Энэ нөхрийг монголчууд сайн муу аль ч талаар нь нэгэнт мэдэх болжээ. Асар өндөр эрсдэл дунд улс төрийн оролцоотой дэнчин тавьж амьдардаг учраас тэр олны танил болсон байх. Их хөрөнгөтэй өндөрлөгт амьдрах нь хуультай хуульгүй эр зориг шаардаж таарна. Нөгөө талаар нохой нь хүртэл таньж хуцахаар болсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Соёлын сайд байхад Шадар туслахаар нь улс төрийн захад хөл тавьсан нь түүнийг олны өмнө гаргахад түлхэц болоо биз ээ. Тэгэхээр өнөөдөр түүнийг бизнесмэн гэдэг талаас нь мэднэ үү гэхээс улстөрч хэмээн дүгнэхэд дэндүү эрт байна. Учир нь тэрээр УИХ-д орж ирээд нэгэн жил ч болоогүй аж. Гэхдээ нийслэлийн хуралд иргэдээ ч бизнесээ ч төлөөлж байсан туршлага бол бий. Хэтдээ парламентад бизнеэсээ төлөөлөх үү, булганчуудыг төлөөлөх үү гэдэг нь тодорхой болох учраас энд дүгнэж цэгнэх нь илүүц ажил.
Ц.Анандбазар социализмын төгсгөлд дэлхийд данстай Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд сурахаар явж 1994 онд төгссөн хүн. Гэтэл тус сургууль түүнд утга зохиолын замыг бус бизнесийн замыг нь засаж өгсөн нь үнэн. Сургууль ч юу байхав, өөрөө л энэ зам руу орсон хэрэг болов уу. Ямартай ч тэр утга зохиолын галд цучил өргөөгүй хүн хэмээн уран зохиолын ахмадууд багагүй шүүмжлэлтэй ханддагийг цөөнгүй сонсож байлаа. Түүний удам сударт нэрт яруу найрагч Зундуйн Дорж, нэрт эрдэмтэн Ш.Гаадамба нар бий. Тэднийг “Ургийн баяр” зохион байгуулахад ураг удмаа дагаж найман яруу найрагч, 14 зохиолч ирсэн гэхээр түүний цусанд бол “юм” байх ёстой. Харин сэтгэл байхгүй байж болох юм. Гэхдээ түүний оюун тархины санд уншсан номын агуулга он сартайгаа байдаг бөгөөд “Номонд багтдаггүй агуулга гэж нэг ч байхгүй” гэж хэлсэн удаатай. Яах аргагүй номыг бол шүтдэг, уншдаг хүн гэдгийг бол мэднэ. Утга зохиолын сургууль төгссөний үр нөлөө болж үлдэх байх. Гэхдээ дэлхийн сонгодогт зүй ёсоор нэрлэгдэх “Фауст”-ыг Гётё 80 настайдаа бичиж үлдээсэн байдгийг мартаж болохгүй. Хожим хойно монголчууд Ц.Анандбазар хэмээх зохиогчтой ямар нэгэн сонгодог зохиолтой ч болох юм билүү, хэн мэдлээ. Хувь тавилангийн ерөөлөөр тэр утга зохиол бус улс төрд дэндүү шунан дурласан хүн. Шунан дурлахын хэрээр эрсдэл ч үүрсэн.
Хөрөнгөтэй хүнд гаргаж цацсан мөнгөний тоо ч сонин биш байх. Их улс төрд орохын тулд Дорноговь аймгийг ч услах гэж оролдов. Улаанбаатарт ч санаархаж үзэв. Эцэст нь ээжийнхээ төрж өссөн нутаг Булган хангайгаас чамгүй өндөр санал авснаар 2020 онд УИХ-ын гишүүн болов. Аав нь Дорноговь, ээж нь Булган аймгийнх, өөрөө Улаанбаатарт төрсөн. Тиймдээ ч улс төрийн нүүдэл хийж, говь хангай, нийслэл аль аль талд нь “төлөг тавьж”, азаа үзсэн учраас “Олон нутагтай хүн” хэмээн нэрлүүлж ч байв.
Цар тахлын үед болж өрнөсөн улс төрийн үйл явдал, УИХ-ын чуулганы хуралдаан, бусад зүйлээс харж байхад тэр чамгүй сайн улстөрч болох шинж төлөв бий. Ганц нэгхэн жишээ дурдахад өөрөө нефть импортлогч байж хуурамч шатахуун импортлогчидтой хатуу тэмцэхийг баримттайгаар сануулж байна лээ. Мөнхүү өдгөө парламентад үл дуулдах болсон мал сүрэг, бэлчээрийн тухай дуугарч байгаа ганц гишүүн гэхэд болно. Энэ нь нагац ах, нэрт яруу найрагч Зундуйн Доржийн өвлүүлж үлдээсэн нөлөө байх. Нөгөө талд улс төрийн талаасаа ч “юм” бий л байх. Энэ цаг үед мал аж ахуй, газар нутаг, бэлчээр ярьдаг гишүүн ч цөөрсөөр л байна шүү. Их л олон эдийн засагчид, хуульчид том том онол яриад сууж байгаагаас цаашгүй.
