Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт нь эхнээсээ шийдэгдэж эхэлсэн байна. Харин энэхүү хөнгөлөлттэй зээлийн талаар ХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
-“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээл олгохоор болсон. Энэхүү мөнгө ямар салбаруудад хэрхэн хуваарлагдаж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, хоёр үндсэн чиглэлээр буюу эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх тогтоол гарч байгаа. Үүний хүрээнд 10 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж эдийн засгаа сэргээх шийдвэр гарсан. Энэ хүрээнд манай хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбарт тодорхой хэмжээний санхүүжилт шийдэгдсэн. Тухайлбал энэ хаврын ноолуур бэлтгэлийн ажилд 200 тэрбум төгрөг, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдэж байгаа. Мөн үүн дээр нэмээд малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлээд нийтдээ 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн. Энэ хүрээнд эдгээр ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Яг ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулан Монгол Улсын Хөгжлийн банк, арилжааны банкуудаар дамжуулан ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүдэд энэ хөнгөлөлттэй зээлийг олгохоор ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд олгож байсан туршлага дээрээ үндэслэн энэ зээлээ олгохоор Хөгжлийн банктай хамтран төлөвлөгөө гаргаж байна. Хаврын тариалалтаас өмнө, энэ жилийн уринш бэлтгэл, намрын ургац хураалт гээд нийтдээ 100 тэрбум төгрөгийг төсөвлөж байгаа.
-Малчдад олгох зээлийн тухайд?
-Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөг бол сүүлийн жилүүдэд байгаагүй шийдвэр болсон. Тиймээс үүнийг зөв зүйтэй зохион байгуулах шаардлага тулгарч байгаа. Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүүтэй мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр анхаарал хандуулж, хэд хэдэн чиглэлээр зээл олгохоор төлөвлөж байна. Тухайлбал эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр энэ зээлийг олгоход түлхүү анхаарна. Дээрээс нь малчдын үйлдвэрлэл буюу сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг чиглэлд илүүтэй олгоно.
-Энэ зээлийн хүү хэд байх вэ. Буцаан төлөлтийг нь хэрхэн хийх вэ?
-Засгийн газрын тогтоолд дурдсанаар малчдад олгох 200 тэрбум төгрөгийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байна. Харин ноолуурын буюу газар тариалангийн үйлдвэрлэлд гаргаж байгаа санхүүжилт адилхан жилийн гурван хувийн хүүтэй ч нэг жилийн хугацаатай байх юм.
-Эдгээр зээлүүд арилжааны банкаар дамжин олгогдох уу?
-Тийм. Ер нь бол энэ салбарт олгогдож байгаа зээлүүд бүгд арилжааны банкаар дамжин олгогдоно. Тэгэхээр малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид маань энэ хөнгөлөлттэй зээлд хамрагдъя гэвэл харилцдаг арилжааны банкуудтайгаа харилцаад энэ зээлийг авах бүрэн боломжтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Хурган авилгалч насаараа яаманд. Шорондоо морилно доо эрт орой
Ингээд л хошгируулаад байгаа юм даа