Японы тэрбумтан Юсакү Маезава олон нийтэд хандаж, Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн нислэгээр сарыг тойрох аялалдаа найман хүнийг нэгдэхийг урьжээ. Ингэхдээ тэрбээр янз бүрийн нийгмийн гарал үүсэлтэй хүмүүсийг нэгдэхийг хүссэн байна.
Юсакү аяллын бүх зардлыг даах аж. Энэхүү “dearMoon” нэртэй нислэг 2023 онд товлогдоод байгаа билээ.
Тэрбумтантай хамт сар руу хамт нисэх хүмүүс нийгэмд тустай үйл ажиллагаа явуулдаг, багийн ижил хүсэл мөрөөдөлтэй гишүүдийг дэмжихэд бэлэн байх ёстой гэсэн хоёр шалгуур тавьж байгаа гэнэ.
Юсакү төлөвлөгдөж буй нислэгийн бүх суудлыг худалдан авсан тул хувийн нислэг байх болно гэж онцолсон байна.
Загварын ертөнцийн магнат, урлагийн бүтээл цуглуулагч Маезава өмнө нь энэхүү нислэгт зураачдыг урих төлөвлөгөөтэй байгаа тухай мэдэгдэж байсан ч төсөлд өөрчлөлт оруулж, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст аялалд нь нэгдэх боломжийг олгохоор болсон байна. “Хэрэв та өөрийгөө зураач гэж боддог бол та зураач шүү дээ” гэж тэрбээр тодруулжээ.
Өнгөрсөн онд тэрбээр сар руу хамт нисэх найз бүсгүй хайж байгаа талаар зарласан ч удалгүй цуцалж байсан билээ.
2018 онд Маезава “SpaceX” компанийн сарыг тойрох нислэгийн анхны аялагчаар тодорч байсан билээ. Хэдийгээр тасалбарын үнийг нууцалж байгаа ч түүний хэлснээр “маш өндөр үнэтэй” аж.
2023 онд төлөвлөгдөж буй нислэг 1972 оноос хойш сар руу хүн ниссэн анхны аялал байх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Би байна шүү