НАСА саран дээр хүн буулгах төлөвлөгөөгөө өөрчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг сүүлийн хагас зуунд анх удаа сансрын нисэгчдээ саран дээл буулгахаас өмнө нэмэлт нислэг үйлдэх шийдвэр гаргажээ.

Төлөвлөгөө ёсоор энэ оны дөрөвдүгээр сард төлөвлөгдөөд байгаа Artemis II нислэгийн дараа 2028 онд үйлдэх Artemis III нислэгээр сансрын нисэгчдийг саран дээр буулгах ёстой байв. Харин төлөвлөгөөнд орсон өөрчлөлтийн дагуу Artemis III хөтөлбөрийн хүрээнд технологийг шалгахаар болжээ. Энэ хүрээнд сансрын хөлөг дэлхийн тойрог замд үлдэж, сансрын хөлгийг буултын модультай залгах туршилтыг гүйцэтгэх аж. Энэхүү нэмэлт нислэгийг 2027 онд төлөвлөсөн бөгөөд саран дээр сансрын нисэгчдийг Artemis IV хөтөлбөрийн хүрээнд 2028 онд төлөвлөсөн ёсоор буулгахаар зорьж байна.

Гэсэн хэдий ч НАСА агентлаг саран дээр хүн буулгахдаа ямар буултын модуль ашиглахаа одоогоор сонгоогүй байна. Буултын модуль үйлдвэрлэх гэрээг тус агентлаг SpaceX компанитай байгуулсан ба гэрээний дагуу модулийг Starship пуужингаар хүргэх ёстой. Гэтэл Starship пуужингийн хөгжүүлэлт удааширч байгаа тул тус агентлаг илүү хялбар хувилбар танилцуулах хүсэлтийг SpaceX компанид тавьжээ.

НАСА агентлаг мөн ийм хүсэлтийг Жефф Безосын Blue Origin компанид хүргүүлсэн байна.

Үүнтэй зэрэгцэн сарыг эзэмших олон улсын өрсөлдөөн улам эрчимж байна. Хятад улс 2030 он гэхэд саран дээр буухаар төлөвлөж байна. АНУ ч тэр, БНХАУ ч тэр сарны өмнөд туйлд сансрын нисэгчдээ буулгахаар зорьж байгаа бөгөөд ирээдүйд саран дээр барих станцынхаа байршлын төлөө өрсөлдөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top