Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный-тай холбоотой хоёр хэргийг Москвагийн Бабушкины шүүх өнгөрөгч бямба гарагт авч хэлэлцэн, нэг шүүх хурал дээр түүний тэнсэн харгалзах хугацаа хорих ялаар солигдсон тухай шийдвэр гарсан бол нөгөө хурал нь түүнийг ахмад дайчин Игнат Артеменког гүтгэсэн хэрэгт буруутгажээ. Ингээд Навальный хоёр ч удаа шүүх танхимд үг хэлэхэд хүрэв. Шүүх хурлаас түүнийг 2,5 жил хорих шийдвэр гаргасан учраас ойрын хугацаанд олны өмнө үг хэлэх боломж түүнд тохиохгүй ч байж мэднэ.
Навальный хоёр удаа үг хэлэхдээ зөвхөн буруутгагдаад буй хэргийнхээ мөн чанарын талаар бус өөрийн үзэл бодол, улстөрийн хөтөлбөрийн тухай өгүүлж, бас итгэл үнэмшил, аз жаргал, ядуурал, эх оронч үзэл гэх сэдвүүдийг ч хөндсөн юм.
ВВС-ийн Оросын албаны зүгээс шинжээчдэд хандан итгэл үнэмшил, аз жаргалын талаар Навальныйн хэлсэн үгсэд тайлбар хийхийг хүсээд, түүний бямба гарагт хэлсэн үгс одоогийн Ерөнхийлөгчийн сонгогчид руу чиглэсэн эсэх талаар асуусан байна. Эх оронч, сүсэг бишрэлтэй оросууд болон хүн амын ядуу давхаргын иргэдийг Владимир Путины уламжлалт сонгогчид хэмээн үздэг аж.
АЗ ЖАРГАЛЫН ТУХАЙ
Алексей Навальныйн шүүх танхимд хэлсэн үг:
“Орос орон зөвхөн эрхчөлөөт бус төдийгүй бүхий л талаар аз жаргалгүй байгаатай бид тэмцэх хэрэгтэй. Бидэнд бүх зүйл байгаа хэдий ч манайх аз жаргалгүй орон. Оросын утга зохиолыг нээгээд харцгаая, тэнд ихэвчлэн аз жаргалгүй байдал, зовлон шаналал дүрслэгдсэн байдаг. Бид энэхүү чөтгөрийн тойргоос гарч чадахгүй байгаа, гэвч гарахыг маш ихээр хүсэж байна. Иймд урам зориг өгөх уриагаа өөрчлөх хэрэгтэй-Орос орон зөвхөн эрхчөлөөтэй төдийгүй, аз жаргалтай байх ёстой. Орос орон аз жаргалтай болох ч болно. Ингээд гүйцээ”
Соёл судлаач, Чөлөөт их сургуулийн багш Владислав Земенков:
Барууны орнуудад сэтгэл хөдлөлийн капитализм буюу аз жаргалын соёл, хувь хүний өсөн дэвжих соёл төлөвшсөн гэх ойлголт социологид байдаг. Өөрийг нь аз жаргалд хөтлөх үр шимийг хүртэхийн тулд хүн хөдөлмөрлөдөг. Оросод харин эсрэгээрээ, сэтгэл хөдлөлийн социализм, эсвэл хувь заяаны дэглэм гэж нэрлэгддэг зүйл л байдаг. Иймд олон зүйл дээр юу ч өөрчлөгдөхгүй, урд нь яаж амьдарч байв, тэр маягаараа хойшид ч амьдарсаар байх болно.
Навальныйн хэлсэн үгс бол бодит байдлыг илэрхийлэх гэсэн оролдлого юм. Өөрөөр хэлбэл, Орос орон зөвхөн зовлонгийн кодчлолоор баглагдах бус, харин барууны замаар хөгжиж чадах орон гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Аз жаргалыг харах социал-демократ үзлийн тухай яригдаж байна гэж би Навальныйн үгнээс ойлгосон. Энэ бол зөвхөн хэн нэгэн ганц хүний аз жаргал биш, бас Оросод хаа сайгүй харагддаг капиталист аз жаргал ч биш юм. Тэр яригдаад байгаа Путины ордон бол ганц хүний аз жаргалыг илтгэж байгаа. Харин Навальный бүх хүмүүсийн аз жаргалын талаар ярьж байна.
