Ардчилсан намын үймээн, самуун дундуур гэнэтхэн л нэг бүсгүй парламентад ороод ирэв. Танхимд орж ирсэн даруйд нь С.Ганбаатар гишүүн арван жилийн банди шиг л түүнийг “эргүүлж” эхэлсэн нь олны анхааралд оруулахад илтэд нөлөөлөв.
Үнэн хэрэгтээ С.Ганбаатар парламентад орж ирсэндээ баярлаж, түүнийгээ хэрхэн илэрхийлэх аргаа олж ядсан болохоос бус А.Адъяасүрэнг ч “эргүүлээгүй” хэрэг юм. Бас чиг нутаг ус татсан зүйл бий л байх. Энэхэн цагтаа З.Нарантуяагийн дүр АН-ын бүлэгт А.Адъяасүрэнгээр солигдоход хаа хаанаа сэтгэл дундуурхан байсныг нуух аргагүй. Тэнгэр газар шиг ялгаа харагдах учиртай. Ямартай ч АН-ын тухайн үеийн даргын “Хэтэвч”-ийг дүүргэж дөнгөх бэлтэй юм гэсэн. Тиймдээ ч ямар ч хүлээлт, шат дараалалгүйгээр УИХ-д ороод ирлээ гэх мэтээр ярьж байгаатай зөрөхгүй. Гэтэл нэг нөхөр “Наад хүүхэн чинь Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрд гаргаж ирсэн хүн” хэмээн барин тавин хэлэв. Үнэн ч байх. Улс төрд шинээр хөл тавьж байгаа хүн бүр л хэн нэгэн улстөрчид зүүгдэж, дэмжүүлж гарч ирдэг нь гарцаагүй хууль. Үүнээс өөр аргагүй талбарт өндөр авахаараа өөрийнхөө хүчээр, ямар ч дэмжлэггүй л улстөрч болсон мэт ярих нь элбэг байдаг ч огт тийм зүйл байдаггүй. Монголын тэргүүн баян, нутгийнхаа нөлөө бүхий ахаар дэмжүүлээ л биз. Байх зүйл.
Энэ бүгдээс харахад түүнийг “Ерөнхийлөгчийн хүзүүний зүүлт” гэж нэрлэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл ч олон нийтийн хандлагыг дагахаас өөр аргагүй. Тэгээд ч “Эрдэнийн чулуу, эмэгтэй хүн хоёр жижиг байхдаа чамин” гэдэг биз дээ. Үнэтэй, тэгээд чамин зүйлд нүд унагахгүй эр хүн гэж юусан билээ. Дэмжиж ч таарна, дэмжүүлж ч таарна. Ямар Баянхонгорын барааны зах дээр түрээсийн лангуу ажиллуулж байгаа хүн биш. Өөрийн гэсэн бизнестэй, өмнөд хил рүү олон тооны машин алхуулдаг гээд хөлтэй, бэлтэй бүсгүйг оруулж ирсэн.
Бэл бэлээ дагаж, хөрөнгө хөрөнгөдөө татагддаг нь амьдралын жам. Гэхдээ Ерөнхийлөгчөөс улс төрийн арга зүйн дэмжлэг авсан болохоос биш хөрөнгө санхүүгийн дэмжлэг авахгүй нэгэн гэдгийг хэн ч ойлгоно. Х.Баттулга арга зүй, нутаг зүгийн өчүүхэн сэтгэл гаргаснаас бус тухайн үеийн С.Эрдэнэ дарга түүний хэтэвчний булан руу өнгийхгүй намын босго алхуулахгүй нь туйлын үнэн. Тэр тусмаа нэр дэвших эрхийн мандатаа зарахгүй яаж болох билээ. Төрийн эрх барьж байхдаа л бусдын хэтэвч рүү өнгөлзөж суудаг хүмүүс ялагдал хүлээсэн цагт өнгийхгүй байна гэж хэзээ ч үгүй.
