Д.Трамп 2024 оны ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцохоо үгүйсгэсэнгүй

2021 оны 03 сарын 03

“Сайн эр” Дональд Трампын дуулиан тасрахгүй нь

Заншил ёсоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан экс Төрийн тэргүүнүүд улс төрд оролцохгүйг эрхэмлэсээр ирсэн билээ. Барак Обама л гэхэд дөрвөн жилийн турш Дональд Трампын эсрэг үг дуугараагүй. Гэвч энэхүү уламжлалыг сар гаруйн өмнө албан үүргээ өндөрлүүлсэн 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп эвдээд байна. Цагаан ордныг орхив уу, үгүй юү дуулианд дуртай Трамп ээлжит шуугианаа тарьж эхлэв. Энэ зуур тэрээр Конгрессоор өөрт нь итгэл үзүүлэх эсэхийг хоёр удаа хэлэлцүүлж, мөн хоёронтаа цагаатгагдсан АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болоод амжсан. Бас 2022 онд болох Конгрессын завсрын сонгуульд идэвхтэй үүрэг гүйцэтгэхээ мэдэгдэн Сенат, Төлөөлөгчдийн танхимд нэр дэвшүүлж, дэмжих бодолтой байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг үйлджээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Жозеф Байден тангаргаа өргөн ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр бүрэн эрх нь өндөрлөж Цагаан ордныг орхисон Дональд Трамп дахин олны өмнө гарч ирэв. Тэрээр хоёрдугаар сарын сүүлийн өдөр \Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 1-ний шөнө\ Флорида мужийн Орландод болсон улс төрийн консерватив үзэлтнүүдийн жил тутмын ээлжит бага хуралд оролцон Цагаан ордноос явснаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө үг хэллээ.

Цар тахлын эсрэг хөл хорио хамгийн сул учир Флоридад бага хурал хийхээр сонгосон бөгөөд оролцогчдын дийлэнх нь цахимаар бус биечлэн иржээ. Тэд коронавирусний дэглэмийг үл ойшоон маск зүүсэнгүй. Дональд Трамп улс төрийн шинэ нам байгуулах гэж буй талаар гарсан дуулиан шуугианыг няцаагаад АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд оролцохоо харин үгүйсгэсэнгүй. Үүгээрээ тэрээр “Сайн эр” Дональд Трампын дуулиан тасрахгүй  гэдгийг сануулаад авлаа. Бүр нэгдүгээр сарын сүүлээр Дональд Трамп улс төрийн шинэ нам байгуулах санаагаа орхиж Нэгдсэн улсын хамгийн нөлөө бүхий улстөрчийн байр сууриа хадгалан Бүгд найрамдах намын цор ганц лидер болохоор шийдсэнээ зарлаж байсан билээ.

Тэрээр өнгөрсөн онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө баттай ялалт байгуулсан гэдгээ олны өмнө дахин зарлав. Гагцхүү Ардчилсан намынхан сонгогчдын шуудангаар илгээсэн саналыг буруу тоолсон, бас бус заль хэрэглэж Жо Байденыг ялсан мэтээр тооцон сонгууль луйвардсан хэмээн урьд нь ярьж байснаа дахин давтжээ. “Ардчилагчид Цагаан ордныг луйвраар авсан. Би тэднийг гурав дахь удаагаа ялахаар шийдээд байгааг хэн мэдэх юм” гээд зарим сонгогчийн саналыг шуудангаар урьдчилан авдаг зарчмыг хязгаарлах ёстой хэмээжээ.

Ардчилагчид Цагаан ордныг дөрвөн жилийн дараа орхих болно хэмээн “чимхэв”

Дональд Трамп өөрийнх нь халааг авсан Ардчилсан намын төлөөлөгч Жо Байденыг “Нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч” хэмээн “чимхэхээ” мартсангүй.

“Жо Байдены засаг захиргаа ер нь тааруухан байх болно гэдгийг бид бүгд мэдэж байсан. Гэхдээ арай ийм муу байна гэж төсөөлөөгүй. Нэгдсэн улсын орчин цагийн түүхэн дэх Төрийн тэргүүн нараас Ерөнхийлөгчийн алба хашсан Жо Байдены ажлын эхний сар хамгийн тааруу байлаа. Тэр АНУ-д хууль сахиулах үүргийг хангуулах талаар сулхан ажиллаж байгаа. Байдены засаг захиргаа ажлын байр, гэр бүл, улсын хил, эрчим хүч, эмэгтэйчүүд төдийгүй шинжлэх ухааны асуудлыг шийдэхдээ маруухан гэдгээ харууллаа” хэмээн Дональд Трамп залгамжлагчаа шүүмжилжээ. Түүгээр зогссонгүй, “Ардчилагчид Конгрессын завсрын сонгуульд үнэмлэхүй ялагдаж, улмаар дөрвөн жилийн дараа Цагаан ордныг орхих болно. Ер нь орхиж байгаа ч гэж хэлж болно. Ганцхан сарын дотор бид “Америк нэгдүгээрт” гэсэн гол зарчмаасаа холдож, “Америк хамгийн сүүлд” гэсэн зарчим руу шилжин оржээ” хэмээн мэдэгдсэн байна. Ингэж тэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлснээс хойш анх удаа олон нийтэд хандан үг хэлэв.

Жо Байдены гаргасан шийдвэрүүд Д.Трампад таалагдсангүй

АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого Нэгдсэн улсыг ОХУ болон Ойрхи Дорнодын газрын тосноос хараат болоход хүргэнэ хэмээн Д.Трамп мэдэгдээд АНУ-ыг Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн оруулах тухай гаргасан Жо Байдены шийдвэрийг буруутгалаа.  Залгамжлагчийнх нь гаргасан анхны шийдвэрүүд экс Ерөнхийлөгчид таалагдахгүй байгааг жишээ татан илэрхийлжээ.

“Жо Байден илүү ашигтай гэрээ байгуулах талаар хэлэлцэхгүйгээр АНУ-ыг шударга бус, маш үнэтэй хэлэлцээрт эргэн орууллаа. Хятад, ОХУ, Энэтхэг биш АНУ л эрчим хүчний цэвэр нөөц хэрэглэж байгаа шүү дээ. Тийм байтал  уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй улсуудад хамаатай хэлэлцээрт эргэн орох нь ямар ашигтай юм бэ” хэмээн Дональд Трамп бухимдсан байна. Канадаас АНУ тийш газрын тос дамжуулах “Keystone XL” хоолой барих төслийг Жо Байдены шийдвэрээр зогсоосон билээ.

Цагаан ордны шинэ засаг захиргааны уг шийдвэр Дональд Трампын сэтгэлд бас нийцсэнгүй. Жо Байдены бодлогогүй гаргасан шийдвэрийн уршгаар 42 мянган хүн өндөр цалинтай ажлын байртай болох боломжоо алдсан хэмээн буруутгажээ. Дональд Трамп өөрийгөө Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа Америкийг эрчим хүчнээс хараат бус болгож чадсанаараа бахархаж явдгаа ч нуусангүй.

Дональд Трамп “Сүүдрийн Ерөнхийлөгч” байх уу!

Тэрээр Ерөнхийлөгч Жо Байдены алхам, шийдвэр бүрийг харж, шүүмжилж байх болно гэдгээ мэдэгдсэнээрээ “Сүүдрийн Ерөнхийлөгч” байх нь уу” гэх сэтгэгдлийг хүмүүст үлдээгээд байна. “Ойрын жилүүдэд Дональд Трамп Бүгд найрамдах намын цорын ганц бөгөөд маргаангүй лидер хэвээр үлдэх бөгөөд тус намын дэмжигчид, хамтрагчид үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ” хэмээн шинжээчид үзэж буй юм. Энэ сацуу тэрээр нэгдүгээр сарын эхээр хаагдсан нийгмийн сүлжээн дэх харилцаагаа сэргээхийг эрмэлзсэн хэвээр байгаа билээ. Нэгдүгээр сарын 6-нд Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордонд халдаж, таван хүний амь эрсэдсэн. Жагсаал цуглаан, үймээнд нийгмийн сүлжээгээр бусдыг уриалсан хэргээр Трамп Twitter, Facebook, Instagram, YouTube, Snapchat-ын хаягуудаа хаалгасан учир тэрээр олны өмнө биеэрээ гарч үг хэлэхээс аргагүйд хүрсэн. Дональд Трампын аккаунтуудыг сэргээх эсэх талаарх сүүлийн шийдвэрийг Facebooк-ийн хараат бус шинжээчдийн зөвлөл гаргах учиртай болоод байна. Нэгдүгээр сарын 21 буюу Дональд Трампын бүрэн эрх өндөрлөсний маргаашаас шинжээчдийн зөвлөлийн таван гишүүн түүний аккаунтуудыг сэргээх асуудлыг судалж эхэлсэн бөгөөд 90 хоногийн дотор шийдвэрээ гаргах учиртай ажээ.

Америкийн нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг иргэдийн 61 хувь нь тухайн үед Д.Трампын аккаунтуудыг хаасныг дэмжсэн байдаг. Хэрэв хараат бус шинжээчдээс нааштай шийдвэр гаргавал тавдугаар сарын эхээр Д.Трамп нийгмийн сүлжээнд эргэн морилох бололтой. Нийгмийн сүлжээгүйгээр ч өөрийнхөө эрх чөлөөг бүрэн мэдэрч буйгаа экс Ерөнхийлөгч хэлээд амжсан. Ийнхүү Д.Трамп дараа дараагийн дуулианаа дэгдээхээс буцахгүй шинжтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top