АНГЕЛА МЕРКЕЛЬ ЗОДОГ ТАЙЛАХААР БОЛСОН НЬ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД СҮҮДРЭЭ ТУСГАВ
Германы “Мөнхийн Канцлер” хэмээгддэг Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо намынхан энэ гуравдугаар сарын 14-нд болсон орон нутгийн сонгуулиар хоёр ч мужид ялагдал хүлээгээд байна. Энэ нь ирэх есдүгээр сард болох Бундестагийн сонгуульд тус нам амжилт гаргах эсэхэд эргэлзээ үүсгэх байдалд хүргэж болзошгүй хэмээн шинжээчид үзэж буй. Энэхүү сонгуулийн дараа Канцлер Ангела Меркель их улс төрөөс “зодог тайлах”-аар эргэлт буцалтгүй шийдсэн билээ.
Германы тоймчид саяхан хийсэн дүгнэлтдээ мятрашгүй лидер Ангела Меркель улс төрийг бүрмөсөн орхих болсон учраас эрх баригч Христийн ардчилсан холбоо намынхан нөлөөгөө алдаж, намар болох Бундестагийн сонгуулийн үеэр амжилт нь буурч болохыг тэмдэглэсэн юм. Энэ хүчин зүйл дээр намын доторх маргаан, цар тахалтай хийх тэмцэлд туйлдсан иргэдийн цөхрөл нэрмээс болж буй.
Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд эрх баригч намынхан баруун өмнөд бүс дэх Баден-Вюртенбургт 2016 оны сонгуультай харьцуулахад гурван хувийн саналаа алдаж “ногоонтнууд”-ын ард орсон бол Рейнланд-Пфальцед дөрвөн санал алдсанаар ландтагт төдий тооны суудалгүй болжээ.
Ангела Меркелийн далбаан дор олон жил эрх барьсан Христийн ардчилсан холбоо намынхан байр сууриа алдаж буйд гурван шалтгаан бий ажээ. Нэгд, цар тахлын халдвараас хамгаалах амны хаалтын олдцоос үүдсэн маргаан, хоёрт, вакцинжуулалтын явц удаан байгаа нь коронавирусний улмаас эдийн засаг, эрүүл мэндийн хувьд ядарч туйлдсан иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа бол хамгийн ноцтой гурав дахь шалтгаан нь Ангела Меркель явж байгаатай холбоотой.
Намынхаа нэр хүндээс даруй хоёр дахин нөлөөтэй хатагтай Ангела Меркель зодог тайлахаар хатуу шийдсэн нь сая болсон сонгуулийн үр дүнд сүүдрээ тусгажээ. Дээр дурдсан Баден-Вюртенбергт 2016 оны сонгуулиар Меркелийн нөлөөгөөр эрх баригчид сонгогчдын 64 хувийг араасаа дагуулж байсан бол сая дөнгөж 45 хувийн санал авсан нь үүний нэг нотолгоо юм.
А.МЕРКЕЛИЙН ДАРАА АРМИН ЛАШЕТ КАНЦЛЕР БОЛОХ УУ
Өнөөгийн Канцлер Ангела Меркель 2018 онд намын даргын албаа өгөхдөө 2021 оны есдүгээр сар бол түүний улс төрийн тавцангаас буух хугацаа байх болно гэдгийг хатуу анхааруулсан юм.
Түүнийг улс төрөөс явсны дараа залгамжлагчаар нь Умард Рейн-Вестифален мужийн Ерөнхий сайд, хуульч, 59 настай Армин Лашетыг нэрлэх хувилбар дэвшээд буй. А.Лашетыг эрх баригч намынхан шинэ лидерээрээ тодруулаад удаагүй байгаа бөгөөд Ангела Меркель өөрөө дэмжиж нэр дэвшүүлсэн гэдгээрээ анхаарлын төвд оржээ. Харин хэтэрхий төвийг сахигч Армин Лашет Германы дараагийн Канцлер болох уу гэдэг нь хараахан тодорхой бус.
Маш болгоомжтой, нямбай, аливаа хэрэг явдлыг яаран дүгнэдэггүй Армин Лашет хэрэв Ангела Меркелийг залгамжилбал өмнөх Канцлерын бодлогыг үргэлжлүүлэх магадлалтай хэмээн үздэг. Гэвч түүнтэй өрсөлдөх олон улстөрч Германд бий.
Дэлхий дахиныг 2021 онд өөрчлөх 10 үзэгдлийн нэгээр Ангела Меркель Канцлераас буух явдал хэмээн олон улсын судалгааны байгууллагууд энэ оны эхээр нэрлэж байв. Ийнхүү “Мөнхийн Канцлер”-ын эрин төгсөж, 2005 оноос хойш засаг тэргүүлсэн дэлхийд нэртэй цөөхөн эмэгтэй улстөрчийн тоонд багтдаг А.Меркель ердөө хагас жилийн дараа сэнтийгээсээ бууж, Европын нөлөө бүхий орны нэг Германы түүхэнд цоо шинэ хуудас нээгдэх гэж байгаа нь дэлхийн улс төр, эдийн засгийн байдалд ч нөлөө үзүүлнэ хэмээн судлаачид дүгнээд байгаа билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )