Монгол улсад Худалдааны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой угтсан өндөр бүтээлийн туг Монгол орон даяар аялж байна. Уул аяны туг Өмнөговь аймгаас Дундговь аймагт аялан ирээд байна. Аяны ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч С.Сүхбаатар ахалж төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлээд Өвөрхангай аймагт аяны тугийг шилжүүлэн өгөхөд бэлэн болжээ.
Дундговь аймагт аяны хугацаанд нийт худалдагч нарын ажил мэргэжлийн уралдааныг Говь-Угтаал, Эрдэнэдалай, Сайнцагаан суманд бүсчлэн зохион байгуулж тогооч, зөөгч бармен, худалдагч нарын сургалтыг төрөлжүүлэн хийсэн байна. Аяны туг аялсан худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газрууд өөрийн брэнд ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй болох, орчноо тохижуулах, ажилтнуудынхаа ур чадвар, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх ажлыг хийж тайлагнан дараагийнхад шилжүүлж байгаа юм.
Энэ аяны хүрээнд аймгийн тогооч нарын холбооны салбар зөвлөлөөс эрхлэн аяны ажлын хэсэгтэй хамтран тогооч нарын дунд “Брэнд хоол-2011” ур чадварын уралдаан зохион байгуулахад хориод тогооч оролцсоноос Мандалговь хотын “Үнсгэлжин” кафений тогооч Д.Алтансүхийн “Эх, үрсийн аяга хоол” нэртэй иж бүрдэл, “Наран” зоогийн газрын тогооч Ц.Байгалийн “Хачиртай шарсан банш” , Ахмадын сувилалын газрын тогооч Л.Долгоржавын “Тахианы махан ороомог” хоол шалгарлаа. Мөн “Соёмбо” зоогийн газрын тогооч Эрдэнэсүхийн “Долоон банштай шөл” бүхий иж бүрдэл, “Тэмүүжин” зоогийн газрын тогооч О.Болороогийн “Тэмүүжин” иж бүрдэл, “Аз хийморь” кафений тогооч Нандинтуяагийн “Доно” хоолыг цаашид өөрийн брэнд, нэрийн хоол болгох нь зүйтэй гэж үзлээ.
С.ПҮРЭВСҮРЭН
Сэтгэгдэл ( 0 )