Японы эрх баригчид Токиогийн Олимпыг дахин хойшлуулах хүсэлгүй байна

2021 оны 01 сарын 05

Токиогийн олимп түүхэндээ хамгийн өндөр зардалтай наадам болно

Айлчлан ирээд удаагүй байгаа 2021 онд дэлхий нийтийн хүлээж буй нэг томоохон үйл явдал бол Токиогийн зуны олимпын ХХХII наадам юм. Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлуулсан уг наадам хэрхэх талаар ВВС, СNN болон бусад томоохон мэдээллийн агентлагууд шинэ оны анхны тойм нийтлэлүүддээ дурджээ.

ВВС агентлагийн мэдээлснээр Японы эрх баригчид ирэх зун хийхээр товлоод буй зуны олимпын наадам болон паралимпыг дахин хойшлуулах бодолгүй байна. Олимпын тоглолтыг энэ 2021 оны долоодугаар сарын 23-нд Токио хотноо эхлүүлж наймдугаар сарын 9-нд өндөрлүүлэх бол паралимпыг наймдугаар сарын 24-нөөс явуулахаар товлоод байгаа билээ.

Одоогоор коронавирусний нөхцөл байдал Японд хүнд байгаа бөгөөд өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс халдварын тохиолдол нэмэгдэж, Токио хотод 24 цагийн дотор шинээр өвчлөгсдийн тоо анх удаа нэг мянгыг давжээ. Коронавирусний халдвар тархсанаас хойших өнгөрсөн нэг жилийн хугацаанд Японд Covid-19-өөр 239 мянган хүн өвчилж, нас барагсад 3,4 орчим мянга болжээ.

Байдал хэдий ийм байгаа ч Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга цар тахал олимпын наадмыг дахин тасалдуулахгүй хэмээн мэдэгдээд байна. Тэрээр “Засгийн газрын зүгээс тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, Олимпын наадмыг дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгоно” хэмээлээ.

Токиогийн наадам нь одоогоор олимпын бүх түүхэн дэх хамгийн өндөр зардалтай гэдгээрээ тэмдэглэгдэн үлдэхээр болж байна. Спортын тэмцээн наадмын үеэр коронавирусний халдвар дэгдээхгүй байж тамирчид, үзэгчдийн аюулгүй байдлыг чандлан хамгаалахын тулд олимп зохион байгуулах зардал анх төлөвлөж байснаас 2,6 тэрбум ам.доллараар давахаар болов.

Эрх баригчдын зүгээс ийнхүү шийдвэрлэж байгаа хэдий ч Японы NHK мэдээллийн компанийн зүгээс олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар ард иргэдийн дийлэнх нь цар тахлын халдвар өдрөөс өдөрт өсөж байгаа учир олимпын наадмыг дахин хойшлуулах, эсвэл цуцлах нь зөв гэсэн хариулт өгчээ. 

Анхлан коронавирус гэгчийг хүн төрөлхтөн зүүдлээ ч үгүй байсан 2013 оны есдүгээр сарын 7-нд  Аргентины Буэнос-Айрес хотноо болсон Олон улсын Олимпын холбооны 125 дугаар чуулганаар зуны олимпын ХХХII наадмыг зохион байгуулах эрхийг Токио хот авсан билээ. Энэ эрхийг Истанбул, Мадрид хотуудтай өрсөлдөж байж олж авсан бөгөөд Баку, Доха хотууд нэрээ дэвшүүлсэн ч сонгогдоогүй, Ром хотын материал хүчингүй болсон зэргээс үзвэл ширүүхэн өрсөлдөөн дундаас шилэгдсэн нь тодорхой юм.

 

Токио олимпыг хоёр дахь удаагаа  алдах уу

Токио хот анх удаа олимпын буухиа хүлээн авсан нь энэ биш. Тус хотод 1964 онд зуны олимпын XVIII наадмыг зохион байгуулж байсан туршлага бий агаад хэрэв 2021 оны олимпыг хийж чадвал олимпыг хоёр дахь удаагаа явуулсан Азийн анхны хот болно. 1964 оны олимпод 93 орны 5151 тамирчин оролцож Японы Эзэн хаан Шоова үг хэлэн нээж байжээ.

Токиогийн 1964 оны зуны олимпын XVIII наадамд Монголын эрэгтэй, эмэгтэй 21 тамирчин анх удаа алтан соёмбот төрийн далбаагаа өргөн оролцож таван төрлөөр өрсөлдсөн юм. Тэд медаль хүртэж чадаагүй ч олимпын наадамтай биечлэн танилцаж, 1968 оны Мехикогийн олимпоос медалийн гараагаа эхэлсэн түүхтэй. Токиогийн 1964 оны олимп нь Ази тивд болсон анхны олимпын наадам гэдгээрээ бас онцлог.

Түүнээс өмнө Токио хот олимпын эрх аваад алдаж байсан нэг тохиолдол бий. Японы нийслэл хот 1940 онд буюу Халхын голын дайны дараа жилийн зун олимп зохион байгуулах эрх авсан юм. Гэвч Японы тал Хятад улсад халдан довтолсон шалтгаанаар эрхээ хураалган Хельсинк хотод шилжүүлэв. Ингэж Токио олимпын эрхээ өмнө нь нэг удаа алдсан удаатай. Харамсалтай нь Хельсинкэд болох байсан олимп дэлхийн хоёрдугаар дайны улмаас тасалдсан билээ.  Ганц энэ ч бус, олимпын наадам 1916, 1940, 1944 онуудад дэлхийн нэг, хоёрдугаар дайнаас болж цуцлагдаж байв. Сүүлд 1980 оны Москвагийн, 1984 оны Лос Анжелесийн олимпын наадмуудад хүйтэн дайны улмаас капиталист, социалист  орнуудын тамирчид харилцан оролцохоос татгалзаж байсан түүх бий.

Хэрэв 2020 онд хойшлогдсон олимп 2021 онд дахин хойшлох буюу цуцлагдвал Токио хот олимпын эрхээ хоёр дахь удаагаа алдсан харамсалтай тохиолдол болох учир ирэх зун хүртэл Японы эрх баригчид боломжтой бүх арга хэмжээ авахаар зорьж байна.

 

“Токиогийн олимп коронавирусийг даван туулсан жишиг наадам болно”

Энэ үгийг Токио хотын захирагч Койкэ Юрико 2020 онд олимпын наадмыг хойшлуулсны дараа хэлж байсан юм. Тэрээр “Токиогийн олимп, паралимпыг шинэ коронавирусний цар тахлыг даван туулсны дараа үеийн олимпын жишиг наадам болгохоор эрмэлзэж байна.

2024 оны зуны олимп Парист, 2028 оны зуны олимп Лос-Анжелест болно. Бид “COVID-19”-ийн дараах үеийн наадмуудад жишиг бий болгож, түүнийгээ дараагийн хоёр хотод шилжүүлэхийг хүсэж байна”” гэсэн билээ. Ийнхүү Токиогийн зуны олимп болох, эсэхийг дэлхий нийтээрээ хүлээхэд долоон сарын хугацаа үлдээд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top