ТВ-8 телевизийн "100 асуулт" нэвтрүүлэгийн зочноор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцлоо.
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК 10 жилийнхээ ойтой золгож байна. Өнгөрсөн он цагаа дүгнээд үзвэл хэр сайн ажилласан гэж хэлэх вэ?
-Өнгөрсөн жилүүдэд төлөвлөсөн төлөвлөгөө, зорилт, бизнес , хөтөлбөр стратегийн дагуу бүхий л боломжоороо ажилласан. Манай уурхайчдын зовлон, жаргал, амжилт, ололт, алдаа бүхэн эдийн засгийн салбарт тохиолдсон бүхий л хүндрэл бэрхшээлийг өөрсдийн биеэр даван туулж ирсэн. Дэлхий нийтэд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын хөгжлийн үе шаттай харьцуулахад урт хугацаа боловч одоогийн байгаа хөгжлийн түвшин биелэлт багатай. Энгийн жишээ хэлэхэд Эрдэнэт байгуулагдаад есөн жилийн дараа гэхэд нэгээс дөрөвдүгээр микр ашиглалтад орчихсон, дулааны станц байгуулагдчихсан, сургууль, цэцэрлэгүүд барьчихсан байсан. Манай уурхай 2010 онд байгуулагдахдаа гэр кэмбтэй ажиллаж, бүтээн байгуулалт, олборлолтын ажлаа эхлүүлж байсан. Өнөөдөр орчин үеийн ариун цэврийн өрөөг эс тооцвол өөрийн техниктэй болоод нэг их хөгжсөн зүйл алга. Энэ талаараа чамлалттай. Сүүлийн гурван жилийн үзүүлэлт өндөр үр ашигтай байсан. Монголдоо битгий хэл Азидаа үнэлэгдэхүйц хэмжээний амжилтыг үзүүлж чадсан.
-Компанийг удирдаад явж байгаа хүний хувьд алсын хараагаа хэрхэн харж байна вэ?
-Бизнесийн байгууллагын үндсэн суурь бичиг баримт бол дор хаяж 10-15 жилийн хугацааны дэлхийн зах зээл, өөрийн бүтээгдэхүүний үнэт хэрэгцээ, үнийн прогноз энэ бүхнийг харж байж бизнесээ төлөвлөдөг. Төрийн бизнесийн сул тал бол үүнийхээ эсрэгээр яваад байдаг. 2010 оноос хойш олигтой төлөвлөсөн урт хугацааны төлөвлөлт яг үнэндээ байгаагүй. Өнөөдрийн түвшинд компанийн зарцуулсан, олсон мөнгөн хөрөнгийг тооцож үзсэн. Жишээ нь Чалко компаниас 2010-2012 онд 350 сая ам.доллар авсан байдаг. Үүнийг компанийн хөгжилд зарцуулаагүй. Иргэдэд очсон сая төгрөг, гэр бүлд очсон 500 мянган төгрөг , оюутнуудын мөнгө, хүүхдийн мөнгө гээд энэ бүх нийгмийн харилцаа, халамжийг тэтгэсэн бодлогод зарцуулсан. Сүүлд 2014 онд авсан Хөгжлийн банкны 200 сая ам.доллар нь ашиглалтад орсон автозамаас авахуулаад татварын хоёр жилийн урьдчилгаа өгсөн гэх мэтчилэн төсвийн цоорхойг нөхөж байсан. Ийм байхад урт хугацаанд төлөвлөнө гэдэг ямар ч боломжгүй зүйл. Төрийн шууд хараат буюу нөлөөлөл дор байгаа бизнес бус, төрийн болон нийгэмд халамжийг бий болгох бодлого руу чиглэсэн мөнгө олох нэг хэрэгсэл нь болж байна. 2016 оноос хойш 2017-2020 онд манай компани бизнес төлөвлөгөөгөө батлуулсан. Энэ бизнес төлөвлөгөө 60-70 хувьтай хэрэгжсэн хэдий ч ойрын хугацаанд харсан хамгийн бодитой төлөвлөгөө байж чадсан юм болов уу. Одоо бол харин 2021-2025 гэдэг "А6-20" гэдэг бизнес төлөвлөгөөг ТУЗ-дөө батлуулахаар өгсөн. 10 жилийнхээ стратеги төлөвлөгөөг боловсруулж дууслаа. 2018-2020 онд хийсэн маш том судалгааны ажил олон улсын ижил төстэй байгууллагуудын туршлага алдаа оноо, олон улсын санхүүгийн байгууллага, шинжээч нарын зөвлөмж, зөвлөхүүдийн тайлан, Засгийн газраас гаргасан “Алсын хараа”, стратеги хөтөлбөрүүд, бодлогын бичиг баримтууд, аж үйлдвэрийн салбарын хөгжил, төмөр замын бодлогын хөгжил гээд энэ бүх үзэл баримтлал бичиг баримтад бодитоор суурилж чадсан. 2016 оноос хойш төрийн оролцоог багасгасан. Ер нь бол төрийн бизнес яагаад хөгждөггүй юм бэ гэдэг асуулт 2016 он хүртэл тавигдаж ирсэн. Төр бол муу менежер. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөх хэмжээнд очсон. Цаашлах юм бол Монголдоо ч биш Азид энэ салбартаа өрсөлдөх хэмжээний томоохон компаниудыг бий болгох зорилго тавьсан. Энэ зорилтын эхний алхамд төр оролцоогоо багасгая. Амжилттай ажилласан сүүлийн гурван жилд төрийн оролцоо багассан. Үүнэээс шалтгаалж бид стратеги төлөвлөгөөгөө бодитоор харж үнийн болон эрсдэлийн цэгүүдийг зөв тооцоолж чадлаа. Тийм учраас 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 буюу дунд хугацааны төлөвлөгөө хэрэгжих өндөр магадлалтай бичиг баримт болсон. 2017-2020 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт энэ хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудаа үндэслээд А6 гэж нэрлэсэн. Маш том бодлогын түвшинд цаашид урт хугацаанд төлөвлөх боломжтой зургаан том зорилтын суурь энэ байсан. "20" нь бол дараагийн таван жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, ажлын байр, дэд бүтэц, аж үйлдвэрлэл юм.
-Аливаа компанийн хөгжилд менежментийн багийн оролцоо маш чухал үүрэгтэй. Танай багийн онцлог юу вэ. Менежментийн баг нь юугаараа илүү байх ёстой юм бэ?
-Төрийн бизнес бол онцлогтой. Төрийн хуулиар орж ирж мөнгөн хөрөнгөнд нь нөлөөлөх нөлөөллөөс ангид байхын тулд хамгийн чухал зүйл нь мэдээж баг байдаг. Бидний багийн зохион байгуулалтын асуудал бол төлөвлөлт. Зөв төлөвлөлтийн суурь нь “Эрдэнэс-Тавантолгой” дээр бүрдсэн. Тийм ч учраас 2017-2020, 2021-2025 гэдэг бизнес төлөвлөгөөгөө батлуулах гээд байж байна. Их хурлын үйлдвэржилтийн байнгын хороо болон Монгол Улсын Засгийн газрын хувьцаа эзэмшигч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас авахуулаад уул уурхай, Зам тээвэр хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хот байгуулалтын яам зэрэг төрийн нэгдсэн бодлого зангилаа бий болж чадлаа. Хэрэгжих магадлал өндөр. Баг гэдэг удирдаж байгаа хүнээс хамаарна. Бидний зорилго бол зөв төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд туршлага байх ёстой. Туршлага бол 2016-2020 оны хооронд ажилласан ажлын үр дүн. Манай компани гадаад, дотоод өргүй болсон. Монголдоо төдийгүй бүс нутагтаа ашигтай ажиллаж байгаа компаниудын нэг мөн. Өрсөлдөх чадвар өндөртэй болсон. Мөн энэ компанийн үнэлгээ тодорхой болсон бөгөөд нүүрсний нөөц тодорхой болсон. Нөгөөтэйгүүр өөрийн санхүүжилтээр хоёр том төмөр замын төслийг эхлүүлж чадлаа. Үүгээр зардлаа гурваас дөрөв дахин бууруулах боломжоо бүрдүүлсэн. Бид бизнесийн байгууллага гэдгээ төрдөө ойлгуулж үнэлүүлсэн. Бид багийн зохион байгуулалтыг харуулж чадсан. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдлээ. Гэр кэмпээ ирэх оноос сольж орчин үеийн стандартад нийцсэн уул уурхайн байшин орон сууц, офисстой болохоор боллоо. Би хамт олноосоо зөв төлөвлөлт, үр дүнтэй гүйцэтгэл нэхдэг. Энэ бүхний төлөө өөрсдийгөө бүрэн зориулахыг шаарддаг. Хүний үг, ажлын ачаалал даах чадвартай хамт олонтой учраас ажил үр дүнд хүрэхэд эргэлзэх зүйл байхгүй.
-Саяхан Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч “Сайн түлш”-ийг 75 хувь буурууллаа. Одоо зарагдаж байгаа нэг шуудай “Сайн түлш” 937 төгрөг болсон. Нийслэлчүүдээ өнтэй, тав тухтай өвөлжихөд гар бие оролцож буй та бүхэнд талархаж байна. Хөнгөлсөн үнийн зөрүүг засагт төлөхөд танай компанид хэр их дарамт ирж байна вэ?
