Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

2021 оны 01 сарын 23
"TОКИО-2020" Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн, олимп-дэлхийн аварга жүдоч, домогт Ясүхиро Ямашита бүх Үндэсний Олимпийн Хороодод албан захидал илгээсэн байна.
 
Уг захидалд "Цар тахлын амаргүй цаг үед үүний эсрэг тэмцэж буй даян дэлхийн олимпийн андууддаа талархаж буйгаа илэрхийлье.
 
Энэ сарын долооны өдөр Японд онцгой байдал зарлан, цар тахалын хурцдалыг намжаахын төлөө зүтгэж байна. Орон орны тамирчдыг онцгой анхаарч, энэ үйл хэрэгт ҮОХ-дын тусламж дэмжлэг, хамтын ажиллагаа туйлын чухал. Зохион байгуулагч орны ҮОХ-ны хувьд бид Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулах итгэл төгс зорилттой.
 
Япон улсад олон ургалч санаа бодол сонсогдож буй ч олон орны тамирчдын дэмжлэгийн дуу хоолой, олимпийн наадмын төлөө итгэл найдвар биднийг урамшуулж байна. Японы ҮОХ нь ОУОХ-той хамтран, тэдний дуу хоолойг нэгтгэн, нэгэн багийг бүрдүүлэх болно. Ингэснээр эргэлзэн түгшиж буй зарим тамирчдад тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй. "Токио-2020" олимп нь Олимпийн хөдөлгөөний үнэлж баршгүй үнэ цэнэтэй өв соёлыг хүн төрөлхтөнд хүргэх асар том боломж билээ. Та бүхэнтэй VII сард Япон улсад учран золгохын ерөөл тавья !" хэмээн дурджээ.
 
 
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монцамэгаас хууулах(192.82.77.16) 2021 оны 01 сарын 24

Монцамэгаас хуулахаа зогсоо

0  |  0
Top