«Эрдэнэс Таван Толгойн»-н хувьцааны 20 хувийг иргэд авна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 23

«Эрдэнэс-Таван Толгой» компанийн нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд худалдахаар шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгжид хөрөнгө оруулсан иргэд болон бусад иргэддээ хэт ялгавартай хандсан, тэгш бус хуваарилалт боллоо гэж УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Б.Батбаяр, Я.Батсуурь, Х.Жекей, Д.Хаянхярваа нар үзсэн байна. Иймээс компанийн нийт хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах хувийг хүчингүй болгож, иргэддээ эзэмшүүлэх хувьцаан дээр нэмж олгох нь зүйтэй хэмээн УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар боллоо. Мөн хуралдаанаар гишүүн Я.Батсуурь, Батж.Батбаяр нарын санаачлан боловсруулсан тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ. Аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран бүх аж ахуйн нэгжид хавтгайруулан уул уурхайн компанийн хувьцааг худалдах нь эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай болгохоос гадна хувьцаа худалдан авах үндэсний аж ахуйн нэгжийг ямар шалгуураар тогтоох нь төдийлөн ойлгомжтой бус байна гэж дээрх гишүүд үзжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top