-Төрийн коппани нийгмийн өмнө хүлээсэн хэмжиж болохуйц том үзүүлэлттэй үүрэгтэй байдаг. Төсвийн цоорхойг нөхдөг, нийгмийн халамж руу хийдэг, бэлэн мөнгө тараадаг, үр ашиггүй хаа хамаагүй төсөл бол үр ашиг тооцоход маш хэцүү. Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой зардал санхүүжүүлдэг. Үүний нэг бол “Тавантолгой” түлш юм. Манай хувьцаа эзэмшигчдийн талаас илүү хувь нь Улаанбаатарт байдаг. 2.512.000 хувьцаа эзэмшигч иргэнтэй. 463 компанийн 90 хувь нь хотод, 85.3 хувийг нь эзэмшдэг төр нь нийслэлдээ байдаг болохоор бидний нийгмийн хариуцлагын гол цэг бол Улаанбаатар хот. Улаанбаатарын утааг бууруулахын төлөө тодорхой тоон үзүүлэлттэй төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн үр ашиг гэж байхгүй. Яагаад гэвэл манай түлш бол дан зардал дээр суурилсан бүтээгдэхүүн. Замын зардал гэхэд 67 мянган төгрөг байдаг. Ачиж буулгах, ангилан ялгах, түлш болгох, боловсруулахын тулд барьцалдуулагч хийх, тогны зардал, хувьсах зардал, ажилчдын цалин гээд бодоод үзэхээр 149 мянган төгрөг болдог. Үүнийг 150 мянган төгрөгөөр борлуулдаг. Үүнийг 75 хувь бууруулна гэдэг бол нэг шуудайных нь мөнгөөр өгч байгаа гэсэн үг. Бусад бүх зардлыг манай компани үүрч байгаа. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд гарч байгаа. Гарахдаа төрд ногдох мөнгөн тооцоон дээр суурилж бодогдож явдаг. Жишээ нь, 2019 онд компани нэг ихнаяд 34 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 14.7 хувь нь буюу 179.8 тэрбум төгрөг нь иргэдэд очих ногдол ашиг, 0.05 хувь нь 463 компанид очно. Үлдсэн 85.3 хувь нь төрд очдог. Тооцоход 800 гаруй тэрбум төгрөгөөс тооцож олгож байгаа мөнгөн дүн. Төр өөрийнхөө үүргийг давхар хэрэгжүүлээд явж байгаа хэлбэр. Сайжруулсан түлшний үнэ 50 хувь буурахад 46 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж байсан бол 75 хувиар буурахад нэмж 25 тэрбум төгрөг буюу 69 тэрбум төгрөг нэмж төсөвлөгдөнө. Дараа жил 50 тэрбум гээд 119 тэрбум төгрөг нэмж төлөвлөгдөнө. Өнөөдрийн байдлаар 2018, 2019, 2020 онд “Тавантолгой” түлшид зарцуулсан мөнгө бол 260.1 тэрбум төгрөг зарцуулагдаад байна.
-Ард иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашиг олгосон. Ногдол ашиг хэчнээн хүнд очоод байгаа вэ. Аваагүй хүмүүс рүү чиглэсэн ямар ажил төлөвлөсөн байгаа вэ?
-2010 онд шийдвэр гаргаад 1072 хувьцаа бий болсон. Энэ хугацаанд таван удаагийн арилжаа хийгдсэн. Ахмадууд сая төгрөгөө авсан. Өөрөөр хэлбэл 1072 хувьцаагаа зарсан. Хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэд, оюутнууд хоёр удаа 500 мянгаар нэг, саяар нэг удаа авсан. Мөн “Сайн хувьцаа” гээд 300 хувьцааг 2016 онд гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа төрөөс авч байсан. 1072 хувьцаа нь 1063 болсон гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 2.513.000 орчим хүн бий. Эдгээр хүмүүсээс 179.8 тэрбум төгрөгийг холбогдох үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв компани руу шилжүүлж олгосон. Хувьцааны дансаа нээсэн хөрөнгийн зах зээл дээр хөрвөх боломжтой хувьцаа эзэмшигчид олгосон. Мөн E баримтаар хялбарчилсан маягаар өгсөн. 1.880.000 орчим иргэн ногдол ашгаа авсан. Нас барсан, гадаадын иргэншилтэй болсон иргэд, гадаадад амьдарч буй иргэдээс бусад нь буюу 80 хувь нь ногдол ашгаа авчихсан байна. Хөрөнгийн биржид гарах нээлттэй компани болох бэлтгэл 95 хувьтай байгаа. Цаашид бүх төслүүдээс орсон орлого нэмэгдэхээр иргэдийн орлого дагаад нэмэгдэнэ. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн буюу санхүүгийн үндэс мод нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК юм. Төрийн удирдлагуудаас авахуулаад УИХ, Загсийн газар, бүх шатны байгууллага, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, ТББ, айл өрх бүрд хүрдэг. Манай компани бол санхүүгийн зөв менежментийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хамгийн том үндэс мод гэдгийг дахин хэлье.
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2019 оны борлуулалтын орлого нь нэг тэрбум ам.доллар гэж та хэлж байсан санагдаж байна. Энэ жил цар тахлын цаг үед борлуулалтын орлого ямар байна вэ?
-Энэ жилийн төлөвлөгөөгөөр ганцхан манай компани гэлтгүй бүх нийтээрээ өөрчлөгдсөн байгаа. Ялангуяа эхний хагас жил үнэхээр хүндрэлтэй байсан. Орлого 71 хувиар, борлуулалт 74 хувиар, олборлолт 38 хувиар тасарсан. Цар тахал гэдэг биднээс биш хөндлөнгөөс шалтгаалж байгаа маш том аюулт нөхцөл байдал бий болсон. Зунаас хойш алдагдлаа 80 орчим хувьтай нөхөөд явж байна. Гэсэн хэдий ч энэ оны төлөвлөгөөний гүйцэтгэл хангагдахгүй нь тодорхой. Борлуулалтын болон олборлолт, ашиг, татвар, төлбөрийн хэмжээ багасах байх. Харамсалтай нь дахиад л манай орон дотроо КОВИД алдсанаар хүнд нөхцөл байдал бий болчихлоо. 8.7-10 орчим хувь төлөвлөгөө тасалдах болов уу гэж бодож байна. Нийт ажилчдынхаа 60 гаруй хувийг сул зогсоож байгаа ч цалингийн 90 хувийг нь өгдгөөрөө давуу талтай. Мэргэшсэн баг маань маш чухал учир амьдрах орчныг нь баталгаажуулахад анхаардаг. Энэ боловсон хүчнийг олон улсын компанид бэлдэхэд 200-250 орчим мянган ам.доллар зарцуулдаг. Өөрсдийнхөө боловсон хүчин, нүүрснийхээ нөөц дээр тулгуурлахад хийж, бүтээж чадахгүй ажил гэж байхгүй гэж үнэт зүйл дээрээ тодорхойлсон байдаг. Энэ ч миний хувийн байр суурь.