Нутаг гэснээс тэр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр баригдаж эхлэхээс өмнө буюу 2012 онд Нефть нэрэх үйлдвэрийн шав тавьж байв. Энэ явдал нь шав тавьсан өдөртэйгээ мартагдасныг бодоход Дорноговь аймгаас нэр дэвших пиарын хүрээнд зохион байгуулсан ажил болов уу. Эсвэл УИХ-ын гишүүн болж чадаагүйнх ч байж мэдэх юм. Магадгүй УИХ-ын гишүүн болчихсон бол Газрын тос нэрэх үйлдвэр барьчихсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л тухайн үед нефть импортлогч Нефтийн үйлдвэр барина гэхээр хэн ч итгээгүй байх л даа. Зөвхөн Ц.Анандбазар ч биш манай улстөрчид Нефть нэрэх үйлдвэрийн шавыг олон ч удаа тавьсан ч нэг нь ч баригдаагүй юм даа. Угаасаа тэр жил Дорноговь аймгаас нэр дэвших бүхий л арга хэмжээг сонгогчдын хүрээнд ч, нам улс төрийн хүрээнд ч шийдчихсэн байсан. Гагцхүү МАН-ын Бага хурлаас нэр дэвших эрхийн мандатаа тэврээд гарч ирэхэд нь АТГ-ынхан баривчилсан байдаг. Түүнийг урьдчилан хорих төвд цагдаж байгаад сонгуулийн дараа ямар ч ял зэмгүй суллан явуулснаас үзэхэд энэ нь улс төрийн зүгээс орсон хатгаас байх.
Өөрөө ч “...далан зургаан төлөөллөө сонгон баталсан өдөр АТГ намайг хилс хэрэгт сэжиглэн баривчилж, шоронд хорилоо. Нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр түвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байгааг ард түмэн та бүхэндээ сонордуулж байна” хэмээн урьдчилан хорих төвөөс захидал илгээж байснаас харахад ч тэр, шүүхээс ямар нэг ял өгөөгүйг харвал хэлмэгдсэн гэдэг нь үнэн болно. Энэ бол хувь хүний зүгээс асар том эрсдэл үүрсэн хэрэг. Үүнээс өмнө ч тэрээр бас л цагдан хоригдож шалгагдаж байсан гэхээр бизнесээ босгож, улс төрд орох гэж чамгүй эрсдэл үүрсэн, их ч хөрөнгө цацсан. Хэдийгээр түүнийг шүүхээр буруутган яллаагүй ч ямар нэгэн хүчин зүйл байдаг учраас ийнхүү байн байн барьж хорьдог биз ээ. Мэдэх юм алга. Таахын аргагүй оньсого таавар мэт зүйлс улс төрд олон өрнөдөг хойно доо.
Энэ л утгаараа тэр сайн муу хэлүүлж л явна. Хэдийгээр муу сайн нэртэй ч түүний үүсгэн байгуулж, өдгөө үйл ажиллагаа явуулж байгаа “Сод Монгол” групп өөрөөсөө 14 охин компани төрүүлж, улсын төсөвт жилдээ 100 гаруй тэрбум төгрөг тогтмол төвлөрүүлж ирсэн гэхээр яах аргагүй улс орондоо өндөр хувь нэмэр оруулж байгаа хүн. Үүгээр зогсохгүй “Сод Монгол” хэмээх айлд өдгөө 2000 гаруй хүн ажиллаж байгаа гэхээр олон хүний амьдрал ахуйг тэтгэж яваа ачтан гэхээс өөр аргагүй. Ийм л нэгэн бодьгал өнөөдөр парламентад сууж байна. Монголын толгой бизнесмэнүүдийн нэг учраас тэр улсаасаа таван төгрөг хумслах гэж парламентад орж ирээгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд гар дүрж, хөшөө баримлын тендерт оролцох хэмжээний жижиг гар лав биш. Чухам томоос том зүйл байвал хэрхэхийг тэнгэр мэдэх хэрэг. Магадгүй, өөрөө ч мэдэхгүй суугаа биз. Аливаа өндөр зорилго өөд өгсөхөд яах аргагүй эрсдэл үүрдэг. Эрсдэл үүрэхгүй дардан замаар яваад ирлээ ч хэзээ нэгэн цагт эрсдлээ үүрүүлдэг ертөнц бол яах аргагүй улс төр. Тэгэхээр Ц.Анандбазар хэмээх гишүүн эрсдлээ эхэлж үүрчихээд дараа нь зорилгодоо иржээ гэж харагддаг. Эрсдлээ даваад шантралгүй явж ирсэн хүн зорьсон зүйлээ бүтээдэг ёсон бий. Эдлэх эрэмбэ ч тосон уулзах ерөөл бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
магтаа ч үгүй, муулаа ч үгүй үнэн дундуур нь бичсэн байна. Улсын Их Хуралд орж ирээд улс орныхоо төлөө, хөдөө аж ахуй, мал, нефть, бензиний талаар үнэн дугарч яваа хүн дээ. Эрсдлээ даваад гарсан хүн бодсон зорьсноо хэрэгжүүлнээ. Иргэн хүний хувьд дэмжиж байгаа шүү.
Сайн залуу шүү даанч эргэн тойронд нь зулгаагчид саагчид бөөгнөрөөд байдаг юм гэсэн
Новшийн луйварчин, хулгайч
za ih l tomoor bichsen bn ug n shalohgui amtan ldaa mash tom avandaa zaltai hun shuu baga tenger iin amiig uurin bologson uls turiin hund baishin uguud l uls turd orsondoo
миатын шатхууны тэндэр олон жил авсандаа
Дэмждэг шүү