НҮБ, НАТО, ЕВРОПЫН ХОЛБОО /ЕХ/
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Вашингтонд болсон үйл явдлуудад сэтгэл ихэд эмзэглэсэн талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдэв. “Иймэрхүү нөхцөлд улстөрийн удирдагчдын зүгээс өөрийн дэмжигчдэд хандан аливаа хүчирхийллээс зайлсхийх, ардчилсан үйл явц болон хуульт ёсыг хүндлэн дагахыг уриалах нь зүйтэй” хэмээн Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррикийн мэдэгдэлд дурджээ.
НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг эмх замбараагүй явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийллээ. “Вашингтон дахь цочирдом үзэгдлүүд. Энэхүү ардчилсан сонгуулийн үр дүнг хүндлэх ёстой” гэж Хойд Атлантын эвслийн тэргүүн өөрийн Твиттер хуудсанд лхагва гарагийн орой жиргэсэн байна.
Америкийн ардчилал дэлхий нийтийн нүдэн дээр өнөөдөр бүслэгдсэн мэт байна хэмээн Европын Холбооны дипломат газрын тэргүүн Жозеп Боррель бичжээ.
Мөн “Энэ бол АНУ-ын ардчилал, түүний институтууд болон хууль дээдлэх ёс руу хийж буй үл үзэгдэгч дайралт юм. Энэ бол Америк биш. Арваннэгдүгээр сарын 3-нд явагдсан сонгуулийн үр дүнг бүрэн дүүрэн хүндлэх ёстой” гэж тэрбээр уриалсан байна.
ИХ БРИТАНИ
Британийн Гадаад харилцааны сайд Доминик Рааб пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ, хүчирхийлэл үйлдэж буй цөөнхийн зүгээс ардчилсан хүсэл зоригийн илэрхийлэлд саад учруулж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр “Өчигдрийн цочирдом явдлуудын дараа АНУ-ын Конгресс үйл ажиллагаагаа сэргээн, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Байдены ялалтыг батламжлахыг баяртайгаар харлаа. Энэ нь Америкийн ард түмний ардчилсан хүсэл зориг нь хүчирхийлэл үйлдэгч цөөнхөөс болж ямар нэгэн асуудалд орж, шантрах ёсгүй гэдгийг илтгэсэн чухал дохио болж байна. Өчигдрийн хүчирхийллийг Их Британийн зүгээс үг дуугүй буруушааж байгаа” хэмээн Твиттер хуудсандаа бичжээ.
Мөн Их Британийн сөрөг хүчний Лэйборист намын удирдагч Кир Стармер АНУ-д болсон эмх замбараагүй үйлдлийн хариуцлагыг Дональд Трамп-д тохсон байна. “Ерөнхийлөгч Трамп хариуцлагыг өөртөө үүрэх ёстой. Болж өнгөрсөн аймшигт үйл явдал бол эсэргүүцлийн үйлдэл биш, харин ардчилал руу хийсэн халдлага юм. Үүний хариуцлага яалт ч үгүй Ерөнхийлөгч Трамп-д ноогдоно” гэж Стармер өгүүлжээ.
ГЕРМАН
Вашингтонд болсон үйл явдлууд уур хилэнг нь хөдөлгөсөн тухай Германы Канцлер Ангела Меркель илэрхийлэв. “Өнгөрсөн шөнө Конгрессийн ордон руу дайрч буй түгшүүрт зураглалыг бид бүгдээрээ харсан. Тэрхүү үзэгдэл надад уур бухимдал төрүүлж, бас сэтгэлийг минь эмзэглүүллээ. Би өөрийгөө Америкийн ардчилсан уламжлалт ёсоор бахархдаг дэлхийн сая сая хүмүүсийн нэгэн адил, АНУ-ын найз нөхдийн нэг гэдгээ мэдрэхдээ итгэлтэй байна” хэмээн пүрэв гарагт болсон хэвлэлийн хурал дээр Меркель мэдэгджээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Трамп өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байсаар өчигдөр тийм гамшигт явдалд хүргэсэнд би гүнээ харамсаж байна. Сонгуулийн үр дүнд эргэлзэх явдал нь даамжирсаар эцэстээ өнгөрөх шөнийн үйл явдалд хүргэлээ” гэж нэмэн дурдсан аж.
ИЗРАИЛЬ
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Вашингтонд болж өнгөрсөн үйл явдлуудыг буруушаан, Америкийн ардчилал ялан мандана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. "Өчигдөр Капитоли руу дайрсан бусармаг явдал нь ичгүүргүй үйлдэл байсан бөгөөд үүнийг хатуу буруушаах хэрэгтэй. Америкийн ардчилал урьдын адил ялна гэдэгт би эргэлзэхгүй байна" гэсэн Нетаньяхугийн мэдэгдлийг түүний хэвлэлийн алба АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучинтэй уулзахаас нь өмнө түгээсэн байна.