-Танай компанид гадаадын мэргэжилтэн байдаг уу?
-Байхгүй. Бүгд 100 хувь монголчууд ажилладаг. Ил уурхайн олборлолт, уул уурхайн салбарыг монголчууд дангаараа төлөвлөөд явах бүрэн боломжтой гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иар төлөөлөөд харж болно. Төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээмж өндөртэй байх, хувьсах болон бусад зардлын хэмнэлт зэрэг нь менежментийн хувьд хамгийн сайн тохирч буй жишээ бол манай компани мөн. Үүнийг олон улсын ямар ч мэргэжлийн уул уурхайн шинжээч нар хэлдэг.
-Тавантолгой” орд дээр төр, хувийн, орон нутгийн өмчит компаниуд байгаа. Цар тахлыг энэ бүс нутагт алдчихгүйн тулд та бүхэн тодорхой ямар ажил хийж байна вэ?
-Онцгой бүс гэж бий. Онцгой бүсэд олон улсын жишгээр мөрддөг дүрэм журам гэж бий. Үүнийг Монголын хөрсөн дээр буулгаж туршсан. Манай уурхай 93 төрлийн журам дүрэмтэй. Хэдий олон сонсогдож байгаа ч бид хөдөлгөөн бүрийг хянахаас өөр аргагүй. Аюулгүй байдал, аваар осолгүй, хөрөнгийн элэгдэл хорогдолгүй, гэмтэл эвдрэлгүй байхын төлөө анхаардаг. Олон улсын стандартын менежментийн нэгдсэн ICO стандартын гурван зүйл төрлийг ил уурхайн олборлолт дээр байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, ил тод засаглал менежментийг Францын нийслэл Парис хотод бид авсан. Үүнийг “Оюутолгой”, “Эрдэнэт” компаниуд ч аваагүй байна. Бид энэ үр дүнгээрээ ногоон, шар, улаан бүс гэсэн гурван бүсийг байгуулаад УУХҮЯ-ны удирдамжын хүрээнд үе шаттайгаар хяналт тавьж байгаа. Бид эдийн засгийн онцгой бүс рүү цар тахлын нэг ширхэг ч эс алдаж болохгүй.
-Хоёр том төмөр зам барихад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ. Төмөр зам хэзээ дуусаад нүүрсээ гаргаж эхлэх вэ?
-Бидний өмнө авсан ТУЗ-ийн үүргээр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр төмөр зам нь 2022 оны нэгдүгээр улиралд дуусна. Гүйцэтгэж буй ажлын үр дүнгээс харахад 2021 оны дөрөвдүгээр улиралд дуусах боломжтой. Өвөл, зуныг үл хайхран 6000 монгол залуу бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй явуулж байна. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэвсэгт хүчин болон олон компанийн 4000 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна. Энэ ажил ч мөн цаг хугацаа, гүйцэтгэлийн хувьд 10 гаруй хувиар түрүүлж явж байгаа. Энэ хоёр төсөлд 1.4 орчим ихнаяд төгрөгийг зарцуулсан. Цаашид маш их зардал нэмэгдэх учир нэмж зарцуулах төлөвлөгөөтэй. Төмөр зам бүрэн ашиглалтад орсны дараа өнөөгийн тээвэрлэлтийн өртгийг 3-4 дахин буулгана. Автомашинаар нэг тонныг 28-32 ам.доллараар тээвэрлэж байгаа бол 7.5-8.5 ам.доллар болж буурна. Цар тахлын байдал сөргөөр нөлөөлчихгүй бол энэ бүхнийг хийх бүрэн боломжтой.
-Төмөр замтай болчихвол автомашины тээврийг зогсоох уу?
-Тавантолгой-Гашуун сухайтын автозам нь тойрог зам болж концессын гэрээний хүрээнд гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулаад ажлаа явуулж байна. Нэг талаар нь ачаатай техник явна, нөгөө талаар нь ачаагаа буулгасан нүүрс тээврийн автомашинууд явна. Тавантолгой-Хангимандал чиглэлийн 480 км автозам баригдаж байна. Шинэ гарц болох Зүүнбаянгийн төмөр замтайгаа статусын хувьд ойролцоо стратегийн ач холбогдолтой зам. Зөвхөн манай компани бүрэн хүчин чадлаараа жилд 50 сая тонн нүүрс олборлохоор ТЗҮ тогтоогдсон. “Энержи ресурс” ХХК, орон нутгийн “Тавантолгой” хк, Зүүнбаянгийн төмөр зам чиглэлд 17 томоохон уул уурхайн компани, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бий. Үүнийг дагасан боловсруулах анхан болон дунд шатны үйлдвэрүүд бий. Хоёр төмөр замын нэг нь жилд 30 сая тонн, нэг нь 15 сая тонныг тээвэрлэх хүчин чадалтай. Автозамаар жилд 10-15 сая тонныг тээвэрлэхээр төлөвлөж байгаа. Голдуу өндөр үнэ цэн бүхий эцсийн бүтээгдэхүүн тээвэрлэнэ.
-Танай компанийн шилэн дансыг харлаа. Шилэн дансны тухай хуулийн 3.1.3-аар заавал тайлагнах албагүй санагдсан?
