"Өглөөний сонин" өнөөдрийн дугаараас эхлэн, УИХ-ын гишүүдийн хөрөг, бичлэгийг цувралаар хүргэж байна. Цагаан толгойн үсгийн дарааллаар уншигч танаа хүрэх энэхүү хөрөг, хэн нэгэнд тал тохой татахгүй, хувь гишүүний дотоод мөн чанарыг ил гаргах зорилго агуулна. Алдаа оноо байж болох ч үүгээрээ хувь хүний нэр хүндэд халдсан хэрэг болохгүй. Гагцхүү утга зохиол, сэтгүүл зүйн бичлэг, төрөл зүйлд хамаарах далд ёгтлол, хөнгөн егөөдөл гэх мэт хүрээнээс халихгүй болно.
Парламентын танхимд ганцаардлаа нууж, зангараг харуулахыг хичээх Норовын Алтанхуягийг харахаар
“Ялахын жаргал, ялагдахын зовлонг
Тэнэмэл Чоно би ясандаа тултал мэдэрнэ” хэмээх нэрт найрагч О.Дашбалбарын шүлгийн мөр өөрийн эрхгүй санаанд орно. Арга ч үгүй, тэр шархдаж ганцаардсан ч зангаа хэзээ ч тавихгүй өвгөн чоно. Бадар барьсан энэ улс төрийн талбарт хэнтэй ч нөхөрлөж чадах, хэнээс ч салж чадах ийм л нэгэн бодьгал. Өдгөө тэрээр “Чоно өтлөвч хургандаа, цорж өтлөвч балиндаа” гэдэг шиг шинэ залуу гишүүдээс эхлээд шийдсэн өвгөдийг хүртэл хэмлэж суугаа нь харагддаг. Түүнд энэ зэргийн эрх, зангараг үлдсэн гэхэд хэцүү ч нэгэнт өөрөө бүтээсэн орон зайг үгүйсгэх аргагүй. Харин шүд үлдсэн эсэхийг айсуй цагийн улс төрийн өнгөнөөс харж болох байх. Зарим тал дээр хэтэрхий өөрийгөө дөвийлгөх, цойлох гэсэн насан зүгийн хийрхэл нь түүнийг гутаах нь бий. Гагцхүү өөрийгөө гутааж байгаа эсэхээ өөрөө ч мэдэхгүй сууж байгаа нь гайхамшигтай. Тэр ганцаардлаа өөрөө бий болгосон.
Уг нь тэр Ерөнхий сайдаар ажиллахдаа эзэн хааны нэрээр бонд босгочихсон, улс төрийн ууган хүчнийг Засгийн газрын “хашаа”-наас хөөгөөд гаргачихсан, Монгол Улсын нэр зүстэй аавын хүүхдүүдийг үүдэндээ дугаарлуулж явсан эр хүн. Гэтэл сонгуульд ялагдаж, бие даан нэр дэвших хүртэл чамгүй сэтгэлийн тэнхээ шаардсан биз ээ. Арай ч бүлэг ч үгүй, нам ч үгүй, өөрийгөө хүчээр харагдуулах гэж хичээн жүжиг тавих хүн байгаагүй юм. Ийм болгосон нөхцөл нь өөрийнх нь улс төрийн нүүдэл, намын дотоод увайгүй үйлдлээс хамааралтай. Нэг талаар АН-ын нэрээр насаараа өндөрт заларсан байж хэцүү цагт сүүлээ хавчин зугтаасан нөхөр гэвэл яах аргагүй Н.Алтанхуяг. Яг ийм цаг үед Н.Алтанхуяг АН дотор сэлэм эргүүлж байх ёстой ч зөвхөн хувь улстөрчийн карьераа хөөж байгаа нь хэнд ч таалагдахгүй нь лавтай. Арчаагүй л дүр. Магадгүй өвгөн улстөрч сүүлчийн сумаа тавьж байгаа нь энэ байх. Жүжиг гэснээс түүнд байгалиас өгөгдсөн улс төрийн жүжиглэлт бий. Энэ тал дээр бол Ардын жүжигчин цолтон. Нийт түмний ихээхэн хэсэгт таалагдах ч учир мэдэх хүмүүст огт таалагдахгүй жүжиглэлт бол түүнээс хаашаа ч зайлахгүй, өөртэй нь хамт дуусах амин сүнс нь болсон.
