Оюу толгойн ачаар Монголын уул уурхайн салбарын орлого дөрөв дахин өснө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

Дэлхийн алт, зэсийн хамгийн том ордын нэг болох Оюу толгойн ачаар Монголын уул уурхайн салбарын орлого 2015 он гэхэд дөрөв дахин нэмэгдэх тухай Scrapmonster.соm сайт мэдээллээ. Тус сайтад бичсэнээр 2012-2013 онд Оюу толгойн үндсэн үйлдвэрлэл эхэлж, 2015 он гэхэд Монголын уул уурхайн нийт бүтээгдэхүүн дөрөв дахин өсч, ойролцоогоор 11.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх юм байна. Энэ нь зөвхөн нэг жилийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээ юм. Харин 2011 онд манай улсын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний нийт үнэлгээ 2.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Монголын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-гийн эзэмшиж буй Оюу толгойн уурхай нь Монголын хөгжилд чухал үүрэгтэй хэмээн гадаадын эдийн засагчид үзэж байна.

Оюу толгойн үндсэн үйлдвэрлэл эхлэх цагт тус орд дэлхийн алт, зэсийн зах зээлийн хэрэгцээг хангахад голлох үүрэгтэй оролцох нь тодорхой, Санхүүгийн мэдээллийн “Past market Research” агентлагийн мэдээлснээр ойрын хугацаанд манай улсын зэс, алт, нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ хурдацтай өсч, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулах бөгөөд  Оюу толгой,  Таван толгой тэргүүтэй томоохон уурхай нь Монгол Улсын хөгжлийн гарцыг тодорхойлох гэнэ. “2011-2015 онд  Монголын алтны үйлдвэрлэл нэг жилд 31,4 хувь, зэсийн үйлдвэрлэл нэг жилд 46,2 хувийн өсөлттэй гарах төлөвтэй. Үүгээр ч зогсохгүй өсөлт цаашид улам нэмэгдэнэ” хэмээн тус агентлагийн эдийн засагчид үзэж байна. Энэ нь амьжиргааны түвшин доогуур  манай улсын хувьд баярт мэдээ юм. Дээр дурдсан баримтуудаас үзэхэд манай улсын эдийн засгийн өсөлт Оюу толгой, Таван толгойн үйлдвэрлэл идэвхжихийн цагт жинхэнэ үр өгөөжөө өгөх төлөвтэй. Үйлдвэр харьцангуй эрт эхлэх төлөвтэй байгаа тухай “Айвенхоу Майнз”-ын удирдлага мэдэгдсэн. Энэ нь хөрөнгө оруулагч компаниудын Засгийн газар Оюу толгойгоос харьцангуй эрт ашиг хүртэх боломжтойг илтгэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар Оюу толгой 21 сая унци алт, 17 сая тонн зэсийн нөөцтэй. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр тус орд газарт алт, зэсийн өндөр агууламжтай нэг км урт хүдрийн судлыг илрүүлсэн. Туршилтын өрөмдлөгийн явцад зарим газар нэг тонн хүдэрт 10 орчим грамм алт агуулагдаж, зэсийн агууламж 0.34 хувь байжээ. “Айвенхоу Майнз” компани ойрын 10 жилд Оюу толгойгоос жил бүр 544 мянган тонн зэс, 650 мянган унци алт олборлох юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top