-Хуулийн хүрээнд тэгэх ёстой гэдгээс илүү бизнесийн зарчим гэж байдаг. Ялангуяа манайх шиг их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдтэй, их хэмжээний ашиг орлого бий болох боломжтой ирээдүйтэй төслийн хувьд бүх юм нээлттэй, ил тод байх ёстой. Хоёр жилийн хугацаанд бид олон улсын зөвлөхүүд, дотоодын шинжээчидтэй ажилладаг учир нь энэ компанийг яаж нээлттэй болгох вэ гэдэг дээр илүү анхаарал хандуулсан. Засаглалын үнэлгээ гэж байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит компаниудад тавьдаг бодлого гэж байдаг. Манай компани 2015 онд засаглалын үнэлгээ хийлгэж байсан. Нийт төрийн өмчит компаниудаас 15 оноо аваад сүүл мушгиж байсан бол 2019 онд дахин үнэлгээ хийлгэхэд 67 оноо авч тэргүүлсэн. Ийм хэлбэрээр олон улсын зөвлөхүүдийн нээлттэй компанийн хэв шинжийг өөртөө агуулахыг зорьж байгаа юм. Тэгж байж хэн нэгнээс хөрөнгө босгох эрхтэй болно. Хөрөнгө оруулагчид өөрсдийнх нь стандартад тавьсан нөхцөлүүдийг журмаараа, үйл ажиллагаагаараа, харагдах байдлаараа, бодит тоон үзүүлэлтээрээ бүрдүүлсэн байна уу гэж судалдаг. Үүнийг бид бүрдүүлж чадаж байгаа. Бид “Шилэн компани” гээд линк нээсэн. Захиргаа удирдлагатай холбоотой бүх тушаал, хариуцлага, журам, урамшуулал, борлуулалт, стратеги төлөвлөгөө, санхүүгийн гүйлгээ, маркатенг, гэрээ, худалдан авалт, ажлын зохион байгуулалтыг оруулсан. Өмнө нь байсан удирдлагуудтай холбоотой гарсан алдааг бид давтах эрхгүй. Төрийн компаниас нэг зоос ч гэсэн буруу аргаар алдаж болохгүй. Цаашид хийх ажил нь тооцоотойгоо байж байгаа. Үүнийг харсан олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид бидэнд зээл өгөх, хөрөнгө оруулах эсэхээ шийднэ. Эцсийн зорилго нь тэр. Итгэлцлийг бий болгож байж ажил явдаг. Хараат бус захирлын зөвлөл, ТУЗ-ийн зөвлөл нь ямар ч үед ч үйлдвэрлэлээ саадгүй тасралтгүй явуулах үүрэгтэй.
-Танай сайт руу ороод үзлээ. Надад бол хамаг юм нь дэлгэгдсэн, хэтэрхий их нээлттэй юм шиг санагдсан. Компанитай хийсэн гэрээ, санхүүгийн бүх зүйл нь ил. Тэр байтугай зарим албан тушаалтнуудад авсан арга хэмжээ нь хүртэл нийтлэгдсэн байна. Нөгөө талаараа хэтэрхий ийм нээлттэй байдал хүний эрхэнд зүйл болохгүй юу?
-Хүний эрх гэж байгаа бол ажлаа ямар нэгэн хариуцлага алдахгүйгээр хийх ёстой. Энэ чинь төрөөс цалин авч байна. Төрийн өмчит компанид хүн болгон ажиллах боломж олдож байгаа юу гэвэл “Үгүй”. Тэгэхээр хариуцлагатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, урамшуулал авсан ч, хариуцлага алдсан ч аль аль нь л нээлттэй байх ёстой. Тэгэж байж энэ компани боловсон хүчний хувьд болж байгаа юм байна гэдгээ батална.
Харин зөв хариуцлага үүрүүлж байна уу, буруу хариуцлага үүрүүлж байна уу гэдэг бол цаг хугацаа харуулна. Хэрвээ тухайн хүн өөрөө зөвшөөрөхгүй бол хуулийн дагуу шийдүүлэх боломжтой. Манайх чинь дотроо “Ёс зүйн” хороотой. Гэхдээ харьцангуй манайхан дунд тийм хэл ам хийгээд явдаг хүмүүс байхгүй. Энэ нь өөрсдийгөө хүлээн зөвшөөрсөн гэсэн утга болов уу.