Орос орон аз жаргалд зөвхөн суралцаж байгаа. Бид одоо зовлон шаналлын соёл болон ЗХУ задарсны дараа барууны соёлтой хамт ирсэн аз жаргалын соёлын холимог дунд амьдарч байна. Магадгүй, бид их өөрчлөлтийн гэрчүүд ч болж болзошгүй. Гудамжинд гарч эсэргүүцээд байгаа хүмүүс бол зовлон шаналалдаа цөхөрсөн иргэд гэж би боддог.
ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ТУХАЙ
Алексей Навальныйн шүүх дээр хэлсэн үг:
“Би юу ярихаа сайн мэдэхгүй байна эрхэмүүд ээ. Бурхны тухай, авралын тухай та бүхэнтэй яриасай гэж хүсэж байна уу? Учир нь, би бол Авлигатай тэмцэх сангийн доог тохуу болж буй итгэгч хүн. Тэндхийн хүмүүс үндсэндээ шашингүйн үзэлтнүүд байдаг, би ч бас цагтаа үл итгэгч байсан. Гэвч би одоо шүтлэгтэй нэгэн болсон, бүх зүйлс энгийн болдог учраас энэ нь ч надад тусалдаг юм. Би өмнөхөөс бага санаа зовниж, тухайн нөхцөл байдалд юу хийх хэрэгтэйг тодорхой бичсэн номын дагуу амьдарч байна. Түүнийг нэг бүрчлэн мөрдөх нь бэрхшээлтэй хэдий ч би байдгаараа хичээж байгаа. Иймээс улстөр хийх нь надад хялбар байдаг”
Мадрид дахь Мариа Магдалина сүмийн хамба лам Андрей Кордочкин:
Оросод болж өнгөрсөн үйл явдлуудыг хэлэлцэж буйг харахад, нэг бол “Путин сайн-Навальный муу”, эсвэл эсрэгээр нь “Путин муу-Навальный сайн” хэмээн хэт туйлшраад байх шиг надад санагддаг. Эдгээр нөхцөл байдал нь өгүүлэгч этгээдийн улстөрийн ашиг сонирхлоос өөр юуг ч илтгэж чадахгүй. Харилцан итгэлцэл, итгэл үнэмшлийн тухай асуудлыг зөвхөн шашны үүднээс ярих нь өрөөсгөл юм. Энэ асуудал бидэнтэй бараг л өдөр бүр тохиолддог. Внуково нисэх зурваст гарсан техникийн асуудлаас болж Навальныйн суусан онгоц Шереметьевод газардсан гэдэгт итгэх гэж үү. Навальныйг шүүх ажиллагаа нь ямар ч улстөрийн агуулгагүй, шүүх засаглал нь удирдлагаас өгсөн заавраар ажилладаггүй гэдэгт бид итгэх ёстой гэж үү. Хүмүүс ер нь юунд итгэдэг вэ.
"Ещенепознер" хөтөлбөрийн саяхны нэгэн дугаарт Александр Дугин мэдэгдэл хийхдээ, жинхэнэ улстөрчид гэдэг бол өөрийн үзэл санааны төлөө үхэхээс ч, бусдыг хөнөөхөөс ч буцахгүй хүмүүс гэж ярьсан. Би үүнтэй бүрэн дүүрэн санал нийлэхгүй байгаа. “Жинхэнэ” улстөрийн амьдрал хэн нэгэн алуурчныг төрүүлдэг гэж би бодохгүй байна. Мартин Лютер Кинг-ийн “Бирмингемийн шоронгоос бичсэн захидал”-ыг санацгаая. Хэрэв тэрхүү захидлыг тохь тухтай өрөөнд бичсэн бол тийм их итгэл үнэмшилтэй санагдахгүй ч байж мэдэх. Өөрийнхөө хэлсэн үгсийн төлөө эрх чөлөө, амь насаараа ч дэнчин тавихад бэлэн байгаад нь хүмүүс түүнд итгэж байсан. Харин түүхэн цаг хугацаа өөрт нь итгэсэн хүмүүсийг баярлуулах боломжийг Навальныйд олгох эсэхийг бид одоогоор сайн мэдэхгүй байна.
ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ БОЛОН ДАЙНЫ ТУХАЙ
Алексей Навальныйн шүүх танхимд хэлсэн үг:
“Та нар, танай Путин, танай “Нэгдмэл Орос” энэ дайнд ямар хандлагатай байна вэ? Та нарыг сонсмоор байвч нуувчнаасаа гарч ирэхгүй юм. Одоогийн өрнөж буй асуудлыг хэлэлцэхэд тийм ч амар биш учраас та бүхэн дайныг ашиглаж байна. Гэвч бүх зүйл хэрхэн явагдаж байгааг олон хүмүүс харж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэд та нараас ялгаатай нь, ахмад дайчид, тэтгэврийн хөгшчүүдийг хүн гэж тооцдог учраас над шиг л дургүй нь хүрч эгдүүцэж байгаа. Ахмад дайчид, тэтгэврийнхэн бол бидэнтэй л адил хэвийн хүмүүс учраас тэднийг доромжлон, өөрсдийн элдэв хуурамч бичлэгүүдэд хүчээр оруулж, тэдний өмнөөс бичиг баримтууд хуурамчаар үйлдэх ёсгүй юм”
“Левада-төв”-ийн социологич Денис Волков:
Дайны сэдэв оролцуулсан үгс нь эх орончдод хандаад зогсоогүй, харин өөрийг нь буруутгаад буй урвагч, тагнуул гэх ойлголтод няцаалт өгч, эх оронч гэдгээ харуулахыг хүссэн гэж би бодохгүй байна. Харин өөрийнх нь тухай тэдгээр төсөөллийн хариуд энэ сэдвүүдийг хөндөж байгаа байх. Тэр алс хэтийн ирээдүйд чиглүүлэн одооноос өөрийн имижээ засаж эхэлж байна гэж би бодож байгаа.
Улстөр судлаач Глеб Павловский:
Навальныйг ахмад дайчидтай муудалцуулах гэсэн оролдлого найдваргүй л болов уу гэж бодож байна. Учир нь, Сталины үеийг ч дурсан санадаг хамгийн ахмад үеийнхэн дунд Путины нэр хүнд маш тааруу байдаг. Иймээс тэдэнд Навальныйг муу хүн болгох гэсэн оролдлого төдийлөн бүтэлтэй болохгүй байх.
Путины гол сонгогчид нь ядуу, уламжлалт үзэлтнүүд гэж бодох нь эндүүрэл. Үнэн хэрэгтээ бага орлоготой хүмүүс бол Путины бооцоо биш. Сүүлийн саруудад өрнөсөн жагсаал цуглааныг харахад, Москвагаас алслагдах тусам хүмүүс илүүтэй зүүнтэн болж, тэнд нийгмийн шаардлага л ихсээд байхаас биш хүний эрхийн талаар бага яригдаж байгаа нь анзаарагдсан. Гэвч энэ нь тэдэнд хүний эрх болон эрхчөлөө хэрэггүй гэсэн үг биш, харин тэдний аймшигт ядуурал болон баялгийн шударга бус хуваарилалт л тэдгээр хүмүүсийн гол асуудал болчихоод байна.
Сөрөг хүчний бусад удирдагчдаас ялгарах Навальныйн гол онцлог нь тэр өөрчлөгдөхөд хэзээд бэлэн байдаг. Тэр хүмүүсийг болон тэдний мэдрэмжийг даган олон ч удаа өөрчлөгдөж байсан, цаашид ч өөрчлөгдсөөр байх болно. Иймээс түүний үгс зөвхөн шинэ байр суурины талаар бус, хөдөлгөөний чиглэлээ оновчлох тухай илтгэж байна.
Тэр шоронд хоригдлоо гээд бүрмөсөн тусгаарлагдана гэсэн үг биш юм. Хэрэв тэр амьд л байх юм бол түүнийг нийгмээс бүрмөсөн тусгаарлаж чадахгүй, түүний орон зай ч хоосрохгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
нахалный
Hawailni chadahgvi yaduu hvmvvsiig jiij bna chadahgvi ee
Tegeed odoo Putin krim,donetsk,luganskiig avaad gazar nutgaa tomsogoson ni buruu yu?checheenuudig darj duugui bolgoson,syriin alan hyadagch isis-g huis temtersen ni jinhene az jargal baimaar,enenniihaar bol ehner huuhed ard irgediih ni tolgoig ni tasdahgeed aluurchid irj baihad uuduus ni disneyland tsetserlegiin jingle duulaad bi az jargaltai gerd yavaj baihnlde
Yalaltin paradig teneglel soliorol demii zuil gesendee,oros yaavch bish 1 bol ih mungu amalsan ni medeej
ymarch baisan ardchillaa er aldaj bolochgui mongolchuud min!!!
ymarch baisan ardchillaa er aldaj bolochgui mongolchuud min!!!
Монголд эрх чөлөө аз жаргалтай болох нэрийн дор үнэтэй бүхнээ гээсэн. Төр нь дампуурсан , иргэд нь ядуурсан, авилгачид луйварчдаар дүүрсэн эмх замбараагүй болсон.