Олон улсын “Eurasia Group” зөвлөх компанийн шинжээчид 2021 онд дэлхий нийтэд тулгарч болох 10 гол эрсдлийг жагсааж, түүний хамгийн эхнийхээр Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалан Америкт гарах хагарлыг нэрлэсэн билээ. Уг судалгаа хэвлэлүүдэд нийтлэгдээд ганц хоёрхон хонож байхад таамаг бодит хэрэг явдал боллоо. Улаанбаатарт 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас үүсэж байсан нөхцөл байдалтай төстэй зүйл Вашингтонд өрнөжээ. Уг үйл явдлыг Америкийн түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн нэг хэмээн тоймчид дүгнэж байгаа юм. Сүүлийн мэдээгээр АНУ-ын Конгресс үймээн бужигнаантай өнгөрсөн шөнө Жо Байденыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг баталгаажуулжээ. Тэрээр 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө. Болж буй үйл явдлыг ВВС, CNN, Reuters, TASS зэрэг олон эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан тоймлон хүргэж байна.
ЖО БАЙДЕНЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР БАТЛАМЖЛАХ ҮЕЭР
ТРАМПЫГ ДЭМЖИГЧИД КОНГРЕССЫН БАЙРАНД ХАЛДАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр шинээр бүрдсэн Конгрессын анхны чуулганаар Жо Байдены Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах үеэр Вашингтонд жагсаал зохион байгуулна хэмээн бухимдлаа илэрхийлж байсан билээ. Түүний хэлснээр жагсаал болсноор үл барам нөхцөл байдал хяналтаас гарав.
АНУ-ын Конгрессын дээд доод хоёр танхим болох Сенат болон Төлөөлөгчдийн танхим энэ нэгдүгээр сарын 6-нд хамтарсан хуралдаан зохион байгуулж 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батламжлахаар тогтсон юм. Харин Сенатын танхимд Бүгд Найрамдах намаас сонгогдсон Тед Круз тэргүүтэй 11 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулахыг эсэргүүцнэ хэмээн 2021 он гармагц мэдэгдсэн билээ. Доод танхимд суудалтай Бүгд найрамдах намын 140 төлөөлөгч ч дэмжих байр суурьтай байв.
Үүнээс шалтгаалан Конгрессын хамтарсан хуралдааныг зогсоож хоёр танхим уг асуудлыг тус тусдаа хэлэлцэж, санал хураахаар болсон юм. Хоёр танхим Бүгд найрамдахчуудын эсэргүүцлийг тус бүрдээ хэлэлцэж байх үеэр Дональд Трампыг дэмжсэн жагсагчид Конгрессын байр руу дайран оржээ.
Жагсагчид Конгресс хуралдаж байсан Капитолын ордны хаалгыг эвдэж, эд хогшлыг сүйтгэж, буун дуу ч гаргасан учир цагдаа нар Конгрессын байрыг бүслэн хамгаалалтад авчээ. Хууль хамгаалах байгууллагынхан нулимс асгаруулагч хий зэргийг хэрэглэхээс аргагүйд хүрсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэд хууль тогтоогчдыг аюулгүй газарт гаргаж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийг өөр тийш шилжүүлжээ. Тэрээр Конгрессын нэгдсэн хуралдааныг даргалах ёстой байв. Нүүлгэн шилжүүлэх үеэр хууль тогтоогчдын зарим нь газ эсэргүүцэх өмсгөлтэй байсан аж. Хамгийн гол зүйл болох Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсуудыг жагсагчид устгахаас сэргийлж чадсан байна.
Хэсэг хугацааны дараа жагсагчдыг Капитолоос гаргасан ч үймээний үеэр эхний хохирогч болох эмэгтэй цээжиндээ шархдан удалгүй амьсгал хураажээ. Түүний дараа нэмж дахин хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн Капитолын ордны гадаа суманд өртөж амь үрэгджээ. Тэд бүгд эмнэлгийн тусламж цаг тухайдаа авч чадаагүй ажээ. Ордны хаалгыг нээхээр бужигнаж байх үед буун дуу гарсан талаар Америкийн телевизийн сувгууд мэдээлж байна. Таван шархтан, тэдний дотор цагдаагийн хоёр офицерийг эмнэлэгт хүргэжээ. Эмх замбараагүй байдал үүсгэсэн дэмжигчдээ Д.Трамп гэртээ харихыг уриалсан боловч үндсэн зорилгоосоо няцсангүй, Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан хэмээн дахин мэдэгджээ.