Би хувь хүний эрхэнд бол халдаагүй. Харин ажилчны ажлын байран дахь хариуцлагын асуудалд л анхаарч байгаа юм. Энэ бүхнийг хоёр сая 512 мянган хувьцаа эзэмшигч иргэн, төр өөрөө ямар хүн ажиллуулж байгаагаа хянах ёстой. Ер нь хаана ч, хэний ч өмнө танилцуулахад манай компани өндөр мэдлэг чадвартай, боловсон хүчний нөөцтэй болчихсон. Дэлхийд шилдэгт тооцогддог уул уурхай, менежмент, инженерийн чиглэлийн сургуулиудад өндөр дүнтэй төгссөн залуучууд зөндөө байгаа. Би бүгдийнх нь анкетыг тавьсан байгаа. Харж болно. Дээрээс нь үнэхээр гологдохоор залуус байна. Энэ чинь төрийн компани. Шахааны хүмүүс орчихсон байна лээ. Тэр дундаас хараад ялгана биз. Гэхдээ муу сургууль төгслөө гээд муу ажил хийдэг гэсэн үг биш байхгүй юу. Тэгэхээр төгссөн сургуульдаа бус ажлаа хийж байгаа чин сэтгэлтэй, чадварлаг сайн залуус бий. Ингээд зөв буруугаар нь ангилаад сурчихвал “Миний компанид энэ хүн миний өмнөөс ажиллаж байгаа шүү” гэсэн итгэл үнэмшил нь хамгийн чухал. Би энэ компанид 11 жил ажилласан хүн. Анх төсөл байхад анхны таван хүнийх нь нэг. Ямар хувь тавилангаар учирсан юм, ямар ч байсан энэ уул уурхайн салбарт хуульч хүн байж байгаад л орчихсон. Одоо бол бараг муухан инженерээс илүү ч явсан байж магадгүй. Ямар ч байсан өөрийнхөө компанид мэдэх юмаа бол мэдэж байна. Товчхондоо би “Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компанийн бүтээгдэхүүн байхгүй юу. Бид 2016 онд ажлаа аваад хамгийн түрүүнд нийгмийн сэтгэлзүйд судалгаа хийж үзсэн. Тэгэхэд манай компанийг судалгаанд оролцогсдын 85 хувь нь мэдэхгүй, 15-хан хувь нь мэдэж байсан. Мэдэхдээ бараг 90 хувь нь “Төрийн шахаа хийдэг”, “1072-ыг худлаа улс төрийн зорилготой гаргасан” ч гэдэг юмуу дандаа хар бараанаар мэддэг байсан. Харин одоо бол монголчуудын 90 хувь нь мэддэг болсон нь судалгаагаар гарч ирж байна. Намайг анх ажил авахад итгэлцэл байхгүй байсан. Ерөөсөө энэ компанид итгэхгүй байсан. Харин одоо бол бидэнд итгэдэг болсон. Ашгаа өгчихсөн нь үнэн, тийм болохоор энэ компанид итгэж байна. Энэ компанийг дэмжих ёстой гэсэн хандлага буй болчихжээ.
-Манай компаниудад тодорхой удирдах ажил хийж байгаа хүнд хангамж гэдэг зүйл байдаг юм байна. Таньд ямар, ямар хангамж байна вэ?
-Хариуцлага хүлээгээд, үр дүнтэй ажиллаад явах юм бол ямар ч төрлийн статус бүхий төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн үнэлүүлэх ёстой. Үүний дагуу би хариуцлагаа хүлээж байгаа хүний хувьд тодорхой унаа тэрэг унана, туслах байж таарна, жолоочтой байж таарна. Түүнээс илүү нэг их хангамж манай удирдлагуудад байхгүй. Хуучин бол Олон жлсынхантай уулзаж барихад тодорхой хоол ундны зардлаа гаргуулдаг байсан. Үүнийг нь 2020 онд бүр болиулсан. Ковид-19 ч гарчихлаа. Ер нь илүү дутуу хангамж, зардал аваад байх нь манай компанийн удирдлагуудад байхгүй. Манай шилэн данс руу ороод харж болно.
-“Эрдэнэс- Тавантолгой” компанийг хоёр дахь саалийн үнээ болж байгаа юм уу даа гэж үзэж байна. Монгол Улс эдийн засгийн хоёр том баганатай боллоо гэж бодож байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Саалийн үнээ гэдгийг сайн талаас нь хараад байна уу, аль эсвэл...
-Сайн талаас нь...
-Сайн талаас нь харвал, эдийн засгийг нуруун дээрээ үүрч явж байгаа тулгын чулуунуудын нэг бол мөнөөсөө мөн. Сүүлийн 2017-2020 он бол маш тодоор харууллаа. Анх удаа 2017 онд 460 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Дараагийн онд нь 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2019 онд нэг их наяд 430 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Харин 2020 онд төлөвлөгөө биелэгдэхэд жаахан тийм байна. Ер нь цаашид “Эрдэнэс-Тавантолгой”-гийн анхны үүрэг нь бол аж ахуй нэгж, иргэдийг байгалийн баялгаас үр өгөөжийг нь хүртээх зорилготой байгуулсан. Ерөөсөө концевц нь энэ. Үүнийгээ бид биелүүлж чадсан. 2017 онд бид Чалкод өртэй байсан. Тэрийгээ төлсөн. 2018 онд дотоод өртэй байсан. Хөгжлийн банкинд бид 200 сая ам.долларын хүү, торгууль төлсөн. Ингээд бид 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр гадаад, дотоодын өргүй компани болж чадсан. Үүнээс дүгнэхэд бид өгөөжөө өгөх нь тодорхой компани болсон. Өгөөжөө өгөх ч ёстой. Гэхдээ энэ 2020, 2021 онд хэцүү. Уг нь энэ төслүүдээ энэ чигээр нь явуулаад дуусгачихвал, нүүрсээ авто замаар бус төмөр замаар, түүхийгээр нь бус угаагаад, цахилгаан станцтай болоод Оюутолгойгоо хангаад илүү гарсан эрчим хүчийг нь Хятад руу экспортлоод тэр бүс нутгаа хангаад Улаанбаатар хотоо хангаад тэр чинээгээрээ эрчим хүчний үнэ буугаад ирвэл, энэ чинь өөрөө бизнесийн бодит үр дүн. Үүний араас ирэх 2021, 2022 онуудад манай гэрт, манай өрөөнд ногдол ашиг олж ирээсэй гэхээс илүү энэ төслүүдээ дуусгачихвал бид жилд нэг хүнд 80 мянган төгрөг бус 800, нэг сая төгрөг өгдөг хэмжээний ашгийг хүртэх боломжтой болно. Бид ийм бизнес сэтгэлгээгээр харах ёстой.
