Говь-Алтай аймагт Тайширын усан цахилгаан станцын туршилтын ажил дууссан тул бүрэн чадлаар нь хүлээн авах ёслол Тайширын Улаанбоом дээр боллоо. Ингэснээр улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болж байгаа юм. Уг станцын буюу Улаанбоомын "Гэгээн нуур"-ын ус дүүргэлт зохих түвшиндөө хүрч, загас жараахай ч өсөн үржиж, аялал жуулчлалыг ч хөгжүүлэх тохироо бүрдэж байгаа аж. Энэ усан цахилгаан станц иж бүрнээр ашиглалтанд орсноор Алтай-Улиастайн усны болоод гэрэл цахилгааны асуудал шийдэгдэнэ.
Анх 2002 онд шавыг нь тавьж байх үед Усан цахилгаан станц байгуулна гэдэг үлгэр шиг санагдаж
байсан бол өнөөдөр нуурын усны түвшин 1657 м болж, 60 км-т 620 сая шоо метр ус хуримтлагдсанаар ашиглалтанд өгөхөд бэлэн болжээ. Усан цахилгаан станцыг хүлээн авах нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Эрчим хүчний сайд Д.Зоригт, сайд асан Д.Жинжид, төслийн удирдагч Б.Ганболд тэргүүтэй хүмүүс ирж оролцсон байна.
Тайширын усан цахилгаан станц ашиглалтанд орсноор Говь-Алтай аймгийн 18 сум, Завхан аймгийн 23 сум гэрэл цахилгаанаар хангагдах боломжтой болж байгаа юм. Ингэснээр төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй байсан хоёр аймгийн гэрэл цахилгааны асуудал шийдэгдэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )