Ховд аймагт коронавирусний ХОЁР ТОХИОЛДОЛ батлагдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. 

Дээрх иргэдийг өнөөдөр /2020.01.27/ цагт Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэж, тус онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд яг одоо газардаад байна. 

Ийнхүү Ховд аймагт хоёр тохиолдол батлагдсантай холбоотойгоор тус аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хааж, холбогдох шинжилгээг хийж эхэлсэн байна. Хөл хориог гурав хоногоор тогтоогоод байгаа ба хавьтагч нарыг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлжээ.

Тодруулбал, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Эхний ээлжинд сорьц шинжилгээний хариу, БОЭТ, Халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөц ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонслоо. Дараагаар нь хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 01 дүгээр сарын 26-ны 20 цагаас 29-ны 00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.

Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоогоод байгаа юм. 

.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.40.165) 2021 оны 01 сарын 27

ХОВДЫН онцгой муу байна аа. Хүнээ авч байж тусгаарлах байраа бэлдээгүй байсан юм уу? Бөөн ажил зардал мөнгө урагшгүй албатууд юм даа.

0  |  0
Top