-Танай компани нийт хэчнээн ажлын байрыг шууд болон дам байдлаар бий болгосон байдаг юм бол...
-Хоёр төрлийн ажлууд явагдаж байна. Эхнийх нь бүтээн байгуулалт. Төмөр зам байна. Дараагийнх нь Тавантолгой түлш байна. Энэ компаниудад шууд ажлын байр гэвэл 4100 орчим ажлын байр бий болсон. “Зүүнбаян төмөр зам” ХХК, “Тавантолгой түлш” ХХК-аар дамжиж шууд бусаар 7000 гаруй ажлын байр бий болсон.
Хоёр дахь нь манай шууд туслан гүйцэтгэгч компани гэж байгаа. Олборлолтын болон ханган нийлүүлэгч, хамтран ажиллагч байгууллагуудад 3800 орчим хүн ажиллаж байна. Эдгээр байгууллагаас хамаарал бүхий 11 мянга орчим ажлын байр буй. Гурав дахь нь бол манай бүтээгдэхүүнтэй холбоотой тээврийн болон нүүрс авч угааж зардаг гээд зөвхөн тээврийн 11 мянга орчим жолооч байна. Дээрээс нь бусад маркетингийн чиглэлээр 1200 орчим худалдан авагч компаниуд байна. Ингээд бодохоор 30 гаруй мянган ажлын байрыг буй болгосон байна. Жишээ нь, Цогтцэций сум 8100 орчим хүн амтай. Тэнд түр оршин сууж ажиллаж байгаа 20 мянган хүн байна. Цаашилбал, манай бүтээн байгуулалтыг дагасан хүн амын тоо гээд тэнд 50 гаруй мянга орчим хүн амтай Эрдэнэсийн хот байгуулагдах зураглал харагдаж байна. Энийг Засгийн газраас баталж өгсөн. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад монголчууд анх удаа хот төлөвлөж байна. Хуучин бол Дархан, Эрдэнэтийг монголчууд төлөвлөсөн нь үнэн. Гэхдээ ЗСБНХУ-ыг дагасан социалист орнуудын боловсон хүчин хамтарч хийж байсан. Харин одоо бол Эрдэнэсийн хотыг монголчууд дангаараа хийж гүйцэтгэж байна. Дүгнээд хэлбэл, монголчууд 51 мянган хүн амтай хотыг дангаараа төлөвлөж байна. Дэд бүтэц, усан хангамж, цахилгаан гээд бүх зүйлийг хийж гүйцэтгэнэ шүү дээ.
-Уурхайд ажиллаж байгаа уурхайчид маань ямар хангамж авдаг юм бэ?
-Дахиад л дэлхийн стандарт ярина. Дотоодын уурхайнуудтай өрсөлдөх шаардлага бидэнд байхгүй. Хэрвээ Олон улсад гарч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх гэж л байгаа бол дэлхийн хэмжээнд сэтгэх шаардлага гарч байна. Тийм болохоор манай уурхайчдын цалин хангамжийн асуудал хүний өмнө нүүр улайлгахааргүй байх ёстой. Энэ зарчмыг би хувь хүний хувьд, гүйцэтгэх захирлын хувьд, энэ төслийг анх эхлүүлж байсан хүний хувьд ч гэсэн сэтгэлийн мухартаа бодож явдаг. Иймээс бид сүүлийн жилүүдэд ажилчдынхаа цалинг 45 хувиар нэмэгдүүлж чадсан. Шөнийн нэмэгдэл гэж байдаг. Тэрийг бид 50 хувь, хөдөлмөр аюулгүй байдал бол манай эхний зэвсэг. Үүний нэмэгдлийг бид 15 хувиар өсгөсөн. Үр дүнгийн нэмэгдлийг бид бас нэмэгдүүлсэн. Түүнчлэн хүүхэд гаргаад гэртээ байгаа эмэгтэй ажилчдаа бид ажлын байрыг нь хамгаалах, цалин урамшууллаар хангах нэлээн ажлуудыг хийсэн. Залуу гэр бүл гэлтгүй бүх ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Энэ мэтчилэн маш олон ажлуудыг төлөвлөөд явж байна.
-Уурхайчдын ажлын ростерийн тал дээр танай компани яаж ажиллаж байна вэ?
-Сая бол яалт ч үгүй ковидоос болоод 14. 14 байсан хэмнэл алдагдчихлаа.Тиймээс дөрөв, таван нэвтрэх постыг байгуулаад улаан бүс, шар бүс, ногоон бүс гэдгээ байгуулаад хатуу хяналтан до нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан. Гаднаас манай компанийн бус хүнийг нэвтрүүлэхгүй байгаа. Пост болгон дээр хяналтыг өндөр төвшинд хийж байна. Энэ ажилд Цагаан хад бас хамаарч байна. бидний хэрэгжүүлж байгаа энэ ажлыг Хятад талаас үнэлж байна. бидний энэ авч хэрэгжүүлж байгаа ажлыг Хятадын зарим үйлдвэрүүд нь авч хэрэгжүүлж байгаа юм билээ.
-Таныг нэг сая долларын уурхайчидтай СЕО гэдэг юм билээ. Үүнтэй та санал нэгддэг үү?
