Иргэдийн гомдлын дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуухнуудын үйл ажиллагааг шалгалаа

2021 оны 03 сарын 23

 

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа 100 кВт-аас дээш хүчин чадалтай 197 усан халаалтын зуух байдаг бөгөөд эдгээр зарим зуухнуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирсэн санал гомдлын дагуу өнөөдөр /2021 оны 03 дугаар сарын 23/ Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 2 дугаар гудамжинд байрлах “Ванхүү” усан халаалтын зуухны байгууламж дээр очиж тус байгууллагын инженер, техникийн ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтын хүрээнд Монгол Улсын шадар сайдын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Уурын болон усан халаалтын зуухыг дэвшилтэт технологид шилжүүлэх тухай” 123 дугаар тушаалыг танилцуулж, бэлтгэл ажлыг хангах талаар мэдээлэл өгсөн бөгөөд цаашид иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг хангахуйц байдлаар хийн түлш, цахилгаан болон төвлөрсөн дулаан хангамжид холбох зэрэг байгаль орчинд ээлтэй технологийн шийдлээр халаалтын системээ шийдвэрлэх талаар хамтарсан зөвлөмж өгч ажиллаа. Халаалтын зуухны эх үүсвэрийг солиход эдийн засаг, цаг хугацаа шаардлагатай байдаг тул мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж  зөвлөн туслах хэлбэрээр хамтарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top