Шүүх дээр УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын гэм буруу баримтуудаар нотлогдсон ч шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт/ зааснаар “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан“ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.01.05/ хянан хэлэлцсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Мөн шүүгдэгч Л.Пүрэвбаатар нь 13.930.443 төгрөгийг хохирогч тал УБТЗ-ХХН-т нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2.688.000 төгрөгийг Монголын мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтад олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Улаанбаатар төмөр зам яасан газар вэ? Сүүлийн 2 дарга нь шорон руу ачигдах дээрээ тулчихаад байдаг. Монголын төр ч бүрэн ялзарчээ.