Халдварын нөхцөл байдал хүндэрвэл ЗАСГИЙН ГАЗРЫН НУУЦ төлөвлөгөө бий

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр Шуурхай штабын хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай дурджээ.


Тэрбээр “Өвчин гарлаа гэснээс өөр мэдээлэл хомс, бүрхэг мөчөөс эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс шат дараатай арга хэмжээг энэ мөчийг хүртэл авч хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал тайвшрах хэмжээнд хүрээгүй учир цаашид ч ингэж ажиллах байх. Менежментийн гурван түвшин бий. Дээд, дунд, доод гэсэн. Дээд түвшний буюу стратегийн удирдлага нь шийдвэр гаргах үүрэгтэй. Тухайлбал, Засгийн газар, Улсын онцгой комисс, Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол 39 удаа гарч, Улсын онцгой комисс 39 удаа хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэж, шийдвэр гарган, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, бусад асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан, УИХ тогтоомж баталлаа. Коронавирусний нөхцөл байдлыг УИХ-аар хэлэлцэж байна. Шийдвэр гарснаар ажиллагаа доголдохгүй байх боломж бүрдэнэ. Стратегийн түвшиндээ коронавирустэй тэмцэх шийдвэрийг харин ч шуурхай гаргаж, хангалттай ажиллаж байгаа” гэжээ.

Түүнчлэн тэрбээр цаашид халдварын нөхцөл байдал хүндэрвэл Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд халдварт өвчний үед хэрэгжүүлэх арга хэмжээ тусгасан байгааг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын нууц тогтоолоор баталсан төрийн цэргийн байгууллагын харилцан ажиллагааг зохион байгуулах журам, төлөвлөгөөний дагуу ажиллана гэдгийг хэлсэн байна.

Харин тусгаарлах байрны дэглэм алдагдаж, халдвар тархсан тухайд “Тусгаарлах байрны дотоод сахилга, халдвар хамгааллын дэглэмийн явцыг тагнуулын байгууллагынхан хянаж байна. Шуурхай штабт зөвхөн тусгаарлан ажиглах байрыг хариуцсан албан хаагчдыг томилох ажлыг хариуцаж байгаа. Цаашид тусгаарлах байранд илэрсэн зөрчил бүрийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ” гэдгийг онцолжээ.

Top