Б.Мөнхцэцэг: Давс, бодисны нөөц хангалттай байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Нийслэлд ойрын өдрүүдэд чамгүй цас орж халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдалтай байгаа учраас замын бодис, давсны нөөцийн талаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.


-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ч ажиллаж байсан хүмүүс бол ТҮК-ийн ажилчид байсан. Иймэрхүү хөл хориотой үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Манайх нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 186,1 км зам, талбайг хариуцаж, цэвэрлэгээ үйлчилгээг хийж ажилладаг. Нийтдээ 16 бригадын 259 ажилтан, ногоон байгууламжийн зургаан бригадын 96 ажилтан өнөөдрийн байдлаар ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй байх үед манайх Нийслэлийн Засаг даргын 1242 дугаар захирамжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. Ажлын онцлогоос шалтгаалан ажилчид маань өглөөнөөс орой хүртэл ихэвчлэн гадаа ажилладаг. Харин онцгой нөхцөл байдлын үед бид ажилчдаа арваннэгдүгээр сарын 18-аас арванхоёрдугаар сарын 1 хүртэл өглөө 08:00 цагаас 12.00 цаг хүртэл ажиллуулж, цалинг нь бүтнээр бодож олгож байсан. Яагаад гэхээр зам талбайд хөдөлгөөн хорьчихсон байсан учраас элдэв хог гарах, зам талбайн цэвэрлэгээ хийх нь багассан. Одоо бол өнгөрсөн хоёр ч удаагийн цас орсон учраас өглөө 07:00 цагаас эхлэн ажиллаж байна.

-Ажилчдынхаа ариутгал, хамгаалалт дээр хэрхэн анхаарч байгаа вэ?  

-Бид ажилчдаа автобусаар авдаг. Тиймээс өглөө ажилдаа ирэхэд нь автобусанд нь ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Харин автобусаар ирдэггүй ажилчдынхаа ариутгал халдваргүйтгэлийг ажлын байран дээр нь очиж хийж байгаа. Мөн энэ хугацаанд Монголын улаан загалмай нийгэмлэгт манайхаас хандсанаар 200 гаруй ажилчиндаа хүнсний тусламж үзүүлсэн. Байгууллагын зүгээс энэ сарын 14-ээс хоёрдугаар сарын 14 хүртэл ажилчиддаа дархлаа дэмжих чацаргана, аарц, уураг, ингэний хоормог зэргээр хангах шийдвэр гаргаад хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн цар тахалтай холбоотойгоор бүх хүмүүсээ даатгалд хамруулж байгаа. Ингэснээр ямар нэгэн ажилтан өвчин туссан тохиолдолд цалингаа бүтнээр нь авахаас гадна даатгалын сангаас нэг сая төгрөг авахаар болж байгаа юм. Ажилчдаа бүгдийг нь шинжилгээнд хамруулах хүсэлтээ НОК-д гаргасан. Өвлийн нормын хувцас хэрэглэлийг нь бүрэн тавиад, өдөр бүр нэг удаагийн амны хаалтаар хангаж байна.

-Ойрын өдрүүдэд халтиргаа, гулгаа их үүсэж байх шиг байна. Дээрээс нь хүмүүсийн хөл хөдөлгөөн ч өмнөхөөсөө нэмэгдэх нь?

-Богинохон хугацаанд их хэмжээний хоёр ч цас орлоо. Дээрээс нь шөнөдөө хялмаа орж хоноод байна, ойрд. Тиймээс зам, талбайд халтиргаа, гулгаа үүсэж байгаа учраас өглөө ажил эхлэхээс өмнө 5-9 тонн бодис цацаж байгаа. Цас орсноос хойш 800 тонн бодис, 17 тонн  давс зам, талбайд цацаж хэрэглээд байна.

-Цас орсны дараа та бүхнээс хамгийн их асуудаг байх л даа. Давс, бодисын нөөц хангалттай бий юу?

-Одоогоор 2822 тонн бодис, 423 тонн давсны нөөц байгаа. Энэ өвөлдөө энэ нөөц маань хангалттай гэсэн тооцоололтой байгаа. Өнгөрсөн хоёр удаагийн цаснаар 200 орчим тонн бодис цацсан гэхээр хангалттай хүрнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top