NEW 76 I “Хулхи эх орончид”-ын фракцид элссэн паян

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Аливаа хүнийг ханилсан нөхрөөр нь жишихэд хол зөрдөггүй уламжлалтай. Тэгэхээр эртний уламжлалаа даган Х.Болорчулуун гишүүний журмын нөхөд болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын популист, “Хулхи эх орончид”-оор жишихээс өөр аргагүй. Түүнээс бус Х.Болорчулууны бизнес газар авахаа больсон учраас түүнийгээ өөд нь татах гэж парламентад ирсэн гэдэгтэй огт санал нийлдэггүй. Харин өөрийн гэсэн төлөвшилтэй эх оронч түшээ гэдэгтэй би санал нийлдэг байсан. Гэвч улс төрд дөрөө харшуулсан поп нөхдийг нь харахаар санал нийлэх аргагүй болчихсон. Нуулгүй хэлэхэд байнга үндэсний эрх ашгийг хөндөж өөрийнхөө нэр хүндийг өсгөж явдаг С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарыг харахаар дургүй хүрдэг. Учир мэдэх олон ч хүний дургүй хүрдэг байх. Үүн лүгээ адил түүнд ч дургүй хүрнэ. “Найзаар маань намайг таньдаг учиртай” гэсэн сайхан дуу ч бий.

Тэрбээр парламентад орж ирсэн даруйд л поп нөхдийг налах болсон. Арга ч үгүй. Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан түүнд МАН мандат өгөөгүй учраас бие даан парламентад ирсэн учраас бяцхан хонзогнол байсан биз ээ. Тухайн үед буюу 2012 онд МАН-аас мандатгүй үлдсэн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгаас, жагсаал цуглаанаас өндийсөн С.Ганбаатар Дархан-Уул аймгаас тус тус бие даан парламентад орж ирсэн цаг хугацаа таардаг юм. Тэд парламентад орж ирсэн даруйд “Бие даагчдын зөвлөл” байгуулаад авав. Нөхдүүд цаанаа улс төрийн замаа засаад байсан болохоос биш бас л нэгэн өвөрмөц дуу хоолой байсныг үгүйсгэхгүй. Зөв ч буруу ч өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж байдаг УИХ-ын гурвал, сонин өнгө байв. Хошигнож хэлэхэд хамтлаг ч юм шиг гурван нөхөр хэвлэл мэдээллийн индэр дээр олон ч “тоглолт” босгосон доо. Поп маягийн “тоглолт” үзэгч сонсогч олонтойг ч хэлэх үү, тайзан дээр гарсан даруйд л од болцгоосон.

Тэр цагт Төрийн түшээ гэхээсээ илүүтэй улс төрд анхлан санаархаж буй хууль дүрэм мэддэггүй бацаанууд шиг аашилдаг байсныг бид мэднэ. Тоглолтоос тоглолт хүртэл туршлага сууж байсан ч ихэнхдээ популист нэр зүүж хоцрох нь элбэг. Нэр хүндээ өсгөх гэсэн үйл явдлынхаа ар талд эх орон, газар шороо үнэртүүлэхийг ихэд хичээнэ. Үнэн хэрэгтээ өмгөөлөөд байдаг Ноён уул, Халх гол гээд олон бүс нутагт тэдний сонирхол байгаа тухай мэдээлэл байдаг ч би өөрөө баримтаар дэлгэчихсэнийг хараагүй болохоор хардаад л өнгөрсөн. Ямартай ч түүний хамтрагчид бол популизмдаа идэгдээд дуусаж байгаа “Хулхи эх орончид” гэдэгтэй олон хүн санал нийлнэ. С.Ганбаатар өнөөдөр бүр сонгодог түвшинд хөгжсөн “Хулхи эх оронч” гэдгээ харуулж байна.

Х.Болорчулуун Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 2000-2008 онд хоёр удаа бие даан нэр дэвшин сонгогдсон нь эртнээсээ л МАН-д жийгдэж ирснийг харуулна. Гэхдээ 2008-2012 онд МАН-ын нэр дээрээс ИТХ-д иргэдээ төлөөлсөн. Тодруулбал, 2000 оноос хойш УИХ-д суутлаа аймгийнхаа иргэдийг төлөөлсөн. Эндээс харвал хар багаасаа биш юм гэхэд идэр залуугаасаа бие даасан догь нөхөр гэдгийг төвөггүйхэн харж болно. Багаасаа бие даахаас ч өөр аргагүй амьдралын зам бартааг туулж өнөөдөрт ирсэн гэдгийг өөрөө ч нэгэн ярилцлагадаа дурссан байна лээ. Уг нь бол тэр МАН-ын угшилтай бөгөөд 2012 оны сонгуульд уугуул МАН-аас мандат авах гэсэн боловч тухайн үеийн дарга С.Батболд, генсек У.Хүрэлсүх нар түүнд итгэл үзүүлээгүй, Д.Одбаяр, Н.Номтойбаяр нарт мандат олгосон. Д.Одбаяр Х.Болорчулууны өмнүүр гүйж, аймгийн Засаг дарга байсан Ц.Жанлавтай хавсарчихсан юм гэсэн, хэн мэдлээ. Дорнодод хамт өрсөлдсөн Н.Номтойбаяр нь арай гэж УИХ-ын босго давж, Д.Одбаяр нь ёстой л тоосон дунд сураг тасарсан. Харин Х.Болорчулуун нь илт давуу буюу 4000 саналаар хол давсан гэхээр Засаг дарга, УИХ-ын гишүүн байсан Д.Одбаяраасаа илүү нэр хүндтэй байсныг давхар гэрчилнэ.

Дорнодын төвийн унаган хүү тэрээр нутагтаа арван жилийн сургууль төгсч, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр социалист нийгмийн үед буюу 1987 онд төгсөж, ажил хөдөлмөрийн гараа нь Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтнээр эхэлсэн. Үүнээс харвал яах аргагүй улс төрийн суурьтай нэгэн. Ийнхүү 1987 оноос зах зээлийн нийгэмд хөл тавих хүртэл тэр аймгийнхаа захиргаанд ажиллаад аймгийнхаа Булган сумын “Туг” нэгдэлд аграномичоор ажиллаж байгаад нэгдэл задрах 1992 онд Аж ахуй байгуулан гарсан юм билээ. Энэ бол цагийн салхийг даган бизнест хөл тавьсан хэрэг байх. ААН байгуулан гарсан цаг дор тэрээр 10 га газарт төмс тарьдаг байж байгаад 50 га-д тариалдаг болтлоо өргөжүүлж, нутгийнхаа хөрс шорооноос үржил шим хүртэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, төрж өссөн нутаг нь унаган хүүдээ үржил шимээ харамгүй хайрлажээ гэж ойлгож болно.

Аажмаар барилгын салбарт орсон гээд догь эр. Түүнийг барилгын салбарт хүч үзэж байх үед буюу 2011 онд барьсан барилгын чанарын тал дээр ч бас шуугиан дэгдээгээд авсан. “Х.Болорчулууны Болно ш дээ хороолол” гэх зэргээр сөрөг мэдээлэл олонтаа гарч байсан. Харин энэ нь ирэх 2012 онд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоог орон нутагт Х.Болорчулуун тэргүүлсэн учраас өрсөлдөгчдийн зүгээс шидсэн чулуу байсан ч байж болно. Ер нь бизнесийн салбар бол алдаа онооны торгон ирэн дээгүүр эн тэнцүүлэн явж байж, сая амжилт олдог эмзэг талбар. Анх арван га-д төмс тариалж байсан агрономич залуу өнөөдөр 6000 га газартай, жилдээ 3000 орчимд нь тариалалт эрхэлж байна гэхээр ийн хэлэхээс аргагүй. Халх голын ай сав нутгийн үржил шимт газар түүнд харамгүй ашиг тусаа өгч байсан учраас тэр улс төрийн талбарт гарын ая даах бэлтэй болсон хэрэг. Өдгөө харин үүнийг улс төр, эрх мэдлээр арвижуулж байгаа тухай мэдээлэл бий. Тухайлбал, журмын нөхөр Ц.Даваасүрэнг сайдаар ажиллаж байхад чамгүй өртөг бүхий тендерүүд Х.Болорчулууны зүгт гарсан гэх мэдээллийг хэвлэлүүд удаа дараа өгч байсан. Хэлж ярьсан бүхэнд итгэх албагүй ч “Олны үг ортой” гэсэн үг бий.

Нэгэн зүйл сөхөхөд УИХ-аас 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоол батлан гаргасан гэдгийг уншигч та мэднэ. Үүнээс үүдсэн маргаан нэг хэсэг оволзов. Энэ үеэр тус нутгаас сонгогдсон Төрийн түшээгийн хувьд Х.Болорчулуун анхаарч ажилласан. Үүнийг цуцлуулах тал дээр ч тогтоолын төсөл үйлдсэн. Энэ үеэр "Х.Болорчулуун өөрөө Дорнодод олон мянган га газартай учраас бизнесээ алдахаас айж байна" гэж байхад нөгөө талаас өөрөө авах гэж байсан газар учраас нутгийн иргэдийн нэрийг барьж тэмцэл хийж байна гэх зэргээр нэлээд шуугиан дэгдээсэн. Ямартаа ч тэр 2016 оны сонгуулиар нутагтаа хэлэх үгтэй очсоны нэг нь “Халх гол” төслийн эсрэг тэмцэл байв. Тиймдээ ч төвөггүй ялалт байгуулсан.

Саяхан даа, С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцлуулах ээлжит шоугаа зохион байгуулж талбай дээр өлсгөлөн зарлав даа. Үнэн хэрэгтээ тэр Ерөнхийлөгчийн сонгууль угтсан пиараа хийж байснаас өөр зүйлгүй. Гэтэл шоу зохион байгуулагчаа Ц.Даваасүрэнтэйгээ эргэж тойрч яваагаас харахад “Хулхи эх орончид” фракцийн эв санаа улам бүр бэхэжсэнийг харуулна. Ийм бүлэглэлийг сонгогч олон цаашид дэмжээд байвал юу болох билээ. Энэ бүлэглэлд гишүүн нэмэгдвэл бүр ч аюултай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.32) 2021 оны 03 сарын 25

ЖДҮ чин,хулхи эх орончыг шалгавал нэлээд. Юч гарах байх даа

0  |  0
Зочин(64.119.22.79) 2021 оны 03 сарын 22

Болорчулуун гэж идэж ууж хор наируулахдаа дорнодоор нэрд гарсан хулхи дүү нь гэж нэг конткорбандчин худалаа зурагтаар сүр үзүүлдэг чацга цараидаа манаи дорнодчууд мэднээ

0  |  0
Zochin(203.91.117.8) 2021 оны 03 сарын 22

Hol ochij huts chi metiin urwagchdaas bolj mongol uls odoo ayulgvi baidlaa.bvh talaaraa ALDCHAAD bn gai min

0  |  0
Top