Байдены засаг захиргаа ОХУ-ын эсрэг АНХНЫ ХОРИГОО тавилаа

2021 оны 03 сарын 05

АНУ-ын зүгээс энэ гуравдугаар сарын 2-нд ОХУ-ын нөлөө бүхий хүмүүс, судалгаа, шинжилгээний зарим төвүүдийн эсрэг хориг тавьснаа мэдэгдэв. Сөрөг хүчний улстөрч А.Навальныйг барьсан, хорьсон, хордуулсан асуудлаар ийм арга хэмжээ авахаар болжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаанаас ОХУ-ын эсрэг тавьсан анхны хориг болж байгаа юм. Үүний өмнөхөн ОХУ-ын сөрөг хүчний нөлөө бүхий удирдагч Алексей Навальныйг хордуулсан болон баривчлан хорьсон шалтгаанаар Кремлийн нөлөө бүхий зарим хүний эсрэг Европын холбооноос хориг тавиад байгаа билээ.

Хэрэв Москва арванхоёр сарын дараа тодорхой заасан нөхцөлүүдийг биелүүлбэл хориг, хязгаарлалтуудыг зогсоох боломжтой хэмээн АНУ-ын Төрийн Департаментаас мэдэгджээ.

АНУ-ын Төрийн Департамент, Худалдааны болон Сангийн яамд уг хоригийг тавиад байна. Цагаан ордны засаг захиргаанаас шинээр тавьсан хоригийг “Зөвхөн эхлэл” хэмээн зарлажээ. Учир нь АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага, аж ахуйн нэгжийн цахим сүлжээнд кибер халдлага үйлдэн ихээхэн хохирол учруулсан гэх хэргээр мэдээллийн технологийн SolarWinds компанийн эсрэг ойрын үед хориг тавих болно хэмээн мэдэгдээд байна.

АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын Аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын нэгдүгээр орлогч Сергей Кириенко, Ерөнхийлөгчийн дотоод бодлогын асуудал эрхэлсэн газрын дарга Андрей Ярин, тус улсын Ерөнхий прокурор Игорь Краснов, Холбооны улсын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Александр Калашников, Батлан хамгаалахын дэд сайд Алексей Криворучко, Павел Попов нарт хориг тавьжээ. Мөн Батлан хамгаалах яамны харьяа эрдэм шинжилгээний 27, 33 дугаар төв, Органик хими, технологийн улсын эрдэм шинжилгээ судалгааны төв зэрэг газрууд хоригт өртөв. Эрдэм шинжилгээний  48 дугаар төв хоёр салбарын хамт Төрийн Департаментын хязгаарлалтад оржээ. Америкийн талаас мэдэгдсэнээр хоригт орсон химийн чиглэлийн үйлдвэр, хүрээлэнгүүд Алексей Навальныйг хордуулахад оролцсон байх магадлалтай аж.

Түүнчлэн  өмнө нь Кремлийн нөлөө бүхий этгээдүүдийн зүгээс ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа Сергей Скрипал, түүний охин Юлия Скрипал нарыг хордуулан амь насанд нь халдахыг завдсан гэх үндэслэлээр Их Британийн холбогдох байгууллагуудаас буруутгаад байсан зарим хүнд хориг тавьжээ. Хурандаа Сергей Скрипалыг охиных нь хамт хордуулсан хэргийг үйлдсэн хэмээх ОХУ-ын тусгай албаны ажилтнууд Анатолий Чепига                                                                                  /Руслан Боширов/, Александр Мишкин /Александр Петров/ нарт АНУ-ын Төрийн Департамент бас хориг тавьсан байна.

Жозеф Байдены засаг захиргаа үүнээс гадна нэлээд хэдэн хязгаарлалтын арга хэмжээг ОХУ-ын эсрэг авахаар боллоо. Тухайлбал, 1961 онд батлагдсан Гадаад орнуудад тусламж үзүүлэх тухай хуулиар ОХУ-ын талд хүмүүнлэгийн яаралтай тусламжаас бусад төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээ зогсоохоор болов. Зэвсэг худалдах, экспортлохыг зөвшөөрч болох улсуудын жагсаалтаас Оросыг хасна гэжээ. ОХУ-ын оролцоотой гадаадын цэргийн санхүүжилттэй аливаа хөтөлбөрийг зогсоох, аль ч төрлийн зээл, зээлийн баталгаа болон бусад санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзана гэлээ. ОХУ-тай сансар судлалын салбарт хийх арилжааны хамтын ажиллагааг мөн хязгаарлах тухай шийдвэр гаргажээ.