Пентагоноос АНУ-ын Үндэсний гвардын 1800 орчим дайчдыг дэг журам тогтооход оролцуулахаар Вашингтонд илгээх гэж буй талаар Цагаан ордноос гаргасан мэдээллийг эх сурвалжаа болгон СNВС мэдээллийн суваг дамжуулсан байна. Виржиния муж улсын захирагчийн мэдээлснээр нийслэлийн тойрог Колумб руу Үндэсний гвардиас 200 дайчныг илгээхээр болжээ.
Хууль тогтоох байгууллагын ажилтнууд Капитолын ордноос гар хийцийн дэлбэрэх төхөөрөмжүүд олж устгажээ. Мөн тийм төхөөрөмжүүд Бүгд найрамдах намын Үндэсний хорооны байрнаас олдсон аж.
Трампыг дэмжигчдийн жагсаал Аризона, Вашингтон, Висконсин, Хавай, Жоржиа, Калифорни, Канзас, Колорадо, Невада, Нью-Мексико, Охайо, Оклахома, Орегон, Өмнөд Каролина, Юта зэрэг арав гаруй муж улсад болсон тухай хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Конгресс Жо Байдены ялалтыг баталгаажууллаа
Вашингтонд орон нутгийн цагаар Лхагва гарагийн орой 18.00 цагт \Улаанбаатарын цагаар пүрэв гарагийн өглөө 7.00 цагт\ Капитолын ордны байдал эмх цэгцдээ оржээ. Энэ үеэр цагдаа нар 20 гаруй хүнийг саатуулж, 13 хүнийг баривчилжээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим нэгдүгээр сарын 6-ны орой \Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 7-ны үүрээр\ Дональд Трампыг дэмжигчдийн дэгдээсэн үймээний уршгаар тасалдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлж, хурлыг нээж Конгрессын доод танхимын дарга хатагтай Нэнси Пелоси үг хэлсэн байна. Ингэснээр Төлөөлөгчдийн танхим Жо Байдены Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Сенат ч удалгүй хуралдсан аж.
Хамгийн сүүлд авсан мэдээгээр Конгрессоор өнгөрсөн шөнө Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон асуудлыг хэлэлцэн батламжиллаа. Тэрээр нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөнө.
АНУ-ын хэвлэлүүдэд уг үйл явдлыг Капитолын ордонд 200 гаруй жилийн түүхэнд анх удаа халдсан хэрэг хэмээн нэрлэлээ. Капитолын хамгаалалтын албаны дарга асан Терри Хейнер түүний 40 жил хамгаалалтын албанд ажиллах хугацаанд гарч байгаагүй явдал хэмээн хэлжээ. Конгресст болсон өнөөгийн үйл явдлыг зарим судлаачид 1814 оны наймдугаар сард Капитоли болон Цагаан ордныг английн цэргүүд шатааж байсан үйл явдалтай жишиж үзсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп твиттертээ жагсагчдыг тайван байхыг уриалсан ч бичсэн зүйлүүд нь удаа дараа дүрэм журам зөрчсөн шинжтэй байгаа учир фейсбүүк, твиттер компаниуд түүний нүүр хуудас, хаягийг 12-24 цагийн хугацаанд хаагаад байгаа бөгөөд дахин ийм байдал гаргавал бүрмөсөн хориглож ч мэдэхээр болсон ажээ.
