Ирэх арван жилд саран дээр анхны хот босох боломжтой бөгөөд SpaceX компани үүнийг тэргүүлэх зорилгоо болгоод байна гэж тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгджээ.
Тус компани үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг саран дээр хот байгуулахад чиглүүлсэн бөгөөд энэ зорилгодоо ирэх 10 жилд хүрэх боломжтой. Харин Ангараг гараг дээр хот байгуулах амбицыг хэрэгжүүлэхэд 20 гаруй жил шаардагдана гэж Маск онцолжээ.
Түүний хэлснээр, Ангараг гараг руу нисэх цонх үе 26 сард нэг удаа тохиодог бөгөөд нислэг хагас жил үргэлжилнэ. Харин сар руу 10 хоногт нэг удаа аялах боломжтойгоос гадна нислэгийн хугацаа хоёр өдөр л үргэлжилнэ. SpaceX Ангараг гараг дээр хот босгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү төслөө 5-7 жилийн дараа эхлүүлнэ гэж Маск мэдэгджээ.
Үүнээс өмнө The Wall Street Journal хэвлэлд SpaceX компани 2027 оны гуравдугаар сард Starship хөлгөөрөө сар руу жолоочгүй нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. Тус компани НАСА агентлагтай хамтран сарны хөтөлбөр дээр төвлөрч ажиллаж байгаа тул Ангараг гараг руу хөлөг илгээх зорилгоосоо түр ухраад байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )