Сүхбаатарын талбайд өчигдөр нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач юуны улмаас амиа хорлох болсон талаар албаны болон албан бус эх сурвалжаас дараах мэдээллийг авлаа.
ЦЕГ: Талийгаачийн биеэс иргэний үнэмлэх олдсон
Болсон хэрэг явдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Талийгаач өчигдөр 13 цаг 32 минутын үед харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тухайн үед ойрхон байсан иргэд болон цагдаагийн алба хаагч талийгаачийн амийг аврахыг оролдсон боловч амжаагүй. Энэ хэрэгт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба зэрэг холбогдох газрууд шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Болсон үйл явдлын камерын бичлэг гэх мэт зүйлийн нотлох баримтуудыг авч, мөн ойр орчимд нь байсан хүмүүсээс мэдүүлэг авч байна. Амиа алдсан иргэний цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар хүргүүлсэн. Тухайн иргэний биеэс 1987 онд төрсөн Э гэх иргэний үнэмлэх гарсан. Гэхдээ яг өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг нарийн тодруулан шалгана” гэв.
Талийгаач аав, дүүгийн хамт амьдардаг байсан гэв
Цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийг өгсөн бол албан бус эх сурвалж дараах мэдээллийг хүргэсэн юм. Тодруулбал,талийгаач 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, Э.Энхтөгс гэдэг хүн байсан гэнэ. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд аав болон дүүгийн хамт амьдардаг байжээ. Тэрээр 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн /ЭХТА/-ийн 145.1 дэх хэсгээр торгуулийн ялаар шийтгэгдсэн. Долоон жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салсан гэх мэдээлэл бий юм.
Т.Мандхай: Дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байна
Энэ хэрэг гарсантай холбогдуулан сэтгэлзүйч Т.Мандхайгаас амиа хорлолтын талаар товчхон мэдээлэл авсан юм. Тэрбээр “Дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож нас бардаг гэсэн судалгаа байна. Жил бүр 800 мянган хүн амиа хорлож нас бардаг бол түүнээс 20 дахин хүн амиа хорлох оролдлого хийдэг тухай статистик дүн мэдээ бий. Түүнчлэн дөрвөн сая өсвөр насныхан амиа хорлох оролдлогыг жил бүр хийж байна. Амиа хорлолт нь 15-29 насны хүмүүсийн нас баралтын хоёрдахь үндсэн шалтгаан болсныг мэргэжилтнүүд сануулдаг” гэсэн юм.
Аливаа хүн амиа хорлох үйлдэл хийж болзошгүй шинжүүд дараах байдлаар илэрдэг байна. Үүнд, өөрийгөө бусдад дарамт болж байна гэж ярих, амьдрах ямар ч шалтгаан алга гэж хэлэх, баригдсан, хүлээст орсон мэт мэдрэмж төрөх, тэсвэрлэшгүй өвдөлт мэдрэх, өөрийнхөө тухай үргэлж сөрөг зүйл ярих, ирээдүйд итгэл найдвараа алдах, үхлийн тухай үе үе дурсах, архи, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх, найз нөхөд, гэр бүлийхнээсээ өөрийгөө тусгаарлах, харилцаагаа таслах, өөрийнхөө үнэ цэнтэй зүйлсийг бусдад бэлэглэх, тараах, нийгмийн, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоо болих, хүмүүст баяртай гэж хэлэхээр зочилж очих, утсаар ярих, эрүүл мэндэд эрсдэлтэй зүйлд оролцох гэх мэт шинжүүд илэрдэг байна. Хэрвээ хэн нэгэн сэтгэлзүйн хувьд тогтворгүй, уур уцаартай, сэтгэлээр унасан, айж түгшсэн, бүх зүйлд идэвх сонирхолгүй, хуучнаасаа нэг л өөр болсон юм шиг санагдвал та түүнтэй сэтгэл зовоож байгаа, хэцүү зүйлсийнх нь талаар заавал ярилцахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Ядууралтай холбоотой олон хүн үхэж бна судлаачид судлаач орон гэргүй ажилгүй эхнэргүй байхгүйн шалтгаан харагдаад бнашүүдээ
Монголын нийгмийн шудрага бус байдал, эрх мэдэлтнүүдийн улайм цайм хулгай, дээрэм зүй бус үйлдлийг тэвчиж чадаагүйгээсээ болоод амиа хорлож эсэргүүцэл үзүүлсэн байна.