Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газарт газрын тосны олборлолт явуулахын сацуу тус аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтуудаар улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж байгаа «Петро Чайна Дачин Тамсаг Монгол» ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагааг түр зогсоолоо.
Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-22-ны өдрүүдэд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар Автотээврийн харилцааны талаархи Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1991 оны «Автотээврийн хэлэлцээр», Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Газрын тухай хууль, Авто замын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, «Тээврийнхэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага» МNS 4598:2003 стандартыг зөрчсөн олон зөрчил илрэв. Тухайлбал энэ онд газрын тосны тээвэрлэлт гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүй, маршрутын дагуу тээвэрлэлт гүйцэтгэлгүй замын хажуугаар 20 гаруй салаа зам үүсгэснээр говийн эмзэг экосистемд ихээхэн хохирол учруулсан, хөрсийг эвдрэл, талхагдалд оруулсан, орчныг ихэд бохирдуулж, тоосжилтоос сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс замын үзэгдэх орчин хязгаарлагдмал болон хувирсан, Бичигтийн боомт, Тамсагийн сав газрын чиглэлийн авто замыг засахдаа замын өргөнийг тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүйгээр нарийсгасан, эвдрэл, ховил, дэржигнүүр, цөмрөлт, тоосжилт зэрэг хүчин зүйлүүдээс тээврийн хэрэгслийн техникийн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэжээ. Түүнчлэн «шилжүүлэн ачих боломжгүй технологийн ачаа» гэсэн нэрийдлээр Монгол улсаас тээврийн хэрэгслээр ачин гаргах боломжтой ачааг зөвхөн БНХАУ-ын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг зэрэг зөрчлүүд гаргасан тул тус компаний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )