АНУ-ын “SpaceX” компанийн “Starship” сансрын хөлгийн 2023 онд сар руу хийх нислэгийн анхны зорчигч болох Япон улсын иргэн, тэрбумтан Юсаку Маэзава дэлхийн дагуул руу хамт нисэх найз бүсгүй хайж байна.
Энэ зарыг 44 настай сансрын жуулчин өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. Түүнтэй хамт сансрын адал явдлыг туулахыг хүссэн бүсгүйчүүд энэ сарын 17-ныг хүртэл бүртгүүлэх ёстой аж.
Өнгөрсөн зун Илон Маскийн компани Маэзаваг сар руу аялах анхны жуулчнаар сонгосон юм. Хамгийн сүүлд АНУ-ын сансрын нисэгчид 1972 онд саран дээр бууснаас хойш дэлхийн дагуул руу хүн нисэж байгаагүй билээ.
Маэзава саяхан өөрийн найз бүсгүй болох жүжигчин Аяаме Горикигээс салжээ. Тэр одоо ганцаардаж, сэтгэл нь хоосорсон ч амьдралдаа нэг л эмэгтэйг үргэлж хайрлахыг хүсэж байгаа гэнэ. Ирээдүйн найз бүсгүйгээ гурван сарын хугацаанд сонгохоор төлөвлөж байгаа бөгөөд найз бүсгүй нь 20-иос дээш насны, нөхөрт гараагүй, эерэг үзэл бодолтой байх ёстой аж.
Японы тэрбумтан бизнесмен Юсаку Маэзава анх панк рок хамтлагийн бөмбөрчнөөр алдар нэрд хүрчээ. Гурван тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй хөрөнгийг тэрбээр Zozo брэндийн хувцасны сүлжээ дэлгүүр ажиллуулснаар бий болгосон юм.
Юсаку Маэзава урлагийн бүтээлийг их хэмжээгээр худалдан авдаг гэдгээрээ алдартай бөгөөд олныг шуугиулсан буяны арга хэмжээгээр мөн нэртэй. Хэдхэн хоногийн өмнө гэхэд Маэзава твиттерээр санамсаргүй сонгосон 100 дагагчдаа 100 сая иен тарааж өгнө гэж амласан байна. Дагагчид нь 100 сая иентэй болохын тулд Маэзаваг дагаж, сугалааны талаарх түүний постыг ретвит хийхэд хангалттай гэнэ.
Маэзава сар руу нисэх аялалдаа хэдий хэмжээний мөнгө төлснийг нууцалж байгаа ч “SpaceX” компанийн эзэн Илон Маск маш их хэмжээний мөнгө хэмээн нэгэнтээ цухуйлгаж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хүрэлсүхийгээ нисгэж баатар болгоё