ӨМНӨХ ЁСЛОЛУУДААС ЮУГААРАА ӨӨР ВЭ
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны өдөр дунд буюу Улаанбаатарын цагаар 20-ноос 21-нд шилжих шөнийн 01:00 цагт тангараг өргөнө. Энэ удаагийн тангараг өргөх ёслол урьд өмнөхөөс олон зүйлээр өөр болж байна.
Ердийн үед тангаргаа өргөх шинэ Ерөнхийлөгч аль болох олон хүнийг ёслолдоо оролцуулахыг хүсдэг ч энэ удаа нөхцөл байдал эсрэгээрээ эргэв. Коронавирусний цар тахлын халдвараас сэргийлэн тангараг өргөх ёслолыг цомхон хүрээнд хийхээр өмнө нь төлөвлөж байсан бол энэ сарын 6-ны өдөр Дональд Трампыг дэмжигчид Конгрессын ордонд халдсанаас болж харуул хамгаалалт чангаран өндөржүүлсэн бэлэн байдалд орж, цагдаагийнхан болон Үндэсний гвардын 1000 гаруй дайчид Цагаан ордон, Капитолыг чандлан хамгаалж байгаа юм. Тэдний тэн хагас нь хагас автомат винтов, гар буугаар зэвсэглэжээ.
Ёслол үйлдэх Капитолын ордны өмнөх хэсгийг бетон хаалт, төмөр сараалжин хашаагаар хүрээлжээ. “Ордон тал бүрээсээ хашигдсан цайз мэт харагдаж байна. Хэн ч хашааг давах боломжгүй” хэмээн хамгаалалтын ажилтан ярьсан байна.
Халаагаа өгч буй Ерөнхийлөгчийг дэмжигчид Жо Байдены бүрэн эрхийг баталгаажуулах хуралдааны үйл ажиллагааг үймүүлэн Конгрессын ордонд халдаж таван хүний аминд хүрсэн нь урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл билээ. Цар тахлын халдвар, гэнэтийн болзошгүй халдлагаас сэргийлэн Капитолын ордноос Цагаан ордон хүртэл алхдаг уламжлалт парадыг цуцалж, урьд нь шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхийг сонирхон олон хүн цугладаг асан Капитолын өмнөх “National Mall” талбайг хаасан байна. Тэнд цугларах ёстой байсан америкийн ард иргэдийг бэлгэдэн 200 мянга орчим далбааг байрлуулжээ. Барак Обамаг 2009 онд тангараг өргөхөд уг талбайд хоёр сая хүн цугларч, баяр хүргэж байсан түүхтэй.
Жо Байден 78 настайдаа төр тэрүүлэхээр болсон нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгчид тоооцогдож буй нь бас нэг онцлог.
Энэ удаагийн ёслолд Дональд Трамп оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээрээ 152 жилийн өмнө Эндрю Жонсон дараагийн Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөхөд байлцаагүй түүхийг давтаж буй юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама, халаагаа өгч буй дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар оролцохоо илэрхийлсэн билээ. Нийтдээ мянга орчим зочин л Жо Байдены тангараг өргөхийг ойроос харахаар болсон аж. Зочин бүр маск зүүж, коронавирусний шинжилгээ өгөхөөс гадна хоорондын зайгаа барин сууцгаах юм.
ЦЭРГИЙН ЦОМХОН ЖАГСААЛ ТАНГАРГИЙН ЁСЛОЛЫН ЧИМЭГ БОЛНО
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден уламжлал ёсоор тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан үг хэлнэ.
Үүний дараа шинэхэн Ерөнхийлөгч Жозеф Байден дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хамт Капитолын ордны зүүн талд хүрэлцэн ирж Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагчийн хувьд энэ удаагийн хөл хөдөлргөөн багатай ёслолын чимэг болсон цэргийн цомхон жагсаалыг хүлээн авах юм. Мөрдөж ирсэн уламжлал ёсоор цэргийн парадын дараа Ерөнхийлөгчийн цуваа замын хоёр талаар эгнэсэн олон мянган иргэдийн дундуур Цагаан ордныг зорьдог байсан билээ. Энэ удаа үүссэн нөхцөлөөс шалтгаалан үүнийг цуцалжээ. Үүний оронд Жо Байден цөөн дагалдагсдын хамт Америкийн цэргийн дурсгалын томоохон цогцолбор болох Арлингтонд очиж хүндэтгэл үзүүлнэ. Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар үүнд оролцох юм.
Арлингтоноос Жо Байден шууд Цагаан ордонд ирж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Заншлын дагуу урьд нь тангараг өргөсний дараа бүжиг наадам, концерт цэнгээн үргэлжилдэг байсан бол Жозеф Байдены хувьд ёслолын дараа амарч, алжаалаа тайлж болох нь. Хөл хөөртэй үргэлжилдэг асан их цэнгээнийг цар тахал болон бусад шалтгаануудаас улбаалан Холливудын од Том Хэнксийн хөтөлсөн виртуал концерт орлох юм.
ЦАГААН ОРДОН БА КОРОНАВИРУС
АНУ-д коронавирусний халдварын нөхцөл байдал маш хүнд байгаа учир Цагаан ордны ажилтнууд шинэ дэг мөрдөхөөр болж байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засаг захиргаа Цагаан ордны ажилтнуудад өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамрагдаж “N95” төрлийн амны хаалт тогтмол зүүх шаардлага тавихаар болжээ.
“Цагаан ордон цар тахлын үеэр бүх ажилтныхаа аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж мөрдөнө” хэмээн Жо Байдены захиргаанаас мэдэгдлээ.
Жо Байден өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампыг цар тахалд хайхрамжгүй хандаж, АНУ-ын олон иргэнийг өвчлүүлж, амиа алдахад хүргэсэнд буруутгаж, ажлын эхний 100 хоногтоо багтаан иргэддээ 100 сая тун вакцин хийлгэхэд анхаарахаа илэрхийлсэн билээ.
Тангаргийн өмнөх өдөр Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар гэргий, нөхрийн хамт коронавирусний халдвараар нас барсан АНУ-ын иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцсон юм. Уг ёслол АНУ-ын Ерөнхийлөгч агсан А.Линкольны хөшөөний өмнө болжээ. Нэгдсэн улсад коронавирусний халдвараар насан эцэслэсэн хүний тоо 401 мянгад хүрсэн байна. А.Линкольны хөшөөний усан санг тойруулж 400 гэрэл асааж эмгэнэл илэрхийлжээ.
АНУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 21-нд буюу яг нэг жилийн өмнө бүртгэгдсэн юм. Энэ хугацаанд 24,8 сая хүн өвчилж, 14,7 сая хүн бүрэн эдгэрчээ.
Өнөөдрөөс ийнхүү АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байдены түүхийн хуудас нээгдлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )