Дэлхий нийт өнөөдөр зул сарын баяраа хөгжил хөөртэй тэмдэглэх байв. Гэвч цар тахал нөмөрснөөс улбаалан анх удаа дэлхий даяараа хөл хорионд уг баярыг өнгөрүүлж байна. Вакцин гарч эхнээсээ хэрэглээнд орж буй нь шинэ жилийн өмнө гэрэл гэгээ татуулсан эерэг мэдээлэл болоод байгаа юм. Зул сарын баярын босгон дээр зарим улс оронд нөхцөл байдал ямар байгааг авч үзье.
ИХ БРИТАНИД ӨМНӨД АФРИКААС ҮҮСЭЛТЭЙ
КОРОНАВИРУСНИЙ ДАХИН НЭГ ШИНЭ ОМОГ ИЛЭРЛЭЭ
Коронавирусний хурдан тархацтай шинэ омог илэрсэн талаар зарлаад удаагүй байгаа Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улс \ӨАБНУ\-аас зөөвөрлөгдсөн коронавирусний өөр нэг шинэ хувилбар бүртгэгдсэн талаар ВВС агентлаг мэдээллээ.
Үүнээс шалтгаалж Их Британийн Лондон хотоос эхлээд хэд хэдэн гүнлэгт арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн хөл хориог чангатгаж хязгаарлалтын дөрөвдүгээр зэрэгт шилжүүлэхээр болжээ. Энэ талаар Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Зул сарын баяр эхэлж, шинэ жил дөхөж байхад ийм үйл явдал тохиосны улмаас иргэд гэр гэртээ он солигдох мөчийг угтах шаардлага үүсэв. Түүнээс гадна ирэх бямба гарагт зул сарын баярыг удаалдаг Boxing Day буюу Бэлэг солилцох өдрийг тэмдэглэхээр зэхэцгээж байсан юм.
"Бүх хүний хувьд 2020 он хүнд жил байсан ч бууж өгч болохгүй. Саяхан ӨАБНУ-д бүртгэгдээд байсан коронавирусний бас нэг шинэ хувилбар Их Британийн нутаг дэвсгэрт илэрхлээ. Энэ вирус нь улам их халдварлах чадвартайгаас үзвэл бүр илүү хувьсан өөрчлөгдсөн байх магадлалтай” гэж Мэтт Хэнкок ярьсан байна. Их Британид ӨАБНУ-аас ирсэн хүмүүсээс ийм вирусаар халдварласан хоёр тохиолдол бүртгэгдсэн тул иргэдийг тус улс руу зорчихгүй байхыг анхааруулж, Өмнөд Африкаас ирсэн хүмүүсийг тусгаарлаад байгаа юм.
ФРАНЦЫН ХИЛ НЭЭЛТТЭЙ Ч ХЭН ХҮССЭН НЬ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
Франц, Их Британийн залгаа хил дээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хил дээр жолооч нар гацсантай ижил байдал үүсээд байна. Ер нь улс орон бүрийн хил дээр тийм нөхцөл байдал үүсээд байгаа ажээ. Зул сарын босгон дээр Их Британиас гарч гэртээ харихыг хүссэн жолооч нар хэдий хил нээлттэй ч гарч чадахгүйд хүрчээ. Францын тал коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд хилээр нэвтрэхийг зөвшөөрснийг сонсоод Их Британийн Кент гүнлэг дэх Манстон нисэх онгоцны буудлын түр зогсоолд бөөгнөрөөд байсан жолооч нар энэ сарын 23-наас хилийн зүг хөдөлсөн аж.
Хилийн бүсийн Дуврын боомтод хурдавчилсан оношлуурын төвүүдээр жолооч нараас шинжилгээ авч байгаа ч хэтэрхий олон хүн цугларсны улмаас цагдаа нар шинжлүүлэгчдийн дунд бужигнаан үүсэж, нэг жолооч саатуулагдахад хүрчээ. Ихэнх жолооч зүүн Европыг зоригсод ажээ. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарвал тухайн хүнийг тав хоногоор тусгаарлах юм.
