АНУ даяар өндөржүүлсэн бэлэн байдалд орлоо

2021 оны 01 сарын 19

БҮХ МУЖ УЛСАД ЖАГСААЛ, ҮЙМЭЭН ДЭГДЭХЭЭС СЭРГИЙЛЖ БАЙНА

 

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден хоёрхон хоногийн дараа орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны үд дунд буюу Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө дунд тангараг өргөнө.

Уг үйл явдлын өмнө болон хойно АНУ-ын хэт барууны үзэлт зарим бүлэглэл энэ сарын 6-нд болсны нэгэн адил  Конгрессын байр, Цагаан ордон хавиар жагсаал, үймээн дэгдээж болзошгүй байгааг хууль сахиулах байгууллагынхан сэрэмжлүүллээ. Үүнээс болгоомжилж зарим улстөрч хувийн хамгаалагч хөлслөөд байгаа ажээ. Урьд өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ийм түгшүүртэй байдалд болж байсан түүхгүй юм.

ВВС агентлагийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслолын өмнөх амралтын өдрүүдэд Нэгдсэн улсын 50 муж улс болон нийслэл хотын бүс болох Колумбын тойрогт зэвсэгт жагсаал өрнөхөөс сэргийлэн өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ.

Өмнөх жагсаал, эмх замбараагүй байдал дахин давтагдахаас сэргийлж Үндэсний гвардын цэргүүдийг Вашингтон хот руу илгээгээд байна. Нэгдүгээр сарын 6-ны үймээн самууныг олон улсын хэвлэлүүд “АНУ-ын түүх болон Америкийн ардчиллын хамгийн хар өдөр” хэмээн нэрлэсэн билээ.

Холбооны мөрдөх товчооноос Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид тангаргийн ёслолын үеэр бүх 50 муж улсад зэвсэгт жагсаал үйлдэж болзошгүйг анхааруулж байгаа юм. Вашингтон хот дахь олон тооны музей, хөшөө бүхий Үндэсний цэцэрлэгт гудамжийг түр хугацаагаар хааж замуудад хаалт тавьжээ.

Муж улс бүр болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ авч эхлэв. Мэриланд, Нью-Мексик, Юта мужууд өндөржүүлсэн бэлэн байдалд орсон бол Калифорни, Пенсильвани, Мичиган, Виржини, Вашингтон, Висконсин болон бусад мужуудад Үндэсний гвардыг бэлэн байдалд шилжүүлж, Техаст орон нутгийн засаг захиргааны ордныг түр хугацаагаар хаалаа.

 

“Би тосгоны залуу”

Капитолын цагдаагийнхан өнгөрсөн баасан гарагт Вашингтонд нэгэн эрийг баривчилсан юм. Тэрээр тангараг өргөх ёслолд оролцох эрх бүхий мандат харуулан нийслэлийн төвд байгуулсан шалган нэвтрүүлэх цэгээр хувийн машинтайгаа нэвтрэхийг оролджээ. Цагдаа нар түүнд ямар нэг зэвсэг байгаа эсэхийг асуухад "Glock маркийн хагас автомат гар буу бий" гэж мэдүүлсэн аж. Гэтэл түүнээс цэнэгтэй гар буу, 500 гаруй сум олдсоныг СNN мэдээллээ. Уг этгээдийг бүртгэлгүй галт зэвсэг, сум хэрэгсэл хадгалсан хэмээн баривчилсан байна. Түүний машин дээр буу зэвсэгтэй холбоо бүхий хэд хэдэн наалт байсны дотор “Хэрэв тэд чиний зэвсгээр оролдох гэвэл түрүүлээд тэдэнд сум илгээ” гэсэн бичээс байжээ. Энэ талаар шүүхийн эх сурвалжид тулгуурлан Ройтерс агентлаг мэдээлэв.

Сүүлд тэрээр аюулгүй байдлын хувийн байгууллагад ажилладаг нь бичиг баримтаар гэрчлэгдсэн тул суллагджээ. Washington Post сонины  сэтгүүлчтэй “Хэргийн эзэн” ярилцахдаа “Би Вашингтон хотод төөрчихөөд шалган нэвтрүүлэх цэг рүү ирсэн юм. Учир нь би тосгоны залуу. Надад олгосон тангараг өргөх ёслолд оролцох мандатыг би цагдаа нарт үзүүлсэн” хэмээжээ.

 

ЖО БАЙДЕНЫ БАГИЙНХАН ИРГЭДИЙГ

НИЙСЛЭЛ РҮҮ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ

 

Ж.Байдены багийнхан “COVID-19” цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс иргэдийг нийслэл хот руу зорихгүй байхыг хүслээ. Бусад муж улсын иргэд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зурагтаар болон цахимаар үзэх боломжтой гэж орон нутгийн засаг захиргааныхан мэдэгдэв. Үүний зэрэгцээ тангараг өргөх ёслолын үеэр гарч болзошгүй үймээн, бужигнаанаас иргэдийг хамгаалах зорилгыг ч давхар агуулж буй.

