Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавируст (ковид-19) халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд нийслэлийн иргэдийг хамруулах ажлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 04-10-ны өдрүүдэд 41 шинжилгээний цэгт зохион байгууллаа.
Тус шинжилгээний хүрээнд нийслэлийн нийт өрхөөс 70000 өрх буюу 15 хувийг хамруулахаар зорьж ажилласан. Хамрагдвал зохих иргэдийг сонгохдоо тухайн дүүрэгт гарсан халдварын голомт, халдвар авсан хүний тоо, нийт хүн амын тоог харгалзан сонгосон байна.
“Нэг өрх - Нэг иргэн” коронавируст (ковид-19) халдварыг илрүүлэх шинжилгээнд 9 дүүргийн 72747 иргэн хамрагдсан нь нийслэлийн нийт хүн амын 5 орчим хувьтай тэнцэж байгаа юм.
Өчигдрийн байдлаар 57000 иргэний сорьцод шинжилгээ хийснээс бүх хүний хариу сөрөг гарсан бөгөөд үлдсэн сорьцод шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтыг хумих, эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талын цогц арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тандалт судалгаагаар эрсдэлтэй хороодод хийгдсэн шинжилгээнд эерэг хариу одоогоор гараагүй байгаа боловч эрсдэл өндөр хэвээр байна. Иймд иргэд хорио цээрийн дэглэмийн энэ үед халдварын эрсдэл буураагүй гэдгийг анхаарч мэргэжлийн байгууллагуудаас хүргэж буй зөвлөмжийг баримталж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Халдварт цар тахлаас өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалан эрсдэлээс урьдчилан сэргийлж, дор бүрдээ анхаарал болгоомжтой байж, коронавируст (ковид-19) халдварын эсрэг хамтдаа тэмцэхийг нийслэлийн иргэддээ уриалж байна гэж Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