Хориг тавьсан талаарх мэдээлэл гарсан даруйд буюу гуравдугаар сарын 2-ны үдээс хойш ОХУ-ын санхүүгийн зах зээл дээр рублийн ханш ам.доллар, еврогийн эсрэг чангарч эхэлсэн байна. Ерөнхийдөө АНУ, ОХУ-ын хооронд санхүүгийн урсгал тийм ч их биш гэдгийг хойд хөршийн талаас мэдэгдлээ.

Тэгвэл одоо Цагаан ордны засаг захиргаа Конгресстой хамтран дахин шинэ хориг арга хэмжээ авах талаар зөвшилцөж буй ажээ. Химийн зэвсэг хэрэглэх, боловсруулах чиглэлд хамаарал бүхий этгээдүүдэд хориг тавих болон ОХУ-ын талд зарим төрлийн бараа, технологи нийлүүлэхийг хязгаарлах талаар энэхүү зөвшилцлийг хийж байгаа юм байна.

Түүнчлэн тун удахгүй АНУ-ын нутаг дэвсгэр дээр үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг болон Америкийн талтай санхүүгийн хамаарал бүхий Оросын долоон иргэний эсрэг хориг тавихаа Вашингтон мэдэгдэв. АНУ-ын болон бусад улсын иргэд тэдгээр долоон хүнтэй ажил хэргийн холбоо тогтоож болохгүйг бас анхааруулжээ. Тэдний нэрийг тун удахгүй зарлах ажээ. Одоогоор хоригт ОХУ-ын зөвхөн албаны хүмүүсийн нэрс багтаад байгаа хэдий ч цаашдаа Кремлийн эрх баригчидтай ойр дотно шадарладаг бизнесменүүдэд ч хориг тавих болно гэжээ.

Тэдгээрээс гадна хуулийн 14 компанийг хоригт багтаахаар болсон агаад тэдгээрийн ес нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр, бусад нь Герман, Швейцарь зэрэг Европын орнуудын газар нутагт байрладаг ажээ. Вашингтоны талаас сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс үзвэл хуулийн дээрх фирмүүд Алексей Навальныйг хордуулсан этгээдүүдтэй холбооотой гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Төрийн Департамент дээр гадаад бодлогын чиглэлээр хэлсэн үгэндээ “А.Навальный Оросын эрх баригчдын авлига, хээл хахуулийн үндсийг илчилсэн учраас золиос болсон. Түүнийг нэн даруй, ямар нэг болзолгүйгээр суллах ёстой” гэсэн байна. СNN- ийн мэдээлснээр Америкийн эдгээр хориг нь ОХУ-д хүний эрх, эрх чөлөөг хангах талаар “Хүчтэй дохио” өгч, бусад улс орнуудтай хамтран ажиллахын чухлыг харуулсан хэрэг болжээ.

АНУ-ын хоригтой зэрэгцэн Европын холбооноос ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов, Оросын гвардын тэргүүн Виктор Золотов, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Александр Калашников нарын зэрэг дөрвөн хүнд хориг тавьж, тус холбооны гишүүн орнуудын хилээр нэвтрэхийг хориглох, активыг нь царцаах, Европын холбооны иргэд болон байгууллагуудтай гүйлгээ хийхийг нь хязгаарлахаар болжээ. Тэдгээр хүмүүсийг Алексей Навалныйг мөрдсөн хэргээр буруутгаад байна.

А.Навальныйг дэмжигчид өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ойр дотно харилцаатай Оросын олигархи, түшмэдүүдийн эсрэг хориг тавихыг гадаадын орнууд, Европын холбоонд хандан уриалж байсан нь түрүүчээсээ ийнхүү ёсоор болж эхлэв. А.Навальныйн хамтран зүтгэгч Владимир Ашурков барууны орнуудын зүгээс хориг тавих ёстой гэх найман хүний нэрийг нийтэлсэн бөгөөд тэдний дунд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.Мурашко, тэрбумтан Р.Абрамович, А.Усманов, телевизийн хөтлөгч В.Соловьев нар багтжээ.

Ийнхүү ойрын өдрүүдэд АНУ, Европын холбооны зүгээс ОХУ-ын эсрэг хориг, хязгаарлалт, шахалтыг ар араас нь үзүүлж эхэллээ. Тэд А.Навальныйг суллах хүртэл хориг арга хэмжээг авсаар байх бололтой хэмээн судлаач, шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.114) 2021 оны 03 сарын 05

Оросууд хориг тавина.

0  |  0
zochin(124.158.120.154) 2021 оны 03 сарын 05

CHAAVAAS YU MEDDEGTEE INGEJ ELIIRCH BAIDAG BAINAA

0  |  0
иргэн (202.179.26.86) 2021 оны 03 сарын 05

Оросууд нэн яаралтай хариу Арга хэмжээ авах хэрэгтэй,

0  |  1
Top