэлжлүүлсээр байсан боловч хэд хоногийн дараа уг шинж тэмдгүүд дахин давтагдсан учраас АНУ руу буцахад хүрсэн байна. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа толгой нь байнга өвдөөд байна гэх зовиуртайгаар эмчид хандахад баахан шинжилгээ хийсний эцэст “дагзны мэдрэлийн эмгэг” гэх онош тавьсан боловч өвчлөлийн шалтгааныг нарийн тодруулж чадалгүй, сүүлд нь тэрбээр ажлаа өгөхөд хүрчээ.

Тухайн тохиолдол Оросын тагнуулын албадын санаатай халдлага байсан гэдэгт Полимеропулос итгэлтэй байдаг хэдий ч  түүнд зориуд хор хүргэхийг оролдов уу, эсвэл түүний компьютер, гар утас руу нэвтрэх оролдлого хийгдэх үед санамсаргүй золиос болчихов уу гэдгээ сайн мэдэхгүй байгаа аж.

 

Эрдэмтэд юу гэж тайлбарлав

 

Мэдрэл, радиологи, инженерийн болон бусад чиглэлийн 19 мэргэжилтнээс бүрдсэн эрдэмтдийн баг АНУ-д “акустик халдлагын” судалгааг жил гаруй хугацаанд явуулсан хэдий ч  Хавана, Гуанжоу, Москва дахь тохиолдлууд тусгай албадын төлөвлөсөн ажиллагаа байсан эсэхийг тогтоож чадсангүй. Өндөр давтамжит богино долгион болон радио цацрагийн туршилтууд АНУ,ЗХУ-д бүр 50 жилийн өмнө хийгдэж байсныг шинжээчид илтгэлдээ тэмдэглэсэн боловч тиймэрхүү зэвсгийг хэн дахин хэрэглэж болохыг тодорхой дурдаагүй байна. “Эдгээр хүмүүс бүгд бодитой, эмнэлзүйн хувьд тодорхойлогдсон нөлөөлөлд өртсөн. Тэдний өгүүлээд буй шинж тэмдгүүдийн ихэнх нь яг ийм төрлийн өндөр давтамжит цацраг идэвхт туяа ашигласнаас үүдэлтэй байж болно” хэмээн Стэнфордын Их сургуулийн профессор, шинжээчдийн багийн удирдагч Дэвид Релман мэдэгджээ. Бүх өвчтөнүүдийн тухай мэдээллийг бүрэн дүүрэн аваагүй гэдгээ илтгэлийг зохиогчид онцлон тэмдэглээд, Пенсильванийн Их сургууль, Майами Их сургууль болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтэд эмчлэгдэж байсан хэдхэн дипломатчийн шинжилгээний тайланг эрдэмтдэд өгсөн, нийт 50 өвчтөнөөс найм нь л шинжээчдийн асуултад биечлэн хариулахыг зөвшөөрсөн хэмээн эрдэмтэд дурдсан байна. Мэргэжилтнүүд гурван боломжит хувилбарыг судалсан гэж илтгэлд өгүүлжээ. Эдгээр нь:  өндөр давтамжит цацрагийн улмаас үүссэн эмгэг, шавьж устгалд ашигладаг химийн бодисын хордлого, сэтгэц-мэдрэлийн эмгэг бөгөөд эдгээрээс өндөр давтамжит цацрагийн улмаас үүссэн эмгэгийг хамгийн магадлалтайд тооцсон аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
янкуудын зохиол(64.119.26.3) 2020 оны 12 сарын 16

АНУ вирусээр баахан улс төр хийж олон улсыг турхирсан. Одоо бас нэг шинэ үлгэр зохиож үймүүлэх оролдого хийж байна доо

0  |  0
Энэ(202.179.25.144) 2020 оны 12 сарын 11

Энэ аргачлалыг коммунист МАН д коммунистуудад нэлэнхүйд нь хэрэглэж золигт гаргамаар юм байна. Хамгийн гол нь эх үүсвэр нь олддоггүй нь онцлог юм даа аан?

0  |  0
Top