Z үеийнхний төрийн албанд ажиллах идэвх сэргэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Энэ сарын 12-ноос 19-нийг дуустал үргэлжлэх 2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 20 аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг эхэллээ.

 

Шалгалтад  улсын хэмжээнд нийтдээ 13094 иргэн бүртгүүлсэн бөгөөд нээлтэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Төрийн албаны зөвлөлийн гишүүд, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, Төрийн албаны шалгалтын төв комиссын бүрэлдэхүүн оролцсон байна.

 

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээлтийн үеэр “Хүн ирээдүйн амьдралаа баталгаатай байлгахыг хүсэж, ирж буй цаг хугацааг илүү утга учиртай байлгахын төлөө бага наснаасаа цэцэрлэг, сургуулиар дамжин олон жил сурч бэлтгэгддэг. Хамгийн товчоор хүний амьдралыг тодорхойл гэвэл би “шалгалт” гэж хэлнэ. Эргээд харахад Та бид маш олон төрлийн шалгалтыг давж туулсан байгаа биз. Тэдгээрийн дотроос дэлхийн улс орнуудад хамгийн түгээмэл байдаг, хамгийн үнэ цэнтэй шалгалтуудын нэг нь та бүхний өнөөдөр өгөх гэж буй төрийн албаны шалгалт юм. Иймд та бүхэндээ амжилт хүсье. Түүнчлэн энэ удаагийн шалгалтад шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж, 13 мянга гаруй хүн бүртгүүлсний 52.4 хувь нь 30 хүртэлх насныхан буюу Z үеийнхэн байгаад баяртай байна” гэв.

 

 

Мөн Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар “Төрийн албаны өөрчлөлт, шинэтгэл нь төрийн захиргааны бүх шатны байгууллага зорилт, чиг үүргээ мэдлэг чадвартай хүний нөөцийн хүчээр хэрэгжүүлэх, иргэдэд чанартай төрийн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг бий болгохыг шаардаж байна.

 

 

Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн хүрээнд чадахуйн зарчимд суурилсан, шатлан дэвших тогтолцоо бүхий, улс төрөөс хараат бус, иргэн төвтэй, жендэрийн мэдрэмжтэй, тогтвортой, мэргэшсэн төрийн албыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад төлөвшүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.

 

 

Ийнхүү “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг гардан хэрэгжүүлэх шинэ үеийнхний идэвхийг сэргээсэн энэ удаагийн шалгалт ковид-19 халдварын улмаас 100 хувь цахим хэлбэрээр явагдаж байгаа нь төрийн албаны дижитал шинэчлэл, “e-mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.47.7) 2021 оны 03 сарын 12

Оркууд л сууж харагдана

1  |  0
Top