Трампыг дэмжигчид Жозеф Байдены тангараг өргөх өдөр Вашингтонд жагсаал үйлдэж, гудамж талбайгаар  маршаар алхахыг уриалаад байна. Гэвч тэдний зарим нь жагсаалаас татгалзахыг уриалж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа учир цагдаа нарт өгөөш болохоос сэргийлэхийг зөвлөжээ.

Дональд Трамп өдгөө Эндрю Жонсон, Билл Клинтон нарын дараа итгэл үзүүлэх эсэх асуудалд орсон гурав дахь Ерөнхийлөгч болон түүхэнд үлдэж байна. Үүний зэрэгцээ Дональд Трамп дэмжигчдээ үймээн самуунд уруу татсаны улмаас итгэл үзүүлэх эсэх асуудлаар хоёр дахь удаагаа “шүүлгэхээр” болсон АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болоод байгаа билээ. Сенатаар энэ асуудлыг авч үзэх учиртай бөгөөд Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн өдөр үлдсэн учир Жо Байдены тангараг өргөх үйл ажиллагаа болсны дараа иргэдийг буруу үйлдэлд түлхсэн хэргийг нь шүүхээр болж буй ажээ. 

 

ДОНАЛЬД ТРАМП 1869 ОНЫ ЭНДРЮ ЖОНСОНЫ ҮЙЛДЛИЙГ ДАВТАХААС ГАДНА

“ЦӨМИЙН ЧЕМОДАН”-АА АВЧ ЯВНА

 

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Байдены тангаргийн ёслол коронавирусний цар тахлын улмаас болон тус улсад үүсэж магадгүй байгаа үймээн самуунаас шалтгаалан цомхон хэлбэрээр болох юм. Үндсэн ёслол арваад хоногийн өмнө халдлагад өртсөн Капитолид болно. Халдлагаас хойш Вашингтон хот, Конгрессын ордныг Үндэсний гвардын дайчид хамгаалж, олон нийтээс тусгаарлаад байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь өндөрлөж буй Дональд Трамп шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаанд оролцохгүйгээ өмнө нь мэдэгдсэн агаад ёслолоос хэдэн цагийн өмнө Вашингтоноос явахаа зарласан билээ. Ингэснээрээ тэрээр 1869 онд гаргасан Эндрю Жонсоны үйлдлийг давтаж буй юм. Өдгөөгөөс 152 жилийн тэртээ Ерөнхийлөгч У.Грантын тангараг өргөх ёслолд өмнөх Ерөнхийлөгч Э.Жонсон оролцохоос татгалзаж байв. Дональд Трамп, Эндрю Жонсон нарын хооронд ижил төстэй хэд хэдэн зүйл байдаг бөгөөд Э.Жонсон өөрт нь итгэл үзүүлэх эсэх тухай асуудалд өртсөн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон  түүхтэй.

Ерөнхийлөгчийн багийн хэд хэдэн ажилтан Дональд Трампад тангараг өргөх ёслолд оролцох нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн ч тэрээр “Экс Ерөнхийлөгч болчихоод хотоос явмааргүй байна. Ерөнхийлөгч хэвээрээ байгаа дээрээ амжиж явна” хэмээн зөрүүдэлсэн билээ. Ингэснээр тэрээр “цөмийн чемодан” буюу цөмийн хэрэгслийг ажиллагаанд оруулах эрх бүхий төхөөрөмжийг өөртөө авч явах аж. СNN-ийн мэдээлснээр Жо Байденд шинэ төхөөрөмж өгч, Дональд Трампын эзэмшдэг кодыг нэн даруй устгахаар болжээ.

Дональд Трамп Цагаан ордны өмнөх цөөрмийн дэргэдээс нисдэг тэргээр хөөрөхөөр төлөвлөөд байна. Түүнийг хүндэт харуул үдэж өгнө гэдэгт найдаж буйгаа энэ сацуу илэрхийлжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр Флорида дахь өөрийн Мар-а-Лаго өргөөнд очих ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Трамп(202.179.25.246) 2021 оны 01 сарын 19

Трамп Монголд ирж Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилламаар юм бна доо.

0  |  0
Shydraga irgen (178.209.135.155) 2021 оны 01 сарын 19

Tsumhiin bumbuguu haana hayana gej bodoj baigaa bol.Hyatad .Solongos Oros 3 ylsadal lav hayahgvi baih vher tenegiig byydah heregtei.

0  |  0
Shydraga irgen (178.209.135.155) 2021 оны 01 сарын 19

Vangan zunchiin heldeg vnen bolvoo.Amerkiin svvljiin erunhiilugch gej helsen .Amerkyy ene zunuguus bolj bie bie sunuuh ni.Obomaa helsen baidag.Tarup bol Getlerees hargis gesen vnen baij.Ene myy soliot koronoog delhiid degdeesen baij taaraa.Hyatadtai ediin zasagiin dain gej soliorood baisan.

0  |  0
Zovhin(124.158.84.42) 2021 оны 01 сарын 19

“Buruu osson huuhed buhiin huzuunees hatuu” gedeg shig l ym bolj bn shiv dee hoorhii

0  |  1
Top