“Бид байнга машиныхаа бүхээгт сууж, маш их ядарч байна. Мөнгө ч, хоол ч байхгүй болсон” гэж жолооч нарын нэг нь ВВС-гийн сурвалжлагчид ярьжээ. Өөр нэг жолооч “Гурав хоногийн өмнөөс л биднээс тун удахгүй шинжилгээ авна гэж цагдаагийн ажилтан хэлсэн. Гэхдээ яг хэзээ гэдгийг тэд мэдэхгүй байна. Үүнд бид сэтгэл дундуур байгаа” гэжээ.
Нутгийн сайн санаат иргэд болон хүмүүнлэгийн сайн дурын ажилтнууд оройн цагаар Кентэд саатсан алсын замын тээвэрчдэд халуун хоол дөхүүлж өгчээ.
ФРАНЦ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДАД
ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ИРГЭНШИЛ ОЛГОНО
Коронавирусний цар тахалтай тэмцэхэд нь тусламж дэмжлэг үзүүлсэн гаднын хэдэн зуун эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн хүмүүст Франц улс хялбаршуулсан журмаар иргэншил олгох эрх нээж байна. “Гадаад орны харьяат эмнэлгийн ажилтан, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, кассын ажилтнууд, бусад мэргэжлийн хүмүүс Францын ард түмэнд хүнд хэцүү цагт туслалцаа дэмжлэг үзүүлсэн тул манай улс тэдэнд хариу тус хүргэх хэрэгтэй” хэмээн Францын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсаныг ВВС агентлаг онцлов. Өнөөдрийн байдлаар уг журмын дагуу гадаадын цагаач 700 гаруй хүний зарим нь иргэншил авч, зарим нь тун удахгүй ийм эрхтэй болох ажээ. Нийтдээ гурван мянга орчим хүн иргэншил авах хүсэлт гаргаад байгаа гэнэ.
Франц улс нь коронавирусний цар тахлын улмаас ихээхэн хохирол амссан улсуудын нэг бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдвар авсан хүний тоо 2.5 саяыг давжээ.
ОХУ-Д ГАНЦ ХОНОГИЙН ДОТОР 30 МЯНГА ГАРУЙ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
“Телеграм” цахим хуудасны мэдээлснээр ОХУ-д өнгөрсөн нэг хоногийн дотор нийт 29935 хүн цар тахлын халдвар авчээ. Хамгийн олон хүн шинээр халдварласан тохиолдлыг Москва хот тэргүүлж байна. Үүний зэрэгцээ сайн мэдээ гэвэл 24 цагийн дотор 26890 хүн эдгэрч эмнэлгээс гарсан нь шинээр өвчилсөн хүний тоотой тун дөхүү байгаа аж. Халдвар анх бүртгэгдсэнээс хойш хоёр сая 963 мянга 688 хүн өвчлөөд байгаа юм.
Манай хил залгаа бүс нутгуудыг авч үзвэл сүүлийн нэг хоногт Эрхүү мужид 272, Өвөр Байгалийн хязгаарт 250, Алтайн хязгаарт 216, Алтайн Бүгд Найрамдах улсад 91, Тувад 67 тохиолдол илэрчээ. Энэ нь ОХУ-д бүртгэгдсэн нийт халдварын хэмжээтэй харьцуулахад нэлээд бага үзүүлэлт ажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Tanai sait ch arai dendvv hvn ardiig setegtsiin uvchilultei isterist ortol ni barag ervvl hvn udur bvr ynshasar koronoo tysahaar eldev medeelel bicheh uym.Odoo bolioj.Ene uvchin goldyy bas setegstiin yadargaanii nuluuguur uvduj bigaa.Tiim ychiraas haa hamaagvi end tendehiin uym bichehee bolio.Haldvarlsan hvn amiin 80 aas deesh hyvi edgej baival bvh oron ediin zasagaa bodood horio tseeree bagsagaj baigaa.Ard tvmenee gert ni hashijahaad deerees ni medeeleer bumbugduj setegtsiin uvchilul tysahaa bolio.Medeeliig tsuvhun sonirhson hvn ervvl mendiin saitasal ynshadag hyylitai bvh oronyyd ingej bna.
Zul sar ch yamai.Eruul l baitsgaay daa.