ФОТО СУРВАЛЖИЛГА: 8000 өрхийн 23 мянган иргэнээс шинжилгээ авна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Нийслэлийн Баянгол дүүргийн 5,6 дугаар  хороо буюу аравдугаар хороолол орчимд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг өнөөдрөөс эхлээд байгаа билээ.

Тус хорооны байршилд явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах ба 8000 өрхийн 23 мянган иргэнээс  PCR шинжилгээ авах ажээ. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч,  хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Хязгаарлалт тогтоосон 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган болон автомашины хөдөлгөөнийг хорьсон бөгөөд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хяналт тавин ажиллаж байна.

Хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш гарч буй иргэдийг гурав хоногийн хугацаанд оруулахгүй гэх анхааруулга өгч байсан бол энэ хороодод оршин суух иргэдийг бичиг баримтад үндэслэн дотогш нэвтрүүлж байлаа. 

Тус бүсэд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газар болон Тээврийн цагдаагийн албаны 267 алба хаагч ажиллаж байгаа ба хөл хорио тогтоож, хязгаарлалт хийж байгаа энэ үед иргэд аль болох зорчихгүй байж, ухамсартайгаар шинжилгээнд хамрагдах зайлшгүй шаардлага бий болж байна хэмээн НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Б.Алтанзул ярилаа. 

Top