Цахилгаанд холбогдоогүй 10 мянган өрхийн асуудлыг шийдэх үүрэг өгөв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2020.12.28) боллоо.

Зөвлөгөөнөөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, дулаан, цахилгаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулан нийслэлд цахилгаан, дулааны тасалдал үүсгэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Тэрбээр мөн коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэм, эмч ажилтнуудын хамгаалалтын хувцас хэрэглэлд онцгой анхаарах үүргийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт өглөө. 

Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянга гаруй өрх бий аж. Тог цахилгаангүй нийслэл хот гэж XXI зуунд байх ёсгүйг Нийслэлийн Засаг дарга тодотгоод, эдгээр өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбоход шаардлагатай төсөв санхүү, төлөвлөлт төлөвлөгөөг яаралтай боловсруулан, ойрын хугацаанд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад албаныханд өгсөн юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top