Ц.Элбэгдоржоос эхлээд түүнийг зүгээр байлгаагүй гэдгийг өөрөө ч хэлдэг, өрөөл нь ч хардаг. Цагтаа өдгөөгийн Ерөнхийлөгч хүртэл “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдахаар түүний үүдэнд дугаарлаж зогссон л байж таарна. Ерөнхийлөгчийн эзэмшдэг “Мах Импекс” компани нь жилийн 3.8 хувийн хүүтэй 16.5 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлийг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авсан баримт бий. Тухайн цагт бултаараа л түүнд тал тохой татаж байв даа. Ийн мандаж явсан нөхрийг Ерөнхий сайдаас нь татан унагааж, ижил олон нөхөд, амраг саданг нь цагдан шалгаж гээд түүнийг өөд нь өндийлгөөгүй өнөөдөрт авчирсан нь бол үнэн. Гэхдээ тэр ирээдүйн улс төрийнхөө карьерын төлөө дайсан мэт нөхөр Ц.Элбэгдоржтой ч гар барихад бэлэн байгаа болов уу. Магадгүй тэр хамгийн зальжин улстөрч. Заль гэдэг бол ухааны л нэг хэлтэрхий шүү дээ.
Цагаан морин жил, 1989 онд их сургуулийн багшийн ширээнээс улс төрийн замналаа эхлүүлсэн тэрээр УИХ-ын гишүүн, УИХ дахь Байнгын хороон дарга, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд, Намын дарга гээд дамжиж өссөн зангараг нь түүнийг улс төрийн талбарт баганаас дор борви нуглуулах учиргүй ч тэр ганцаардсан. Н.Алтанхуяг нэгэн жарны босго давж яваа ч ахиад нэгэн жарны босго давах мэт аашилж яваа зоргоороо улстөрч. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг ганцхан Норовын Алтанхуягийн хэмжээнд хүрэхгүй байгааг бид харж байна. АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг Н.Алтанхуягтай жиших аргагүй.
Улстөрчийн хувьд бартаа туулж өнөөдөрт ирэхдээ гучаад жил зүтгэсэн намаасаа бус бие даан нэр дэвшихдээ нутгаасаа ч биш, уугуул тойрог Сонгинохайрханаас ч биш, хаа байсан Орхон аймагт өрсөлдөөд ялалт байгууллаа. Аргагүй л хувь улстөрчийн зангараг, мэдрэмж бүх зүйл харагдаж байгаа мэтээр шуугиж л байна. Өнгөрөгч сонгуулийн хамгийн сонирхолтой өрсөлдөөн энэ тойрогт болсон учраас шуугих шалтгаан болсон байх. Энэ мэтээс гадна түүнд хүн чанарын хэлтэрхий цухалздаг. Өдгөөгөөс таван жилийн өмнө би түүнд зориулж “Эр хүн” хэмээх хөрөг нийтлэл бичиж байсан санагдана. Н.Алтанхуягийг ид хэмлэж байхад тэр юунаас ч айгаагүй ил гарч байгаад зодолдсон, даанч дийлэгдсэн. Энэ нь таалагдсан. Өөрийнх нь Ахлах зөвлөхөөр ажиллаж асан Л.Гансүхийг шүүх хуралд өөрийн биеэр очиж, түүнийг цээжээр хамгаалах гэж үзсэн. Тухайн үед Ц.Элбэгдоржийг муучлах бүү хэл өөдөөс нь эгцэлж хардаггүй байлаа. Харин тэр шүүх хуралдааны үүдэнд “Энэ бүгдийн захиалагч нь Элбэгдорж” хэмээн шуудхан хариулж байв. Тэр ч бүү хэл “Яллах гээд байвал намайг ялла” гэж байсан.
“Шинэчлэлийн” хэмээх Засгийг тэргүүлж байсан Н.Алтанхуяг ямархан Ерөнхий сайд байв гэхээр тэнгэр тултал магтах аргагүй ч бас газар дор ортол муучлахаар ажиллаагүй. Тэр тусмаа улс төрийн талаасаа яс үзсэн. Одоо тэрээр өөрийн тэргүүлсэн Засгийн газрыг унагаасан явдлыг шүдгүй шахам амандаа зууж яваа эр хүн. Үүнээс харахад бас нэг муу хонзон хадгалаад байх талтай. Тухайн цагт Н.Алтанхуягийн Засгийн газар унахгүй байвал байхаар.