-Бодит үнэлэмж. 2019 онд нэг сая долларын ашигтай ажиллаа шүү дээ. Энийг хүн хийсэн. Энэ хүмүүсийн үнэлэмж. Бид бол 980 ажилтантай. Тэгэхээрээ нэг ажилтан маань нэг сая долларын үнэлгээ бүхий бүтээмжтэй гэсэн үг. Монгол хүний хөдөлмөрийг үнэлнэ гэдэг бол хязгааргүй зүйл. Гэхдээ хамгийн бага үнэлээд байгаа юм шиг санагддаг. Цалингаар нь л үнэлдэг. Уг нь бол бүтээмжээр нь үнэлээд явбал илүү ойлгомжтой болох байх. Тэгэхээр би бол сая долларын уурхайчидтай. Манай нэг ажилтан бол нэг сая долларын үнэлгээтэй. Үүнийг нэмэгдүүлэх ёстой. Тийм ч учраас манай ажилчид улам хичээх ёстой.
-Та хойч үедээ юуг өвлүүлж үлдээе гэж боддог вэ?
-Хийсэн бүтээсэн зүйл бодит амьдрал дээр биет болсон байх шиг сайхан зүйл гэж байхгүй. Түүнээс бус яриад нэмэргүй. Яг энэ бүтээн байгуулалт, хоёр төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, 51 мянган хүнтэй хот бол тал дээр сүндэрлээд босч байгаа бүтээн байгуулалт. Үүнийг хийхэд оролцож байсан, санаачилсан, санхүүжилтыг нь босгож байсан гэдэг бол “Тоо худлаа хэлэхгүй” гэдэг шигбарилга худлаа хэлэхгүй, бүтээн байгуулалт худлаа хэлэхгүй. Энэ бүхэн миний зорьж явдаг зүйл.
-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасан. Арай л залуудаа авчихсан уу?
-Чадлынхаа хэрээр зүтгээд, бодлынхоо хэрээр хийгээд хөдөлмөрлөөд зүтгээд л байна. Үүнийг бодит байдал л үнэлнэ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г өдий хэмжээнд хүргэснийг нь төр олж хараад баталж өгсөн юм болов уу л гэж харсан. Насны залуу гэдэг дээр би сайн мэдэхгүй байна. хүн хэрэндээ тохирсон ажлыг хэмжээндээ л хийдэг. Үр дүн ямар байхыг цаг хугацаа л харуулна. Энэ бол зөвхөн эхлэл. Ирээдүйд ихийг хийх болно. Ирэх 2024 он гэхэд ямар болсон байхыг цаг хугацаа харуулна. Богинохон хугацаа. Гэхдээ хийж чадахын төлөө зүтгэнэ. Манай төмөр замын бүтээн байгуулалтыг гадныхан ирээд “Бидний таван жил хийх юмыг гуравхан сард хийчихсэн байна шүү дээ” гээд биширч байсан. Манай залуучууд хийж чадаж байна.
-“Эрдэнэс-Тавантолгой” компанид ТУЗ байдаг. Гэтэл ТУЗ-д нь гүйцэтгэх захирал байдаг. Энэ зүйд нийцэх үү?
-Нийцнэ. Дэлхийд томоохон компаниудад байдаг. Гэхдээ энэ нь ямар компанид байдаг вэ гэвэл, дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан компанид байдаг. Ажлаа төлөвлөдөг. Төлөвлөгөөгөө батлуулдаг, хөрөнгөө босгодог, хөрөнгө босгох субьектээ давхар субьект нь төлөөлөх буюу тэрийг хөрөнгө босгох эрхийг нь давхар өгдөг. Дэлхийн олон компани байна. Гүйцэтгэх захирал нь ТУЗ-дөө байдаг. Тэр дотроо байж байж босгох хөрөнгөө
Хоёрт нь энэ компани бол уул уурхай аж үйлдвэрлэл, дэд бүтэц хосолсон дэлхийн жишиг үйлдвэр болно. Энэ том төсөлд санхүүгийн баталгаа хэрэгтэй. Энэ баталгаа нь хариуцлага үүрч яваа этгээд нь байдаг. Бид дэлхийд өрсөлдөх гэж байгаа. Сая 2018, 2019 онд Олон улсад IPO босгох гээд явсан. Бид бүх хөрөнгө оруулагч нар, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч нартай уулзсан. Хөрөнгийн биржүүд дээр компаниа танилцууллаа. Ингэж явж байхад манай компанийг өрсөлдөөнд ороход бэлэн болсон гэж үзсэн. Одоо бидний боловсруулсан байгаа бичиг баримт бэлэн болсон. Бид дор хаяж 1,4 тэрбум долларын үнэлгээтэй компанийг босгочихлоо. Бодит төслүүдийнх нь ажил нь явах тусам үнэлгээ өснө. Энэ бол том хариуцлага. Алдаж үл болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
НООГДОЛ АШГАА АВЬЯА
ТАВИГДМАЛ ДАРГЫГ СЕО ГЭДЭГГҮЙ ЮМ Ш ДЭЭ
СТРАТЕГИЙН ОРДУУД ДЭЭР ЯГ ЭНЭ ЗАЛУУ ШИГ МЕНЭЖЕРҮҮДИЙГ ТАВЬЧИХВАЛ Ч МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН БАР БОЛОХ БОЛОМЖТОЙ ДОО.