Багш мэргэжилтэй бүсгүй боловсролын салбараас ажлынхаа гарааг эхлүүлж, бизнест хөл тавьсан. Ингэхдээ баянхонгорчуудын шүтээн болсон Номгон хайрханаараа овоглосон “Номгон санчир” компани байгуулан, өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт тун амжилттай яваа цөөн эмэгтэйн нэг. Түйн голоор бэл хормойгоо чимсэн номхон дулаан хайрхан нутгийн жаал бүсгүйд өгөөж, нөмрөө өгсөн нь бүхий л зүйлээс тодорхой. Өнгөрөгч зууны төгсгөл, 1999 онд “Номгон санчир” компаниа байгуулж, өдгөө дэлхийд нэр зүстэй төсөл хэрэгжүүлж байгаа "Оюутолгой" компанийн аюулгүй ажиллагааг хариуцах хэмжээнд очсон гэхээр түүнийг “том” бизнесмэн гэхээс өөр яахав. Бэлээ зузаалсан хэн ч улс төр гэх тоглоомонд донтдогоос хойш яахав. Түүнийг ийнхүү “Ерөнхийлөгчийн хүзүүний зүүлт” гэж нэрлэх болсноос хойш
“Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь” хэмээх Г.Мөнхцэцэгийн шүлгийн мөр санаанд бууна. А.Адъяасүрэн улс төрд ёстой л “Хаанаас ирснийг нь мэдэхгүй хачин янзын амьтан” ороод ирсэн нь үнэн. Гэхдээ тэр улс төрд асар хурдтай дэвшсэн. Арга ч үгүй дэмжлэг үзүүлсэн улстөрчийн нөлөөг, хэтэвчний хэмжээтэй нийлүүлэхээр ийм өндөрт асар хурдан залдаг жамтай хойно яая гэхэв. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, асар удалгүй Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, нэр дэвших эрхийн мандат, парламентын гишүүн гээд асар богино хугацаанд тэр ихийг амжуулсан. Өнөөдөр 10, 20 жил энэ намд зүтгэчихээд нэр дэвших эрхийн мандат горьдсоор насыг барж байгаа хүн бишгүй л бий. Улс төрд асар хурдан гарч ирсэн хүмүүс асар хурдан унадаг жамтайг тэр анзаарахгүй байна гэж үгүй. Тэгэхээр нэгэнтээ горилж гарч ирсэн замаа өөрийнхөөрөө тунгаасан байх.
Түүнд хувь хүн, хөрөнгө чинээ, олонтой харьцах гээд олон талын боломж байна. Хамгийн гол нь улс төрд туйлбаргүй, бүх зүйлд хөрөнгөөр далайх гэсэн, хэзээ ч унаж мэдэх бодьгал Х.Баттулгын гараас хөтөлсөн нь түүний улс төрийн насыг богиносгох дэндүү магадлалтай. Нөгөө талаас Баянхонгороос хөтлөлцөж ирсэн хүн нь өнөөх алдарт “Бидон” Д.Ганбат гэхээр яах аргагүй мөчид харагдана. А.Адъяасүрэн өнөөдөр улстөрч болсон, улс төрийн талбарт нэгэнт орж ирсэн хэмээн “мунхаглаж” байж болох юм. Тэгвэл үгүй. Түүний маргаашид их улс төрд өөрийнхөөрөө тэсэж үлдэх маш том шалгуур бий. Тэр замыг туулж гарах амаргүй. АН-ыг унаж ахуй цагт босго давсан, бусдын нэр нөлөөнд улс төрийн ямар ч шалгуургүй ирсэн түүнд өмнө нь даваагүй гарч ирсэн даваагаа ахиад бодитоор давах шаардлага зүй ёсоор тулгарна. Энэ бол ямарч улстөрчид тулгарах энгийн шалгуур. Үүнд бэлтгэлтэй байхад улс төрийн ирээдүйн зам гэрэлтэхгүй ч бартаа саад нь бага байх болно. Түүний “орогносон” АН нь А.Адъяасүрэн битгий хэл Н.Алтанхуягийг бие даалгаж, З.Энхболдыг гудамжинд гаргаж, Ерөнхийлөгчөөсөө нүүр буруулж, тамга тэмдгээ хүртэл хоёр хуваачихаад үзэж байна. Эдгээр асуудлын дэргэд хэн ч биш гэдгээ эртхэн ухамсарласан дээр байх.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Saihnaaraa turiin ajil nugaldag bol amar baih daa
yu ch geed bgaa yum buu med oilgohoor yu hiigeech
Umhii novsh chin hedeer eniigee bichsen bol. Odoo ch sonin unshdag hun bhgui bolj dee
busgui min buu shantar, sain hichee, chamd ahadsan gedgiig bugd medne, cham shig neg emegtei yavan changarsan yumaa, bayanselenge, buu ai, negent k gishuun bolsin shuu dee, AMJILT!
yaasan gej begent singigdood garch irsen emegteig ingej baigaa yum bee, unendee, UIH ihenh ni l iim chig barimjaatai shuu dee, yaalaa gej ene busguig ontsloivee, erunhiilugchiig murguh gee yu, yag sh tee, ter chin hariihantai niilsen,tsuuvur chono bush, mongol banhar.
Бат тулга орос монгол юм голохын биш.
emegtei gischuudiig yaach gej ad uzdeg um??? , erchuud tanar uu um be???, Mongoliin emegteichuud min buu ai!!! uragschaa davsch!!!