"Автобус 1" баазын 480 ажилтнаас 3 удаа PCR шинжилгээ авчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

“Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад байв. 

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас гурван удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. 

Өнгөрсөн хугацаанд бусад автобус баазууд тус баазын хариуцдаг чиглэлийг хуваан үйлчилгээ үзүүлж байсан юм.

Ажилчдын шинжилгээ сөрөг гарч, эрсдэлгүй гэж үзсэн учраас өнөөдрөөс “Автобус-1”-ийн 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутгаж, цэвэрлэгээ хийн, жолоочийн кабиныг зорчигчдоос бүрэн тусгаарлах хаалт хийн, үйлчилгээнд гаргаж эхлээд байна. 

Түүнчлэн  автобусны суудал хооронд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ,  картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байршуулжээ. 

Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчдадаа сануулж ажиллана хэмээн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top