Харамсалтай нь “Ухаангүй ноёнд ургашгүй албат”-ын үлгэр л болсон. Түүний бүтцэд юм үзэж нүд тайлаагүй, өлссөн бүргэд шиг хомхой сэтгэлтнүүд байснаас нэр хүндгүй үлгэр жаргаахад хүрсэн. Түүнээс бус өнөөдөр Монгол Улсын бүх аймаг хатуу хучилттай замаар холбогдлоо хэмээн тайлагнаад байгаагийн цаана Н.Алтанхуягийн оруулсан хувь нэмэр өндөр байх учиртай. Хамгийн том шалтгаан нь 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг шалан дээр авчирсан гэх цолыг түүнд зүүдэг. Үнэн хэрэгтээ энэхүү өсөлт нь хоосон хөөс байв. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс ямар ч өрсөлдөгчгүйгээр хятад руу өндөр үнэтэй, их хэмжээгээр гарсан шалтгаан нь Австралын уурхай үерт автсан таатай нөхцөл энэ үед бүрдсэн юм. Харин Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүн болох үед үер усны гамшиг илааршиж, бидний өрсөлдөгч гарч ирсэнд хамаг учир байсныг мартаж болохгүй. Түүнээс бидэнд уруудаад байх үйлдвэр, технологи байх биш. Зөвхөн нүүрснээс хамааралтайгаар ийнхүү шалан дээр унасан хэрэг.
Улс төрийн хувьд гарцаагүй гайхамшиг үзүүлсэн Ерөнхий сайд байсан. Тухайн үед МАН-аас АН-ыг хол байлган, нам дотроо “Алтангадас” фракцийг хүчирхэг байлгаж, өөрөө өндөрт байхыг зорьсон эр хүн. Алдсан ч байх, оносон ч байх. Гудамжинд явсан Н.Энхбаярыг Солонгосоос дуудаж авчраад Засгийн газарт хамтрав. Өөрийг нь сөрөг хүчний дарга байхад МАН Засгийн газартаа багтааж байсныг ч ор тас мартсан жудаггүй нөхөр гэж хэлж л байсан. МАН-ыг засгаас хол байлгахын зэрэгцээ нам доторхи фракцуудыг номхон байлгахын төлөө үзэж тарав. “Женко” Х.Баттулга, З.Энхболд, Ц.Элбэгдорж нараас ирэх галыг цээжээрээ хааж, “Алтангадас”-ыг ч тэр, “Шонхор”-ыг ч, МоАХ-г ч тэр адилхан дэвжээнд хамт зогсоож чадсан. Олон фракц бүлэглэлээс бүрдэх олон ургальч үзэл бүхий АН хэмээх их айлыг авч явна гэдэг амаргүй асуудал.
Олон бүлэглэлийг хооронд нь нүдэлдүүлэхгүйгээр, мөн хажуу хавирганаас нударчих гэсэн МАН-аас зайгаа барьж явна гэдэг үнэндээ л хүнд байгаа биз. Бас болоогүй, МАН-ын угшил нэгт МАХН-тай хэл амаа ололцох, АН-ын угшил нэгт МҮАН-ын жорыг нь тааруулах энэ бүгд бол эцэс төгсгөлгүй их ажлыг тэр угийн зальжин зан, улс төрд нүдэлдсэн зангаргаар авч гарсан гэдгийг бол ам дүүрэн хэлэх ёстой Ийм л нэгэн бодьгал улс төрийн намтраа хаагаад тэтгэвэртээ гарч болох ч ахиад нэгэн жаранг үзэх гэж байгаа мэт аашилж сууна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
uneniig heljee dahiad garaad hereggui mongol ulsad heregtei zuil hiihgui \n
Өөр олигтой зураач олдоогүй юм уу? Алтанхуягтай үнэн өчүүхэн ч төсгүй юмаа. Цэцэхлэгийн хүүхэд гуйгаад зуруулаач дээ.
za yer n uneniig n bichsen baina shuu
Yamat ch utgagui logic bur ch ugui soliorol
Алтанхуяг бол Монголын төрд хэрэтэй л хүн шүү
Сүүлээ хавчаад зугтаасан этгээд бол Алтанхуяг өөрөө юм. Ер нь Увсынхан түмний төлөө биш зөвхөн өөрсдийнхөө төлөө улс төрийн тавцанг ашигладаг. Цэдэнбал,Батмөнх, Нямдорж, Дорлигжав, Хүрэлбаатар, Алтанхуяг бүгд адилхан далд санаандаа зөвхөн өөрийн карьер хөөсөн этгээдүүд. Тэдэнд Монгол улс, монголчууд бол ямар ч хамаагүй. Хэлж ярьж байгаа нь наанаа эерэг боловч яс юман дээр бүгд сөрөг баагийнууд. Түүх гэрчилсэн, гэрчилж байгаа. Тэд улс төрчид биш ууж идэгсэд, увсынхан өөрсдийгөө бүйвэйлэгсэд.
ХОГ
Гарчигийг нь ойлгосонгуй хэн хэн суулээ хавчаад зугтагчид вэ Сайханбилэг ,,,
Улё төрч хэмээх луйварчдын шунал хязгааргүй. Тэд үхэж байж л ...