Мөн Америкийн ардчилал бол дэлхий дахины хувьд, Израилийн болон түүний хувь хүнийх нь хувьд ч урам зоригийг нь сэргээдэг эх ундарга болсоор ирснийг Нетаньяху онцлон дурджээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Габи Ашкенази ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн аж.
ОРОС
Вашингтон дахь эсэргүүцлийн үйл ажиллагааг АНУ-ын дотоод асуудал хэмээн Москва тооцож байгаа хэдий ч Америкийн нийгэмд хагарал бутрал үүссэнийг илэрхийлж буй талаар Оросын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова пүрэв гарагт мэдэгджээ. “Энэ бол АНУ-ын дотоод асуудал юм. Үүний зэрэгцээ АНУ дахь сонгуулийн тогтолцоо нь хэт хуучинсаг бөгөөд олон янзын зөрчил гаргах боломжийг олгож байгаагаараа орчин үеийн ардчилсан стандартад нийцэхгүй байгаа, мөн Америкийн хэвлэл мэдээллүүд нь улс төрийн тэмцлийн хэрэгсэл болсон явдалд бид дахин анхаарлаа хандуулж байна” хэмээн Захарова өгүүллээ. Тэрбээр “Өөрсдийн түүхэн дэх энэхүү эгзэгтэй цаг хугацааг нэр төртэйгөөр даван туулж гарахыг америкийн ард түмэнд хүсэж байна” гэж нэмэн дурдав.
Төрийн Думын дарга Вячеслав Володин мөн л америкийн сонгуулийн системийн “сул талуудыг” шүүмжлэхээ хойш тавьсангүй. “Сонгогчдын институт нь олон нийтийн санаа бодлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй болтлоо доройтсон. Тэгээд ч энэ удаагийн сонгууль бол түүний хэт хуучинсаг байдлыг баталж нотолсон анхны тохиолдол ч биш” хэмээн тэрбээр дурдсаныг Төрийн Думын албан сайтад нийтэлжээ. АНУ өөрийн улс төрийн тогтолцооны дутагдлыг засах нь зөв зүйтэй гэж Володин үзэж байгаа бөгөөд шууд сонгууль явуулахгүй байгаа нь иргэдэд өөрсдөө хүссэн удирдагчаа сонгох боломжийг олгохгүй байна хэмээн шүүмжлэв.
ХЯТАД
АНУ дахь тогтвортой байдал хурдан хугацаанд эргэн хэвэндээ орох болно гэдэгт Хятад улс найдаж байгаа талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдлээ. “АНУ-ын оршин суугчдад, ялангуяа коронавируст цар тахлын энэ хүнд нөхцөлд, амар амгалан, аюулгүй байдал мөдхөн эргэн ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Мөн америкчууд тун удалгүй энхтайван, эв нэгдэл, тогтвортой байдалд хүрнэ гэдэгт бид найдаж байна” хэмээн тэрбээр өгүүлжээ.
“Нөхцөл байдал нь танил хэрнээ АНУ дахь зарим хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хариу үйлдэл яагаад ийм эрс ялгаатай байна вэ? хэмээн олон хүмүүс тунгаан бодож байгаа байх. АНУ-ын Конгресст болсон өнөөгийн үйл явдлууд Хонконгт болсонтой харьцуулахад тийм ч сүртэй ширүүн болоогүй хэрнээ дөрвөн хүн амь үрэгдчихлээ, харин Хонконгт нэг ч эсэргүүцэгч амь үрэгдээгүй юм шүү” гэж Хуа Чуньин онцлон дурдсан байна.
ИРАН
Дональд Трамп Ерөнхийлөгч хийх хугацаандаа улс орноо зовлон зүдгүүрт унагасан хэмээн Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани өгүүлэв. “Барууны ардчилал гээч хэчнээн хэврэг, түүний суурь нь хэчнээн сул дорой болохыг АНУ-д болсон саяхны үйл явдлууд харууллаа. Нэг популист нөхөр ирж энэ дөрвөн жилд улс орноо хүнд байдалд оруулан, улсынхаа нэр хүндэд хохирол учруулж, АНУ-тай дэлхий нийт харьцахад хүндрэлтэй болгосон" гэж Роухани Ираны телевизээр үг хэлэхдээ дурджээ.
Тэрбээр “Хэвийн бус этгээд Засгийн эрхэнд гармагц өөрийн улс оронд төдийгүй дэлхий нийтэд ч гай тарьдаг” гэж нэмэн онцолсон аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
бид ардчиллаар замнаж байгаад их бахархаж байна 2 хөршөөсөө ялгарч л байна манай монгол агуу зорилготой их нөөцтэй гайхамшигтай ард түмэн хойд насандаа ч дахиж төрөх болно
Tend jagssan buh hulgaich fascist redneckuudiig bugdiig ni buudaj alah baisan uim. Fascist banzal Trump buusniihaa daraa shorondoo golf togloh biz .
heden jyagsagchid ordonoor jaal zugaalaal biz, buudaj alaj,bosogch terroristch geh shig