Б.Баатархүү: Нас барсан эмэгтэйн нөхрийг саатуулсан

2021 оны 03 сарын 19

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дахь "Элизабет" хотхоны 15 давхраас өнөөдөр (2021.03.19) 12:30 цагийн үед эмэгтэй хүн үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дөнгөж сая мэдээлэл хийлээ.


Тэрээр "Амь хохирогч тус байранд оршин суудаг, 39 настай С гэгч байсан. Амь хохирогч нь гэр бүлийн хүнтэйгээ маргаантай байсан гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулаад түүний нөхөр болох 39 настай Б-г уг хэрэгт холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хөл хорио тогтоосон тус хороонд жагсаал цуглаан, хууль бус үйл ажиллагаа явагдаж байна. Янз бүрийн байдлаар асуудлыг улстөржүүлэн, хэргийн бодит үнэнээс өөр мэдээллүүд олон нийтэд цацаж байна. Иргэд олон нийт, сэтгүүлчдээс хүсэхэд талийгаачийн ар гэрийг хүндэтгэн, хэргийн талаар худал ташаа, эцэслэн нотлогдоогүй мэдээлэл гаргахгүй байхыг хүсье. Цагдаагийн байгууллага холбогдох хуулийнхаа дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ" гэв. 

Мөн энэ сарын 16-ны орой тусгаарлах байранд байсан иргэн цонхоор унаж нас барсан гэх хэргийн талаар тэрээр "Хэргийн газрын үзлэгээр цонхноосоо даавуу унжуулж боосон байдалтай байсан. Гуравдугаар сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар хотын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж, тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд нь ийм харамсалтай хэрэг гарсан байна. Дүүргийн цагдаагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Одоогоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, мэдээллүүдийн ярих нь хуулиар хориотой. Шаардлагатай гэж үзвэл бид прокуророос зөвшөөрөл авч байж мэдээллийг өгдөг журамтай" гэх тайлбар өглөө.

Түүнчлэн "Хөл хорио тогтоосон 26-р хорооны тухайд БЗД дэх цагдаагийн газраас хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байгаа. Улаанбаатар хотын цагдаагийн бие бүрэлдэхүүний 50 орчим хувь нь гудамж талбай, олон нийтийн газарт эргүүл, шөнийн эргүүлийн үүргэг гүйцэтгэн ажиллаж байна. Улсын онцгой комисс болон Засгийн газраас иргэд олон нийтэд нэг зүйлийг уриалж байгаа. Цар тахлын аюулын түвшин улбар шар болчихлоо. Халдвар хумигдаагүй, нэмэгдэх хандлагатай байна. Иргэд маань өөрсдөө хариуцлагатай байгаач ээ. Иргэд, олон нийт бидэнд иргэнийхээ хувьд өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх, амны хаалтаа зүүх, гараа ариутгах, онц шаардлагагүй болон олон нийт цугласан газраар явахгүй байх гэсэн ойлгомжтой зүйлсийг байнга сануулж байгаа. Цар тахлын үед олноороо цуглаж, жагсаал цуглаан хийх нь маш эрсдэлтэй. Тиймээс онцгой үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлыг хүндэтгэж, цар тахлыг хамтдаа даван туулъя. Цагдаагийн байгууллагын зүгээс хууль, журмаа мөрдөхийг нийт иргэддээ уриалж байна" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэн(66.181.180.212) 2021 оны 03 сарын 20

Их л хэцүү байждээ Эх хүн хүүхдүүдээ орхиод нүдэн дээр нь үхнэ гэдэг хэцүүеэ

0  |  1
Зочин(103.10.23.129) 2021 оны 03 сарын 20

Халдвар тусаж биш зүгээрл өөрийгөө алаад бна

1  |  1
Top