Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар дүүрэгт хөл хорионы нөхцөл байдалтай танилцаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр, 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаа билээ.
Гэвч хөл хорио эхэлснээс хойш буюу өнөөдөр өглөөнөөс хойш зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд хувийн автомашинаар зорчиж болохгүй гэх асуудал үүсээд байгаатай холбогдуулан Шадар сайд тайлбар өглөө.
Тэрбээр “Өчигдөр гарсан комиссын шийдвэр өөрчлөгдөхгүй. Зөвшөөрөгдсөн 14 салбарынхан чөлөөтэй зорчих ёстой. Албан байгууллагаасаа тодорхойлолтоо авсан, ажлын үнэмлэхтэй ажилтан хувийн машинаараа чөлөөтэй зорчино” гэдгийг хэллээ.
Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан "Цагдаагийн ерөнхий газрын даргад өгсөн тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Энэ дагуу ажил үүргээ гүйцэтгэж, хангалттай мэдээлэлтэй ажилла" хэмээн цагдаагийн алба хаагчдад санууллаа. Мөн "Одоо хэн дуртай нь албан байгууллагын нэр барьж явах эрсдлээс сэргийлээд, зөвшөөрөгдсөн салбарынхан тухайн өдөр ажиллах ажилтны хуваарийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээд, чөлөөтэй зорчиж болно. Шат шатандаа алдаа гарах явдал байна. Энэ асуудал зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа юм биш. Цаашид анхаарах шаардлагатай" гэв.