ЖО БАЙДЕН АРД ИРГЭДДЭЭ ХАНДАВ
АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден өрнөж буй үйл явдалтай холбогдуулан ард иргэддээ хандаж үг хэллээ. Тэрээр Капитолд болсон явдлыг эсэргүүцэл бус үймээн самуун хэмээн нэрлээд жагсаалд оролцогчид сонгогдсон Ерөнхийлөгчийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээжээ. Тэрээр Вашингтонд болсон үйл явдал АНУ-ыг хүн төрөлхтөний өмнө шившиг болголоо гэв. Тэрээр мөн “Дэлхий ертөнц бидний зүг харж байна. Би бусад олон америкчуудын нэгэн адилаар урт удаан хугацаанд ардчиллын замыг гэрэлтүүлэгч байсан бидний үндэстэн ийм бүрхэг цаг үед тулж ирсэнд балмагдан гашуудаж байна” гээд Дональд Трампыг нэн даруй телевизээр үг хэлж, Конгрессын хуралдааныг саатуулахаа зогсоохыг уриалжээ.
Дональд Трамп твиттерт богино жиргээ бичиж амжсан бөгөөд тэрээр жагсагчдын тэмцлийг ойлгож байгаагаа илэрхийлж, дэг журам баримтлах үүднээс гэр гэртээ харихыг уриалаад, энэ бүхэн сонгуулийн үр дүн булхайтай болсноос улбаатай хэмээжээ.
Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейли Макинэни “Байдлыг тогтворжуулахын төлөө Ерөнхийлөгч Дональд Трамп бүх талын арга хэмжээг авч, түүний дотор Үндэсний гвардын дайчдыг Вашингтон руу хөдөлгөөд байна. Ерөнхийлөгч Дональд Трамп хүч хэрэглэхээс татгалзаж, тогтвортой энх амгалан байдлыг эрхэмлэж байгаа” хэмээн твиттерт жиргэжээ.
ДОНАЛЬД ТРАМПАД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ДАХИН ХӨНДӨЖ БОЛЗОШГҮЙ
Энэ сацуу Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг дахин хөндөж болзошгүй гэсэн яриа гарч эхлэв. Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгч, Ардчилсан намын гишүүн хатагтай Ильхан Омар Вашингтонд болсон үймээн самуунтай холбогдуулан Дональд Трампад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх асуудлын төслийг бэлтгэснээ дуулгалаа. Жилийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх тухай асуудал мөн хөндөгдөж байсан удаатай.
Харин сонины дугаар хэвлэлтэд шилжих үеийн байдлаар АНУ-ын Сити банк, Аж үйлдвэрийн банк тэргүүтэй бизнесийн томоохон байгууллагын төлөөлөгчид Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах ёстой гэжээ.
ВАШИНГТОНД ОНЦ БАЙДАЛ ТОГТООЖ, ХӨЛ ХОРИОНЫ ЦАГ ТОГТООВ
Вашингтон хотын захирагч Мюриэл Баузер өмнө нь Колумбын тойргийн нутаг дэвсгэрт үймээн самууны улмаас нэгдүгээр сарын 6-ны оройн 18.00 цагаас 7-ны өглөөний 06.00 цаг хүртэл хөл хорионы цаг тогтоохоор зарласан юм.Тэгвэл тус бүсэд тогтоосон онц байдлыг сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден тангаргаа өргөх хүртэл буюу 15 хоног сунгахаар тогтлоо. Нийслэл хотын захирагчийн захирамж нэгдүгээр сарын 21-ний 15.00 цаг хүртэл буюу Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа өдөр хүртэл үйлчлэх юм.
“Нийслэлд болсон үйл явдал олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж байна. Үүнтэй холбогдуулан онц байдлын дэглэмийг хотын даргын дараагийн захирамж гарах хүртэл 15 хоногоор сунгалаа. Үймээн самууны үеэр олон хүн тоосго, галт зэвсэг, шил, химийн бодис зэргийг гартаа барьж ирж хүчирхийлэл, эвдрэл сүйтгэл үйлдэхэд оролцсон ” гэж Вашингтон хотын захирагч хатагтай Мюриэл Баузер дурджээ. Гагцхүү тусгай зөвшөөрөл авсан хүмүүс, онцгой байдал, түргэн тусламж, үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд, итгэмжлэгдсэн сэтгүүлчид л хөл хорионы үеэр гадагш гарах боломжтой ажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )